АТГ-ынхан өнгөрөгч долоо хоногт "Ачит Ихт” үйлдвэрийн оффист нэгжлэг хийж, "Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолготой холбоотой гэрээ баримтыг бүгдийг нь хураан авсан гэнэ. Учир нь "Ачит Ихт” ХХК нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагааных. Тэр хууль бусаар дээрх компанийн эзэн болсон талаарх мэдээлэл өнгөрсөн хугацаанд яригдсан учир хууль, хяналтын байгууллагынхан мөрөөр нь орсон гэсэн үг.
Олон нийт П.Цагааныг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүн гэдгээр нь сайн мэдэх ч анх "Ачит Ихт”-ийг өөрийн болгох санаачилгыг нь тэр бүр сайн мэдэхгүй л болов уу. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болмогцоо олон жил хамтран зүтгэгч явсан П.Цагааныг эхлээд Эрдэс баялгийн асуудал хариуцсан ахлах зөвлөх болгосон нь цаад утгаараа Эрдэнэтийн их хөрөнгөөс түрийвчээ түнтийлгэх гэсэн санаархал байсныг тухайн үедээ тэднээс өөр хэнбугай ч гадарлаагүй гэдгийг улстөрчид одоо л ярьж хэлж байна. Тиймдээ ч тухайн үедээ улсын бас улстөрчдийн "саалийн үнээ” "Эрдэнэт үйлдвэр”-ээс ихээхэн ашиг хүртэх боломж нь нээгдсэн гэсэн үг. Мэдээж улстөрчид хулгай хийхдээ ил цагаан үйлдэхгүй. Тиймээс гаднаас нь харахад хуулийн дагуу мэт ажиллаж байж.
Тухайн үед "Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд үйлдвэрийн овоолгыг ашиглан зэс үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр барих гэрээг "Ачит Ихт” компанитай байгуулсан байдаг. Энэ компани нь П.Цагааны гэр бүлийнх. Хэдийгээр "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь Оросын талд байсан ч удирдлагууд нь хамтрагч "ах нар”-таа мэдэгдэлгүй, гэрээ хийж чаджээ.
Уг гэрээнд "Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Ч.Ганзориг, Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал З.Ганбаатар, Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх, Хөгжлийн хэлтсийн дарга Ш.Гэзэгт, Хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал болон Ачит Ихт ХХК-ийг төлөөлж В.Цамба нар гарын үсгээ зуржээ. Гэхдээ В.Цамба нь хэдхэн 7 хоног л захирлын алба хашсан бөгөөд дараа нь П.Цагааны төрсөн дүү П.Бат-Оч, дараа нь П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэг томилогдсон байх жишээний.
Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг ашиглан зэс үйлдвэрлэх тухай анх байгуулсан гэрээ Эрдэнэт үйлдвэрт тун ч ашигтай байхаар хийгдсэн байжээ. Тухайлбал, Цэвэр зэсний үйлдвэрийг барихад шаардагдах 5-6 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг "Ачит Ихт" ХХК бүрэн хариуцна. Гэрээнд талууд гарын үсгээ зурснаас хойш үйлдвэрийг 18-24 сарын дотор барьж, үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Эрдэнэт үйлдвэр өөрийнхөө овоолгыг ашиглуулж буй учраас компанийн нийт хувьцааны 34 хувийг эзэмшинэ. 66 хувийг эзэмшигч Ачит Ихт ХХК бүтээн байгуулалтыг дангаараа санхүүжүүлнэ. Хамтарсан үйлдвэр нь жилд 10.000 тн-оос доошгүй катодын зэсийг, хамгийн багадаа 20 жилийн турш үйлдвэрлэнэ. Талуудын хооронд маргаан үүсвэл Монгол Улсын хуулиар зохицуулна гэсэн байдаг.
Өдгөө "Ачит Ихт” ХХК хэрхэн байгуулагдаж, ямар ашиг олж байсан талаарх мэдээлэл хөвөрсөөр байна. Арга ч үгүй биз. Бүх ард түмний өмч байх учиртай Эрдэнэт үйлдвэрийн 65 сая тонн зэсийн хүдэр бүхий овоолгыг "Ачит Ихт” ХХК дангаараа эзэмшиж байна. Тэрхүү овоолгоос нэг жилд 13.800 тонн катодын зэс буюу нэг жилд 205.161.840.000 төгрөгийн борлуулалтын орлого олж байна. Тэгсэн хэрнээ бид байгуулагдсан цагаасаа хойш улсын болон орон нутгийн төсөвт 160 тэрбум, Эрдэнэт үйлдвэрт 10 орчим тэрбум төгрөгийн татвар төлсөн хэмээн "онгирч” байгаа нь ёс зүйтэй хүмүүс гэж хэлэхэд хэтийдэх болов уу.
Түүнчлэн дээрх асуудал өнгөрсөн жил ч Үндэсний аудитын газраас Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын үеэр олон нийтэд ил болсон ч өнөөдөр ч "Ачит Ихт” ХХК хууль бус ямар ч асуудалгүй мэт аяглан элдэв мэдэгдэл түгээсээр байгаа юм. Яг үүнтэй нь зэрэгцэн П.Цагааны зүгээс хэвлэл мэдээллийн зарим нэг хүмүүстэй холбоо тогтоож байгаа тухай мэдээлэл ч сэтгүүлчдийн дунд хөвөрч эхэлжээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын алба хашиж байсан П.Цагааны хувьд хэвлэлийнхэнтэй ойр харилцаж байсан нь үнэн. Ямартай ч тэрбээр энэ талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байсан нэр бүхий хэвлэлийг хуулийн байгууллагад өгөхөө мэдэгдэж мэдэгдэл хүртэл гаргаж байна. Тухайлбал, энэхүү мэдэгдэлд дурдсанаар бол ""Ачит Ихт” ХХК нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ямар нэгэн харилцан хамаарал байхгүй талаар өмнө нь удаа дараа мэдэгдэл хийж байсан боловч уг асуудлыг улс төрийн зорилгоор ашиглах явдал тасрахгүй байгаа тул холбогдох хууль, хүчний байгууллагад хандан шалгуулахаар боллоо" гэжээ. Хэрвээ үнэхээр тэд Ц.Элбэгдоржтой хамаагүй байсан бол яагаад Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон нэр бүхий улстөрчид тус компанийг түүнтэй холбох болов гэдэг нь асуултын тэмдэг. Ямартай ч улстөрийн хүрээнийнхий анхаарлыг татсан П.Цагааны талаарх энэхүү мэдээлэлүүдийг хууль хяналтын байгууллагынхан нэг тийш нь болгох цаг нь иржээ.
Сэтгэгдэл