Баригдсан нөхөд буруугүйг С.Баатаржав дарга хэрхэн мэдэв


 

Баригдсан нөхөд буруугүйг С.Баатаржав дарга хэрхэн мэдэв

 

Хятадын 800 орчим иргэнийг цагдаагийн байгууллага саатуулан шалгаж эхэлсэн бөгөөд Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлын талаар мэдээлэл сонсов. "Амар", "Кентавр", "Юнион", "Ориентал" зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан дээрх хятадууд хамгийн сүүлийн үеийн компьютер, гар утас ашиглаж байсан нь үйлдэл дээрээ тогтоогдсон.

Эрүүгийн цагдаагийн газрын эх сурвалжийн хэлж байгаагаар хятад иргэд цахим луйвар хийдэг байж болзошгүй гэнэ. Тиймээс үүрэн телефоны 4 оператор компанийг энэ хэрэгт холбон шалгаж эхэлсэн байна. Гэхдээ баривчилгаанд хэд хэдэн сэжигтэй зүйл бий.

Олон тооны өндөр үзүүлэлттэй компьютер, гар утсаар хэн хангав

Баригдагсад өөрсдөө ийм олноор нь оруулж ирээгүй нь лавтай. 1000 орчим компьютер ашиглаж, 10000 гаруй сим хэрэглэж, үүрэн телефоны 4 оператор компанийн сүлжээтэй ажиллах тийм хялбар зүйл биш. Хэн нэг эрх мэдэлтний дэмжлэггүй бол бүтэшгүй мөрөөдөл. Нэр бүхий дөрвөн зочид буудалд олноороо байрлаж, ийм ажиллагаа хийх нь олны анхаарлын төвд өртөхөөс гарцаагүй. Гэтэл тэд тодорхой хугацаанд бүгж чадсан нь зочид буудлын эзэд учир шалтгааныг мэдэж байснаас зайлахгүй.

Дээрх зочид буудлуудын нэг болох "Ориентал” гэхэд л өнгөрөгч зунаас эхлэн дотоод засвартай хэмээн хэнийг ч ойртуулахгүй байсан хэрнээ дотор нь үйлчлэгч, зөөгчид нь хэвийн ажилласаар байгаа нь цонхоороо харагддаг байсан гэдгийг ойр орчмын оршин суугчдаас нь хэлж байна.

Зочид буудлын эздийг нэн тэргүүнд саатуулан шалгах нь зөв гэдгийг нөхцөл байдал харуулаад байна. Сүүлийн үеийн үзүүлэлттэй тэр олон компьютер, гар утсыг олноор нь Монгол Улсын хилээр оруулж ирсэн бүртгэл байж л таарах. Тэгэхээр хил, гаалийн мэргэжилтнүүд эл хэрэгт холбоотой болов уу. Шаахайтнуудыг ажиллах тоног төхөөрөмжөөр бүрэн хангах ажиллагаанд хил, гаалийн ажилтнууд хэний даалгавраар оролцов гээд хөөвөл хичнээн ч нөхөр холбогдож мэдэхээр.

Хамгийн чанартай, орчин үеийн өндөр үзүүлэлттэй электрон бараа, компьютер, гар утасны худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгж ч гарын таван хуруунд тоологдом цөөн. Яг л үүрэн телефоны эзэд шиг.  

Гадаадын иргэдийг самнасан шалгалтын хаагуур нь үлдээв

Хятад иргэд олноороо ийм үйл ажиллагаа эрхэлж байхад Гадаадын иргэн харьяатын газар юу хийж байв. Эл байгууллагын дарга Д.Мөрөн цагдаагийн байгууллагад насаараа ажилласан нэгэн. Товчхондоо, үнэрч нохой шиг нэгэн гэдгийг нь нялхсаас бусад нь хэлэх биз. Гэтэл тэр энэ бүхнийг мэдээгүй байх гэж үү. Ямартай ч энэ үйл явдалд Д.Мөрөн дарга ямар нэг сэжмээр холбоотой харагдаад байна. Ийм ноцтой явдлын ард түүнд Гадаадын иргэн харьяатын албыг удирдах эрх, ёс зүй байхгүй санагдана. Өнөөдөр ямар ч хэргийн ул мөрийг баллуурдаад сууж буйг үгүй гэхгүй...

