РС-нд донтсон хүүхэд: Шөнөжин алалцаад хононо, маргааш ч харихгүй


Интернет кафе, цахим тоглоомын газар хүүхдүүдэд гэр орныг нь орлох болжээ. Үүний нэгээхэн тод жишээ бол өнгөрсөн аравдугаар сарын 28-нд ээжийнхээ ажлаас гарч явснаасаа хойш ор сураггүй 20 хоног алга болсон хүү юм. Үрдээ шаналсан эх арга ядахдаа цагдаад мэдэгдэж, эрэн сурвалжилжээ. Хэдийгээр хүү эрүүл саруул олдсон ч 20 хоног цахим тоглоомын газраар хоног төөрүүлсэн байдаг. Улаанбаатарын хаа сайгүй интернэт тоглоомын газар бий. Төвийн хорооллын орон сууцны подваль, гэр хорооллын жижигхэн байшинд ажиллах цахим тоглоомын газрууд оёдол, гутал засварын газраас ч олон.

Шөнөжин цахим тоглоом тоглуулж ашиг олдог дээрх газруудад гэрээсээ дайжсан, цахим тоглоомонд донтсон хүүхдүүд хэсэг бүлгээрээ очдог байна. Өөрөөр хэлбэл, РС буюу цахим тоглоомын газар эцэг, эх нь анхаарал хандуулдаггүй, хараа хяналт сул хүүхдүүдийн мөнгөгүй үедээ дэмий сэлгүүцэж, мөнгөтэй үедээ шөнөжин тоглож, түр орогнох байр болжээ. Мөнгө л олж байвал хэчнээн хүүхэд бие, сэтгэлээр хохирох нь хамаагүй мэт хууль бусаар үйл ажиллагаа явуулах цахим тоглоомын газрын эздэд хүн чанарын хэлтэрхий ч байхгүй бололтой. Бид шөнийн цагаар үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газраас дараах сурвалжилгыг бэлтгэлээ. 

Шар хаданд байрлах дэлгүүр, оёдол, халуун усны аль нь болохыг ялгах аргагүй, хаяг нь урагдсан нэгэн байшинд 00.20 цагт ирэв. Энэ газар шөнийн цагаар насанд хүрээгүй хүүхэд тоглуулдаг тухай мэдээлэл хэд хэдэн эх сурвалжаас бидэнд ирсэн юм.  Түгжээтэй хаалгыг нь тогшиход жижиг цонхоо нээж “Ажиллахгүй байгаа, яах гээд байгаа юм бэ” хэмээн сөөнгөдүү хоолойгоор загнав.

Хэсэг зогссоны дараа цонхоо дахин нээж “Амарч байхад яах гээд байгаа нойтон хамуунууд вэ. Хонох юм уу, яах юм” гэв. Эхлээд дургүйцсэн, ажиллахгүй байгаа мэт дүр төрх үзүүлдэг боловч оруулдаг болохыг үүнээс харж болно. Ингээд бид 06.00 цаг хүртэл тоглохоор болж,  нэг хүний 4000 төгрөг төллөө. Ариун цэврийн өрөө байхгүй тул гартлаа тэсэх ёстой, цагдаа дуудахгүй байх гэх мэт амлалт өгснөөр тус газарт нэвтрэхээр болов. Хаалгаар ороход аль нэг кинотеатрт дайн, тулааны сэдэвтэй кино үзэж буй мэт санагдана.

Том, том чихэвч зүүсэн хүүхдүүд “Хөөе, намайг авраач”, “Гөлөг өө, би үхчихлээ” гэх мэт үгсийг байдаг тэнхээгээрээ, амны уншлага мэт үглэж, орилж, хашгична. Гөлөг гэдэг үг тэдний хэлж буй хэдэн зуун хараалын үгээс хамгийн даруухан нь. Тэдний хэлж байгаа бүхэн чин сэтгэлийнх гэдэг нь нүүрний хувирал, нүдний харц, гаргаж буй үйлдлээс нь илт харагдана. Энэ өрөө 3х4 метр хэмжээтэй аж. Халаалт муутай учир хүүхдүүд гадуур хувцастайгаа сууцгаана.  Цагдаад мэдэгдэхгүй гэж хоёр давхар хөшиг өлгөсөн бөгөөд гэрлээ ч мөн унтраажээ. Нийтдээ 14 комьпютер байрлуулсан урт ширээний хоёр талаар суух хүүхдүүдийн биеийн өндөр, дуу хоолойны өнгийг ажиглахад ихэвчлэн бага ангийн сурагчид болов уу гэмээр байв. Биднээс гадна есөн хүүхэд энд тоглож, хонохоор ирсэн бөгөөд тэд IV-VI ангид сурдаг гэв. 

