Монголчуудын бүтээсэн анхны машин “МОЗО” удахгүй худалдаанд гарна


Монголчууд машин худалдаж авах зардалд нэг жилд 500-800 сая долларыг зарцуулдаг байна. Тус мөнгийг ихэвчлэн Япон, Солонгос, АНУ-д өгдөг байна. Зөвхөн машины зардалд зарцуулагдан гарч буй дээрх мөнгөн урсгалыг дотооддоо авч үлдэх зорилгоор “Барс  моторс” компани бусдаасаа анхлан машин үйлдвэрлэж эхэллээ.

Тодруулбал, тус компани өөрсдийн хөрөнгө оруулалтаар БНХАУ-ын Ханжоу хотод машин угсралтын хамтарсан үйлдвэр байгуулж тэндээ анхны машинаа үйлдвэрлэж байна. Уг машин нь Монгол зон олон буюу “МОЗО” нэртэйгээр удахгүй худалдаанд гарч, монголчуудын хэрэглээ болох гэж байна.

Анхны машин нь дунд оврын жийп байх бөгөөд манай орны цаг уур, орчин нөхцөлд тохирсон чанартай, аюулгүй хамгийн гол нь үйлдвэрийн баталгаатай цоо шинэ байхаараа онцлогтой.

Үнэ ханшийн хувьд монголчуудын ахуй нөхцөл, санхүүгийн боломжит тулгуурлан худалдаанд гарна гэж “Барс моторс” компанийнхан ярилаа.

Тус компанийн захирал Д.Дэмбэрэлээс энэ талаар тодруулахад “Үйлдвэр байгуулахад маш сайн механик инженерүүд буюу боловсон хүчин, багаж, машин эд анги, технологи нэн чухал хэрэгтэй. БНХАУ-д дэлхийн технологи цугласан байна. Тиймээс бид эндээс инноваци авах ёстой. Ингэснээр хамгийн багадаа 200 сая доллар үлдээнэ” гэсэн юм.

Дунд оврын жийп машин хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн болсон ч загвар дизайн болон техникийн үзүүлэлтийг нь олон нийтэд ил болгох болоогүй юм байна.

“Барс моторс” ХХК нь тус хамтарсан үйлдвэрт жилдээ 25 мянган машиныг  үйлдвэрлэх боломжтой юм байна. Ирэх жилээс 100 хувь цахилгаанаар ажилладаг машиныг үйлдвэрлэх аж. Тус компани БНХАУ дахь үйлдвэрээ өргөжүүлж ирэх оны нэгдүгээр сард Монголд үйлдвэрээ нээх судалгааны ажлаа эхлүүлэх аж.

Т.Хулантахь

Эх сурвалж: isee.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.