Ли Жонг Ёлын 20 сая долларын хохирол “Их майдар” төслийг хөлдөө чирэх үү?


Цагдаа нар "Мон­голын төмөр зам” ком­панийн Ухаа худаг-Гашуун­сухайт чиглэлийн 267 км төмөр зам барих төс­лөөс мөнгө угаасан хэр­гийн мөрдөн байцаалтыг зур­гаан сар явуулсны эцэст холбогдогчдыг яллаг­­даг­чаар татаж эхлэв.
 
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, "Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг анх яллагдагчаар татаж байсан бол энэ удаа "Samsung CT” компанийн захирал Ли Жонг Ёл сэжигтнээс яллагдагч болов. Түүнийг өнгөрсөн даваа гаригт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлт­сээс дахин саатуулж, яллагдагчаар татсаныг танилцуулжээ.


 
Монголын төмөр зам­тай холбоотой хэрэг анх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дэгдэж, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, "Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, "Samsung CT” компанийн захирал Ли Жонг Ёл нарыг анх баривчилсан билээ. Тэднийг төмөр замын төслийн гүйцэтгэгчийг шалгаруулахдаа хууль зөрчсөн, мөнгө угаасан хэрэгт буруутгасан юм.
 
Үүний дараа энэ хэрэгт холбогдуулан "Монголын төмөр зам” компанийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ, "Либерти парт­нерс” компанийн захирал Ч.Ганбат нарыг ч интерполоор эрэн сурвалжилж эхэл­сэн тухай мэдээлэл хэвлэлээр түгсээр байгаа. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр Монголын төмөр зам болон "Samsung CT” компанийн хооронд хийсэн 483 сая ам.долларын гэрээнээс 134 сая ам.доллар дутагд­сан хэрэгт холбогдуулан шалгаж байгааг тухайн үед мэдээлж байв. Үүний дараа хэргийг цагдаагийн байгууллагатай хамтран АТГ-ынхан хамтран шалгах болсон. Харин сүү­лийн мэдээллээр Ли Жонг Ёл гэх солонгос эр энэ хэргийн гогцоо, болж 20 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад уч­руулсан нь мөрдөн бай­цаал­таар тогтоогдож буй аж.
 
Харин нөгөө талд төмөр замтай холбоотой хэрэгт гадны иргэнээр туг тахичихаад холбогдсон бусад албан тушаалтай хү­мүүс сугарч үлдэх вий гэ­сэн болгоомжлол олон ний­тэд байна. Албаны хү­мүү­сийн мэдээлж буй­гаар төрийн өндөр ал­бан тушаалтнуудын оролц­­сон уг хэргийн гол сэ­жигтэн нь Ли Жонг Ёл, түүний компаниар дээрх хөрөнгө угаагдсан. Уг хэ­рэгт оролцсон бусад ал­бан тушаалтан ч  хуу­лийн дагуу шалгагдаж бай­гаа гэж байна.
 
Тэгээд зог­сохгүй уг хэрэг хүрээгээ тэлж, Сайншандын аж үйлд­вэрийн цогцолбортой хол­богд­сон шуугиан ч бас өн­гөрсөн сард дэгдсэн. Хуу­лийн­хан "Түмэн хи­шиг­тэн”, "Баялгийн хувь” ком­панийн байранд өн­гөр­сөн сард нэгжлэг хий­сэн юм. Учир нь дээрх хэрэг­­тэй холбогдсон нэр бү­­хий компани, ир­гэ­дийн дансанд эх үүсвэр нь тодорхойгүй их хэм­жээ­­­ний мөнгө орж ирсэн гэ­­сэн үндэслэлийг эх сур­­вал­жууд хэлж байсан. Тэгвэл энэ удаад төмөр за­мын мөнгө угаасан хэрэг зөв­­хөн цогцолбороор зог­­сохгүй "Их майдар” тө­сөл­­­тэй ч холбогдож бол­зош­­­гүйг эх сурвалж хэлж байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.