“БАВГАР” БҮХНИЙГ ЗОХИЦУУЛНА 

Тоглож буй хүүхдүүдийг зохион байгуулдаг VIII ангийн хүүг Бавгар хэмээн дуудна. Хүүхдүүдийг айлгахын тулд атаман нэр бодож олсон нь энэ гэнэ. Түүнээс энд ажилладаг эсэх, гэр нь хаана байдаг талаар асуухад “Бавгар гэж ч миний нэр биш л дээ. Уг нь Золоо гэдэг юм. Аав хоёр жилийн өмнө нас барсан. Тэрнээс хойш ээж дандаа архи уудаг болчихсон. Тийм болохоор гэртээ очих дургүй. Манайх ойрхон, Давсны булагт байдаг. Энд байхад гоё, шөнө өөрөө тоглочихно, бас өдөртөө хоол, цайны мөнгө өгдөг. Тийм болохоор долоо хоногийн дөрвөн өдөр хонодог” гэв.  Золоо хүү ээждээ “Сургуульд явлаа” гэж хэлдэг ч сургуульдаа очихгүй сар гаруй болжээ. Бидний шивнэлдэхийг харсан сөөнгө хоолойт эр “Бавгар п.... минь ажлаа хий. Чи битгий хүүхэд уруу татаад бай. Тоглохгүй бол гар” хэмээн зандчив. Тэр даруйд сандарсан Бавгар эхний комьпютерт  суух хүүхдийн толгой руу дэлсэж “Хөөш наадахаа зөөлхөн дараач, гар, хулгана эвдэллээ. Өмнө нь эвдсэн хулганаа төлөх гэж яаж зовсон гэдгээ мартчихаа юу” хэмээн уурлав. Түүнийг ажиглахад сөөнгө хоолойтын зан аашийг дууриаж буй мэт харагдана. 

ЗУРГАА ДАХЬ ШӨНӨӨ ХОНОЖ БУЙ ХҮҮ

02.00 цаг.  Бавгараас гадна 11 хүний хоногийн мөнгийг тооцож үзвэл 44 мянган төгрөг болно. Тэд энэ зэргийн ашиг олохын тулд шөнийн цагаар тус газрыг ажиллуулдаг бололтой. Нэрийг нь мэдэхгүй ч муухай ааш, зэврүүн харцаар нь танил болсон сөөнгө хоолойт 02.00 цагт унтаад өгөв. Түүнийг унтах хооронд хүүхдүүдээс хонож тоглох мөнгө хаанаас олдогийг тодрууллаа. Тэд хүүхэд л болсон хойно элдэв хар авалгүй, гэнэн зангаар бодит үнэнээ хэлж байв.

Мэдэрлийн ядаргаанд орсон болов уу гэмээр өрөөсөн нүдээ байнга цавчлах, шавилхан хүү “Ээж хоолны ногоонд явуулахад нь 100, 200 төгрөг унагадаг. Би их тоглодоггүй юм. Мөнгөө цуглуулж байгаад хагас сайн өдөр “Найзындаа хонолоо” гэж хэлээд энд ирдэг” гэв. Тэдний дунд өр тавьж тоглож буй хүүхдүүд ч байх юм. Энэ тухай Бавгар ярихдаа “Болдоо ингээд дараалан зургаа дахь шөнөө хонож байна. Манай ах “Маргааш түүнийг тоглуулахгүй. Ээж, аав нь эрж хайгаад сүйд болно гэсэн” гэв. “Тэгээд энэ хүүхдээс та хоёр яаж мөнгөө авах гэж байгаа юм бэ” гэж асуухад “Энэ хаа холддог юм. Гэрийг нь мэдэж байгаа юм чинь” хэмээв. 

