БНХАУ-ын 800 орчим иргэн Монгол Улсын нийслэлд нэг дор төвлөрч, цахим гэмт хэрэг өдүүлж байсан гэх дуулиан үргэлжилсээр байна. Улаанбаатар хотын томоохонд тооцогддог зочид буудлуудаас хятад иргэдийг баривчлахад өндөр хүчин чадалтай 1,000 орчим компьютер, 10,000 орчим сим карт, гар утас хэрэглэж байсан байдаг.
Гадаадын иргэд нэг дор ийм олноор суурьшиж юу хийж байсан бэ гэх том асуултаас гадна тэдгээр иргэд манай улсын үүрэн холбооны оператор компанийн 10,000 сим картыг яаж авсан нь анхаарал татаж байгаа юм.
Бид үүрэн телефоны компаниуд дугаараа хэрхэн худалддаг талаар сурвалжиллаа.
2016 ОНД 650,000 ДУГААР БҮРТГЭЛГҮЙ БАЙЖЭЭ
Манай улсад үүрэн холбооны дөрвөн компани үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр бол “Мобиком”, “Юнител”, “Скайтел”, “Жи-Мобайл”. Үүрэн холбооны оператор компаниуд бүгд онлайнаар дугаар захиалах үйлчилгээтэй.
“Мобиком” гэхэд урьдчилсан төлбөрт дугаар 3,500 төгрөг. 1,000 нэгж дагалдах урамшуулалтай гэнэ. Дата дагалддаггүй. Харин “Скайтел" компанийн урьдчилсан төлбөрт дугаарыг 2,000 төгрөгөөр худалдаж авч болно. 60 хоногийн эрхтэй. 2020 он дуустал cap бүр 10 гигаватт дата бэлгэнд авах юм байна. “Юнител” гэхэд интернэтээр төлбөрөө төлөөд сим картаа үнэгүй хүргүүлэх боломжтой гэнэ.
“Жи-мобайл"-ын дугаарыг 5,000 төгрөгөөр худалдаалж байна. Харин дата ашигладаг дугаар нь 20,000 төгрөг гэж байна. Дугаар захиалаад худалдаж авахад бүгдээрээ овог, нэр, регистрийн дугаар шаардаж байна. Энэ нь шинээр хэрэгжиж эхэлсэн Харилцаа холбооны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой.
Тус хуулийн өөрчлөлтөөр дугаар худалдаж авахад дээрх мэдээллийг заавал авахыг хуульчилсан юм. Түүнээс өмнө хувийн мэдээллийг лавладаггүй байснаас бүртгэлгүй дугаар зах зээлд олон мянгаар гарах нөхцөл нэгэнт бий болчихсон байсан юм. Албаныхны мэдээллээр 2016 оноос өмнө зах зээлд бүртгэлгүй 650,000 дугаар байсан гэдэг. Харин хууль хэрэгжиж эхэлснээр дугааруудыг бүртгэлжүүлж, бүртгэлгүй дугаар эрс буурсан гэж байгаа юм.
Гэхдээ оператор компаниудын цахим хуудсаар дугаар захиалахдаа овог, нэр, регистрийн дугаараа зохиогоод хийчихэд шууд л дугаар захиалагдаж байлаа. Нэмээд хэдийг ч захиалж болохоор аж. Хуурамч мэдээлэл оруулаад мөнгө төлчихсөн байхад дугаараа очоод авчих боломжтой гэж харагдахаар байв.
1,000-ЫН ДУГААРУУД БҮРТГЭЛГҮЙ, НЭГ ХЭРЭГЛЭГЧ ХЭДЭН Ч ДУГААРТАЙ БАЙХ НӨХЦӨЛИЙГ ХАНГАЖ БАЙНА
Үүний дараа нэг хэрэглэгч олон дугаар авч болох талаар судаллаа. “Юнител” компанийн агент дээр явж очив. “Шинэ дугаар 5,000 төгрөг. Салбар дээрээс очиж авбал 3,000 болно. Хэд, хэдэн дугаар авч болно” гэж байна. Харин “Мобиком”-ын хувьд нэг хэрэглэгч хамгийн дээд тал нь таван дугаар авч болдог гэж байв.
Оператор компаниуд байсхийгээд л “Дугаар аваарай, ийм тийм урамшуулалтай, дата эрхтэй” гэсэн мессежийг хэрэглэгчид рүү илгээдэг.