Тус байгууллагын ээлжит шалгалт болж, орон даяар гадаад иргэдийг "самнасан” тухайгаа тэрбээр саяхан мэдээлж байсан. Улмаар 22 улсын 372 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа хэмээн тодорч байсан түүний хаагуур олон иргэн зөрчихөв. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 245, визийн хугацаа хэтрүүлсэн 66, тус улсын шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан 30, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч тус улсаас гарч явахаас зайлсхийсэн 19, бусад үндэслэлээр 12 иргэнийг албадан гаргасан Д.Мөрөн та эл ширүүн шалгалтынхаа хаагуур нь тэднийг үлдээв. Ийм олон асуултын тэмдэг байхад Д.Мөрөн гэгч хүн илрээд буй асуудлын учир шалтгаан, холбогдох эздийг тодортол Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн байгууллагын хаалгаар хамраа ч цухуйлгах эрхгүй байлтай.

Баригдсан нөхөд буруугүйг С.Баатаржав дарга хэрхэн мэдэв

Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав саатуулагдсан иргэдийг албадан гаргана гэдгээ бодож санах юмгүй хэлж байна. Тэд гэмт хэрэг хийсэн гэх нотолгоо байхгүй гэдгийг ч тодотгохоо мартсангүй. Тэрбээр тэдгээр иргэн PUBG-дэж байсан гэж л арай хэлсэнгүй.

Олноороо зочид буудалд байрлаж, сүүлийн үеийн техникээр хангагдсан тэд хэрэг хийгээгүй тул албадан гаргах нь зүйд нийцнэ хэмээн камерын өмнө түгдчих ЦЕГ-ын удирдлагын хариулт хэтэрхий гоомой юу. Уг нь "Хэргийг шалгаж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийг нягталж, шалгасны дараа хэрхэхээ шийднэ” зэргээр хэвлэлийн албаныхан шигээ бөөрөнхийлөх нь зөв байсан байх. Гэвч тэр саатуулагдсан нөхдийн гэм буруутай үгүйг хэдийнэ өөрөө тогтоож, юу юугүй нутаг буцаан, асуудлыг дарах гэсэн мэт яаран сандран мэдээлэл хийсэн нь асуулт дагуулж байна. Баривчилгаа дөнгөж эхэлж байхад баригдсан иргэд буруугүй гэдгийг С.Баатаржав дарга яаж мэдэж байгаа юм бол. Бүгд өндөр үзүүлэлт бүхий компьютер, өч төчнөөн утас эзэмшиж байсан тэд адаглаад л цахим гэмт хэрэгтнүүд биш үү...

Дуулианыг шуугианаар дарах вий

Аливаа дуулиан нөгөө шуугианыг намдааж байдаг номтой. Энэ ч аргаар улстөрчид ажилладаг болоод удаж байна. Олон нийтийг дуулиант асуудал руу чиглүүлж, ар хударгаар нь өөр ажил амжуулдаг. Тухайлбал, 800 орчим хятадын шуугиан "Ачит Ихт”-ийн хэргийг замхруулж мэдэх юм.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Тамгын газрынх нь дарга асан П.Цагаан нарын буянаар мэндэлсэн эл компанийг АТГ-аас шалгаж байгаа. "Эрдэнэт үйлдвэр”-ийг мөлжиж, шулж өндийсөн "Ачит Ихт” компанийн эзэд өдгөө хэрхэн хөлжсөн түүх олны анхаарлын төвд орсон байгаа. Хичнээн ч хүнийг чирж мэдэх эл дуулиан өндрөө авахтай зэрэгцэн хятад иргэдийн шуугиан дэгдсэн нь тохиолдлын явдал л байгаасай.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.