Нью-Йорк хамгийн олон тэрбумтантай хот


 

Америкийн "Forbes” сэтгүүлээс гаргасан хамгийн олон тэрбумтан оршин суудаг 25 томоохон хотын жагсаалтыг Нью-Йорк хот тэргүүлжээ.

Америкийн томоохон хот болох Нью-Йоркт хөрөнгийнх нь нийт хэмжээ 364 тэрбум доллар давсан 79 тэрбумтан оршин суудаг байна. Хотын хамгийн баян оршин суугч нь 2002-2013 онд хотын дарга байсан Майкл Блүүмберг юм. 40 тэрбум доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй тэрбээр мөн бизнесийн мэдээллийн "Bloomberg” агентлагийг үүсгэн байгуулагч билээ. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөнд оролцохоос татгалзсан эцсийн шийдвэрээ дөнгөж энэ долоо хоногт мэдэгджээ.

Жагсаалтын хоёрдугаарт, Хонконг орсон байна. Тус хотод 68 тэрбумтан оршин суудаг бөгөөд тэдний нийт хөрөнгө нь 261.3 тэрбум доллароор үнэлэгджээ. Хонконгийн хамгийн баян оршин суугч нь 27.1 тэрбум доллароор хэмжигдэх хөрөнгөтэй Ли Кашин юм. Тэрбээр Азийн хамгийн нөлөө бүхий бизнес эрхлэгчдийн нэг бөгөөд янз бүрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн багц хувьцааг эзэмшдэг байна.

Тэрбумтнуудын тоогоор гуравдугаарт, ОХУ-ын нийслэл Москва хот оржээ. Москва тэрбум доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй 60 оршин суугчтай байна. Тэдний хөрөнгийн нийт хэмжээ 217 тэрбум доллароор үнэлэгджээ. Оросын нийслэл хотын хамгийн баян иргэнээр "Forbes” 14.4 тэрбум долларын хөрөнгөтэй, "Новатэк" компанийн тэргүүнийг нэрлэсэн байна.

Жагсаалтын дөрөвдүгээрт, Бээжин хот орлоо. Хятадын нийслэл хотод 51 тэрбумтан оршин суудаг бөгөөд тэдний хөрөнгийн нийт хэмжээ 150 тэрбум доллартой тэнцжээ. Бээжин хотын хамгийн баян хүн бол "Dalian Wanda” холдингийн тэргүүн гэдгээрээ Хятад даяар алдартай Ван Зяньлинь юм. Тэрбээр 28.7 тэрбум долларын хөрөнгөтэй байна.

"Forbes”-ийн жагсаалтын эхний тавд тэрбум долларын хөрөнгө эзэмшдэг 48 оршин суугчтай Лондон хот бичигджээ. Их Британийн нийслэл хотын тэрбумтнуудын хөрөнгийн нийт хэмжээ 187.7 тэрбум доллароор үнэлэгдсэн байна. Лондоны хамгийн баян оршин суугч нь ЗХУ-д төрсөн, Америкийн бизнес эрхлэгч Леонид Блаватник аж. Түүний хөрөнгө 15.2 тэрбум доллароор үнэлэгджээ.

"Forbes” сэтгүүлийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор, дэлхийд нийтдээ 1820 долларын тэрбумтан байдаг бөгөөд тэд 64 оронд оршин суудаг байна. Хамгийн олон тэрбумтантай хотуудын жагсаалтад мөн зургадугаар байраас эхлээд Мумбаи /32 тэрбумтантай/, Шанхай /31/, Сөүл /30/, Шэньчжэнь /30/, Сан-Франциско /28/, Истанбул /26/, Парис /22/, Сингапур /21/, Лос-Анжелес /20/, Тайбэй /20/, Токио /18/, Ханжоу /17/, Даллас /16/, Гуанжоу /16/, Милан /15/, Сан-Паулу /15/, Бангкок /14/, Шинэ-Дели /14/, Дубай /14/, Чикаго /13/, Женев /13/ болон Пало-Альто /13/ хот багтжээ.

Montsame.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.