Харилцагчдийн данснаас зарлага хийсэн үйлдэлдээ “Хаан банк“ уучлалт гуйх нь бүү хэл, мэдэгдэл ч гаргасангүй


Харилцагчдийн данснаас зарлага хийсэн үйлдэлдээ “Хаан банк“ уучлалт гуйх нь бүү хэл, мэдэгдэл ч гаргасангүй

 

-ХЭРЭГЛЭГЧ: НАЙДВАРГҮЙ УЧРААС ХААН БАНКНААС ТАТГАЛЗАЖ БАЙНА-

Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 23-24-нд шилжих шөнө Хаан банкны зарим хэрэглэгчдийн данснаас зарлагын гүйлгээ хийгдэж, мөнгө татагдсан хэрэг гарсан.

Энэ талаар иргэд өөрсдийн цахим хуудаст мэдээлэл бичиж, учир явдлыг тодруулж өгөхийг Хаан банкнаас шаардаж байсан юм. Тухайлбал, Aama Poem гэх хаягтай иргэн өөрийн цахим хуудастаа "Сэрүүн хүн байвал Хааныхаа дансыг шалгадаа бүхэл бүтэн 700 мянган  төгрөг ор сураггүй алга болцон байна”хэмээн бичсэн байв.

Бид түүнтэй холбогдож энэ талаар тодруулахад "Энэ сарын 24-ны шөнийн 02.00 цагт данснаас 700 мянган төгрөгийн зарлага гарсан. Ингээд буцаад 04.00 цагт 700 мянган төгрөг данс руу орсон. Айдастай л байлаа. Маш найдваргүй санагдсан учраас би Хаан банкнаас татгалзаж буйгаа мэдэгдэж байна. Хамгийн хачирхалтай нь Хаан банк уг алдаандаа уучлалт гуйх нь бүү хэл мэдэгдэл ч гаргасангүй. Би өдөр болон шөнийн цагаар Хаан банкны лавлах руу залгаж энэ талаар тодруулах гэсэн боловч утсаа аваагүй. Огт холбогдож чадсангүй. Би дахин Хаан банкаар үйлчлүүлэхгүй” гэсэн юм.

Түүнтэй адил иргэн О.С-ийн данснаас мөн 100 мянган төгрөгийн зарлага хийгдсэн байна. Данснаас зарлага гарсантай адил зарим иргэний дансанд орлого ч мөн ороод буцаад татагджээ. Иргэдийн мэдээлж буйгаар шөнө иргэдийн данснаас орлого, зарлага хийгдээд өглөө хэвийн болсон байна.

Бид энэ талаар Хаан банкнаас тодруулахаар холбогдох гэсэн боловч тэд утсаа авсангүй. Мөн Хаан банкны албан ёсны вэб хуудас болон цахим хаяг руу хандахад иргэдэд мэдэгдэлгүй хийсэн гүйлгээний талаарх мэдээлэл болон мэдэгдэл гаргаагүй байна.

Бид өнөөдөр тус банктай холбогдож алдаа чухам хаанаа гарсан талаар тодруулах болно. Энэхүү үйл явдлын дараа тус банкны харилцагчдийн хандлагыг ажиглавал Хаан банк найдваргүй бөгөөд алдаагаа хүлээн зөвшөөрч харилцагчдаасаа уучлалт гуйдаггүй хариу мэдэгдэл ч хийдэггүй, бүрдүүлэг гэх дүгнэлтийг хийж байна.

Хаан банк нь томоохон баяр ёслолын үеэр системийн алдаа гаргаж хэрэглэгчдээ хохироож байсан үйл явдал өмнө нь гарч байсан билээ. Өнгөрсөн жилийн цагаан сарын баярын өмнөхөн тус банк хэрэглэгчдээ хохироож бухимдуулсан хэрэг гарч байсан.

 
Эх сурвалж: isee.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.