ХҮҮХДҮҮД ТОМ ХҮНИЙ КИНО ҮЗЭЖ БАЙНА 

04.00 цаг. Нэг нэгнийгээ элдвээр хэлж, шөнөжин хашгичих хүүхдүүд цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг ч анзаардаггүй бололтой. Зарим нь “Өглөө боллоо. Хурдхан хэд сайхан тоглоод авъя” гэцгээнэ. 04.00 цагт Бавгар унтахаар хэвтэв. Сэрээсэнд дургүй нь хүрсэн боловч сөөнгө хоолойт Бавгарыг амрахыг зөвшөөрсөн нь энэ. Хүүхдүүд өлссөн бололтой гоймон авч иднэ. Хятадын жижиг ус буцалгагчаар дахин дахин ус буцалгахад нь гэртээ харьж амар гэж хэлмээр санагдав. Шавар, шавхай болсон шалан дээр нь унахаас наагуур хальтирч харагдана.

Хэдэн сар арчаагүй мэт ширээний тоосыг дүрэмт хувцасныхаа ханцуйгаар арчих хүүхдүүд гэртээ санаа зовсон зүйлгүй инээлдэн, комьпютерийнхээ дэлгэцийг цоолох шахам ширтэнэ. Сөөнгө хоолойт Бавгар шиг ширээний наагуур цаагуур явдаггүй, гар утсаа ширтээд суучихна. Харин энэ хооронд шуугилдаж байсан хүүхдүүд нам жим болж, шивэр авир хийн инээлдэнэ. Тэднийг сөөнгө хоолойтоос эмээсэн гэж бодтол үгүй байжээ. Хоёр, гурваараа нийлэн нэг комьпютерийн ард сууж буйг нь сэм харвал тэд “Том хүний кино” үзэж байх нь тэр. Монголын ирээдүй болсон  хүүхдүүд гэр хорооллын мухарт, халаалтгүй байшинд чичирч суух дуртай болсонд цахим тоглоомоос өөр олон шалтгаан байдаг аж. 

“АХ НЬ АМЬДРАХ ГЭЖ Л ЯВНА” 

05.30 цаг. Нэгэнт энэ газрын шөнийн амьдралыг харсан тул үүр цайх үеэр сөөнгө хоолойтод хандаж “Цахим тоглоомын газар шөнийн цагаар ажиллуулах хориотой, тэр дундаа насанд хүрээгүй хүүхдийг садар самуун, интернэт тоглоомын донтолтод уруу татаж буй нь хууль бус үйлдэл” гэдгийг сануулахад тэрбээр “За миний дүү ахыгаа хэрэгт хийв. Би энэ хүүхдүүдэд муу санаагүй. “Эцэг эхээсээ мөнгө хулгайл, заавал ирж тогло” гэж шаардаагүй. Эд нарт тоглох хүсэл байна, надад мөнгө хэрэгтэй. Тийм биздээ, ах нь амьдрах гэж л явна” гэдэг тайлбар өгөв. 

Бид энэхүү сурвалжилгаараа хэн нэгний мууг үзэхийг хүссэнгүй. Гэвч Монголын ирээдүй болсон алдрай бяцхан хүүхдүүд хаана, хэнтэй хэрхэн чөлөөт цагаа өнгөрөөж байгааг төдийлөн анзаардаггүй эцэг, эхчүүдэд сануулга болгохыг хүсэв. Энэ бол нэг дүүрэг, нэг хорооны ганцхан шөнийн бодит жишээ. Яг ийм нөхцөл байдал Улаанбаатараар дүүрэн бий. Тиймээс хууль хүчний төдийгүй холбогдох байгууллагууд энэ асуудалд илүү анхаарлаа хандуулж ажиллах нь зүйтэй юм. 

 

Г.Ган-Эрдэнэ

Эх сурвалж: Үндэсний шуудан


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.