Улс төр “буцалсан” таван жилд улстөрчдийн нэр хүнд хамгийн их унажээ


Улс төр “буцалсан” таван жилд улстөрчдийн нэр хүнд хамгийн их унажээ

 

  • Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, хөгжлийн шинэ шан татсан он жилүүд байв 
     

Өдгөөгөөс яг таван жилийн өмнө манай сонин анхны дугаар, эхний нүүртээ Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраа эмхлэн байгуулсан мэдээлэл нийтэлсэн нь улс төрийн үйл явдлыг баримтад тулгуурлан олон нийтэд хүргэх зорилгын эхлэл байв. Түүнээс хойш улс төрд өрнөсөн үйл явдал, улстөрчдийн зөрчилдөөний талаар олон нийтлэл, ярилцлага, сурвалжилга, тодруулга хүргэж, түүхийн шарласан хуудсыг бүтээжээ.

Таван жилээр тоймловол, Монголын улс төрд хэдэн аравнаар хэмжигдэх үйл явдлууд тохиож, эерэг, сөрөг үр дагавартай олон тохиол шилээ даран өрнөсөн сонирхолтой зураглал хөврөн үлджээ. Хэдийгээр манай сонины таван жилийн мөчлөгийн төгсгөлд тохиосон ч Үндсэн хуульд өөрчлөлтийн “салхи оруулж” чадсан улс төрийн амжилтыг эхэнд нь эрэмбэлэх нь зүйн хэрэг. Олон парламент дамжин “дуншсан” эцэг хуулийн өөрчлөлтөөр 20 гаруй жил улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хүлж, улс орны дэвшилд чөдөр болсон заалтууд, шинэ зууны хурдыг гүйцэхгүй хий эргэж байсан гацааг гаргасанд олон нийт ам сайтай байгаа. Хэдийгээр шинэ өөрчлөлт ирэх оноос хэрэгжих ч салбар бүрийн үсрэнгүй дэвшлийн шан татсан үйлдэл мөн билээ.

Үүний дараа Монгол Улс ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн сан хүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлсэн нь бас л түүхэнд тэмдэглэдэг зүйл. Валютын ханш огцом нэмэгдэж, эдийн засгийн өсөлт бууран, бизнесийн орчин хумигдаж эхэлсэн үед МАН гаднаас дэмжлэг авах гарцыг ОУВС гэж харсан нь эерэг болон сөрөг олон үр дагавар авчирсан. Тэр дундаа, донор орнуудын төсөл хөтөлбөр ОУВС-гийн “хаялга” байсан гэлтэй. Харин цалин, тэтгэвэр нэмэх боломжийг хязгаарласан нь боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсдыг улс төрийн тэмцэлд дуудах шалтгаан байв.

Түүнчлэн ОУВС-гийн шаардлагаар НДШ-ийн хувь хэмжээг нэмсэн хуулийн заалт Засгийн газарт гай тарих магадлалтайг сүүлийн үеийн эсэргүүцлүүд харуулж байна. Үүнээс гадна Монгол Улс хоёр ч удаа эдийн засгийн саарал жагсаалтад багтсан нь анти үзүүлэлт. Мөн өнгөрсөн хугацаанд УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй олонх болж, төр солигдсоноос эхлээд АН гурвантаа төрийн тэргүүний сонгуульд ялалт байгуулж, шинэ Ерөнхийлөгчийг “өлгийдсөн” зэрэг сонгуулийн дуулиан дагуулсан олон зураглал бий. Ялангуяа, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль хоёр удаагийн санал хураалтаар ялагч тодорсон гэдгээрээ түүхэнд тодоор тэмдэглэхүйц онцгой юм. Сонгогч цагаан хуудсаар сонголтоо илэрхийлж болдгийг олон нийтэд ойлгуулсан улс төрийн “хичээл” байлаа.

Сонгуулийн үр дүнд нөлөөлөх зорилгоор ил болгосон “60 тэрбум”-ын хэрэг өндөр авч, түүнийг дагасан дуулиан МАН-ын үнэмлэхүй олонхыг талцалд хүргэж, парламентын удирдлагаас М.Энхболдыг огцруулахад ташуур болсон юм. Энэ хэрэг Ц.Сандуй нарт ял оноосноор шувтарсан. Үр дүнд нь МАН-ын шинэ удир дагчаар У.Хүрэлсүх тодорч, Г.Занданшатар парламентын удирдлагыг гартаа авсан бол сонгуульд ялагдсан АН-ынхан С.Эрдэнийг намын даргаар сонгосон юм.С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн дуулиан 21 жил үргэлжилж, зарим улстөрчдийн “зууш” болсоор байгааг энд дурдах бас нэгэн өрнөл. Э.Бат-Үүлийг сэжигтнээр тооцож, Б.Булганыг яллагдагчаар татсан ч аль алиныг нь шүүх хуралд оруулаагүй нь шүүхийн практикт орох содон үйлдэл байлаа. Парламентын түүхэнд энэ удаагийн эрх баригчид нэр хүндээ хамгийн их алдаж, бараан толбо олныг үлдээжээ.

УИХ-ын гишүүд нь хүчин, садар самууны хэрэгт нэр холбогдож, нэг нь бүрэн эрхээ хасуулсан, олон гишүүн жижиг бизнесийн бага хүүтэй зээлийг булааж мөнгө хүүлсэн, концесс, тендерт нэр холбогдсон гээд дурдаад байвал далай мэт. Бас зодолдсон талцсан, харилцан шүүхэд хандсан гээд олон хар толбо энэ парламентын түүхэнд хир халдааж сонин, хэвлэлийн тэргүүн нүүрнээс салаагүй л байна.

Энэ нь олон нийтийн төрд итгэх итгэлийг сулруулсан уршигтай. Улс төрд өрнөсөн бараан үйл явдлаас гялтайх хэдэн зүйл өнгөрсөн хугацаанд тохиосны нэг нь Монгол Улс түүхэндээ анх удаа АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулж, олон орны төр засгийн тэргүүнийг Төв Азид урьж дэлхий нийтийн анхаарлыг татсан.Ирэх таван жилд сонины нүүрэнд магтуулах улстөрч, улсын хөгжлийг мандуулах манлайлагч сонгуулиар олноороо төрнө хэмээн найдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр шимийг улсаараа хүртэх өдрийг хүлээе.

Нийтлэгч: Б.Гарьд 

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.