“Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад хоёрдугаар байраа Францын бизнес эрхлэгч, “Louis Vuitton Moët Hennessy” группын ерөнхийлөгч Бернар Арнод алдсаныг “Forbes” сэтгүүлийн чансаа харуулжээ.
Одоо Арно 107 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөөрөө хоёрдугаарт бичигдэж байгаа бол Билл Гейтс 106.8 тэрбум ам.долларын үзүүлэлтээр түүний ард орж байна.
Дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтыг “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос урьдын адил тэргүүлсэн хэвээр байна. Түүний нийт хөрөнгийн хэмжээ 112.4 тэрбум ам.доллароор үнэлэгджээ.
Арногийн хөрөнгийн хэмжээ өнгөрөгч зургадугаар сард 100 тэрбум ам.доллар давж эхэлсэн бөгөөд тэрбээр жагсаалтын эхний гурав руу орж ирсэн байна. Сарын дараа -Bloomberg Billionaires Index"-ийн мэдээлснээр, тэрбээр Гейтсийг гүйцэж түрүүлсэн бол Гейтс долоон жилийн хугацаанд анх удаа тэрбумтны индексийн хоёрдугаар байраас доошилжээ.
Д.Жаргал
Сэтгэгдэл