Гудамж талбайд ч ширээ засан сууцгааж дугаар бөөндөж зарах тохиолдол хаа сайгүй бий, Бичиг баримт үзүүлэх шаардлагагүй, хэн дуртай нь хэдэн ч дугаар авч болдог том боломж энд бий. Монтел, Теди төвийн гадна гар утас худалдаалдаг наймаачид түүнийг “1,000-ын дугаар” гэж нэрлэдэг юм байна. “1,000-ын дугаар дээрээс очоод хэдийг ч авчихаж болно.
Нарантуул захын “Мангасын ам”-ны хажууд байнга сууж байдаг” гэх нэгэн байв. Түүнээс гадна цахим сүлжээнд дугаар зарах хар мянган зах харагддаг. Тэр бүхний ард бүртгэлгүй дугаарууд байдаг, нэг хүн нэр дээрээ хэдэн ч дугаар авч болдгийг, нэг ёсондоо дугаарын наймаа зах. хязгааргүй болсныг харуулж байгаа явдал.
Эцэст нь гадны томоохон цахим гэмт хэргийн бүлэглэлийн өгөөш болж, дугаарын зах замбараагүй наймаа задрав бололтой.
“БИЧИГ БАРИМТТАЙГАА ИРВЭЛ 100 ДУГААР ӨГЧ БОЛНО”
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл хураагдсан 10,000 дугаар нэг оператор компанийнх байсан гэж мэдээлж эхэлсэн. Тодруулбал, “Жи-Мобайл” компанийн дугаар байсан гэх. “Жи-Мобайл” компанийн хувьд үндэсний оператор компани гэдгээрээ онцлогтой.
Манай сурвалжлах баг тус компани дээр явж очив. Тус компани “Жуулчин” гэх дугаар гаргажээ. Байгууллагын ажилтнууддаа дугаар авч өгөх нэрийдлээр хэрэглэгч нэг дор олон дугаар авч болох эсэхийг тодруулахад “Байгууллага хариуцсан салбар гэж байдаг. Тэнд очин гэрээ хийгээд авах боломжтой” хэмээн нэгэн дугаараар холбогдохыг хүсэв. Тус дугаар руу залгаж үзлээ.
-Нэг хэрэглэгч нэр дээрээ хэдэн дугаар авч болох вэ?
-Урьдчилсан төлбөрт дугаар бол нэр регистрээ бүртгүүлээд 100 орчмыг авч болно.
-Илүү олон дугаар авах боломж байна уу. Хаана хандаж болох вэ?
-Хувь хүнд 100-гаас илүүг гаргаж өгөх боломжгүй. Харин компани аж ахуйн нэгжтэй байгууллагатай гэрээ байгуулаад хэдэн ч дугаар гаргаж өгч болно. Хязгаар байхгүй. Гэрээ байгуулаад холбогдох бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд надтай холбогдоод авахад нээлттэй. Харин дараа төлбөрт дугаар таваас илүүг нэг хүнд олгох боломжгүй..... гэж байлаа.
Хэрэв компани холбогдох бичиг баримтаа бүрдүүлсэн тохиолдолд хэдэн ч мянган дугаар гаргаж авахад нээлттэй нь эндээс харагдаж байна. 99, 88, 98-тай дугаарууд ховор болсон нь үүнтэй ч холбоотой байж болох.
Д.СЭРЭЭДОРЖ: ТЭР ОЛОН ДУГААР ЯМАР Ч БҮРТГЭЛГҮЙ ГАРСАН БАЙХ ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ
Монгол Улсын хууль сахиулах, харилцаа холбоо гээд олон салбарт том дохио болж онцгой нөхцөл байдал үүсгэсэн эл хэрэгт албаны хүмүүс ямар тайлбар өгөх нь сонирхолтой. Ялангуяа 10,000 сим нэгхэн сарын дотор худалдаалагдаж, хууль зөрчигчдийн хэрэгсэл болсон асуудалд Харилцаа холбооны зохицуулах хороо ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
Түүнчлэн нэг хэрэглэгч хэдэн дугаар эзэмшдэг, түүнийг яаж хянадаг, гадаадын иргэд яаж дугаар авдаг, үүрэн телефоны компани нэг дор олон мянган дугаар худалдаалах боломжтой эсэх гээд цаг үеийн асуудлаар Харилцаа холбооны зохицуулах хорооны дэд дарга Д.Сэрээдоржтой ярилцлаа.
-Манайд үүрэн телефоны операторуудад хэд орчим хэрэглэгч бүртгэлтэй байна вэ?
-Монголд өнөөдөр 38 мянган км шилэн кабель байдаг. Үүнд суурилаад суурин болон үүрэн операторууд интернетийн болон ярианы үйлчилгээнүүд явуулж байна. Өнөөдөр манайд 4 сая хоёр зуун мянган үүрэн хэрэглэгч байна.
Үүний 3.6 сая хэрэглэгч интернетэд холбогддог. Энэ бол 2019 оны эхний хагас жилийн байдлаар авсан тоон үзүүлэлт. Үүрэн телефонууд дээр дөрөв дэх үеийн хөгжил 4G технологи ашиглагдаад явж байна. Нэг сая хэрэглэгчтэй байгаа.
-Бүх дугаарууд бүртгэлтэй болсон уу?
-Сүүлд УИХ-аас “Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчийг заавал регистрийн дугаараар бүртгэж дугаар олгоно” гэсэн заалтыг үйлчилгээ эрхлэгчийн үүрэг болгож өгсөн. Олон улсад бүх дугаарыг бүртгэлжүүлэх гэсэн шаардлага тавигдаж байгаа. Энэ шаардлагыг Монголд хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. 2016 онд 650 мянган хэрэглэгчийн дугаар бүртгэлгүй байсан.
Харин өнөөдөр 4,000 орчим хэрэглэгчийн бүртгэл тодорхойгүй байгаа. Суурин болон үүрэн операторуудаас бид бүртгэлжүүлэхийг шахаж ажиллаж байгаа. Олон улсын байгууллагуудаас тавьж буй шаардлагын дагуу бид хүүхдийг цахим орчинд хамгаалах, терроризмтой тэмцэх чиглэлээр бүх дугаарыг бүртгэлжүүлээд ажлыг хийгээд дуусаж байна. Энэ он дуусахад бүртгэлгүй дугаарыг байхгүй болгохын төлөө бүх операторууд ажиллаж байна.
-Нэг хэрэглэгчийн нэр дээр хэдэн дугаар бүртгэлтэй байж болох вэ. Үүнийг хязгаарласан хуулийн заалт байна уу?
-Өнөөдөр нэг хэрэглэгч хэдэн ч операторын хэдэн ч дугаар хэрэглэж болно. Чөлөөтэй байгаа. Дугаарын хэрэглээг хязгаарлаагүй. Нэр дээрээ 100 дугаар бүртгүүлж авсан хэрэглэгч байна ч гэх асуудал тавигддаг. Бизнесийн байгууллагууд үйл ажиллагааны зориулалтаар ийм дугаарууд авдаг. Энэхүү дугааруудыг ямар албан тушаалтан ашигладаг болохыг бид нар бүртгэлжүүлэхээр ажиллаж байна.
-Гадаад иргэдэд дугаар ямар замаар олгодог вэ?
-Дугаар бол улсын онцгой нөөц. Гадаад иргэдэд өмч болгож эзэмшүүлдэггүй. Харилцаа холбооны зохицуулах хороо операторуудад 10 мянга, 100 мянга, хамгийн ихдээ нэг сая дугаарын багцыг гэрээ хийж олгодог. Үүнийг операторууд тус бүр хэрэглэгчтэй гэрээ хийж ашиглуулдаг. Мөн жуулчдад зориулагдсан түр дугаар гэж байдаг.
-БНХАУ-ын 800 иргэн нэг дор цуглаж 10,000 орчим сим карт ашиглаж байсныг ТЕГ болон цагдаагийн алба хаагчид баривчиллаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Нэг хүн болон хэсэг бүлэг хүнд багцаар нь дугаар эзэмшүүлэх, гэрээ хийх бололцоо байхгүй. Ямар зориулалтаар, ямар үйлчилгээ авч байна гэдгийг хууль хүчний байгууллагынхан шалгаж байгаа гэж ойлгосон. Өнөөдрийн мөрдөж байгаа дүрэм журмын хүрээнд 10 мянган дугаарыг нэг сарын дотор хэрэглэгчдэд бөөнөөр нь олгох боломжгүй.
-Олгох боломж, хуулийн цоорхой байдаг болоод л ийм байдал үүсэж байна даа?
-Хууль хүчний байгууллагын хүмүүс шалгаж тодорхой болгох байх. Тэр цагт манайхаас арга хэмжээ авч ажиллана. Тэр олон дугаар ямар ч бүртгэлгүйгээр гарсан байх үндэслэл байхгүй” гэлээ.
Б.Энхзаяа
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл