Ужгирсан ханиадны эх үүсвэр нь вирус биш, утаа юм биш үү


  • Агаарын бохирдол улс төржүүлэх сэдэв биш. Өмөөрүүлсэн дарга нь ч, мэдээллээ нуусан ажилтан ч адилхан хордоно
  • Хүхэрлэг хий шоо метрт 500 мкг-аас илүү гарвал онц байдал зарлаж, тухайн нутгийг орхин гарахыг зөвлөдөг. Манайд хамгийн ихдээ 408 мкг хүрсэн тохиолдол бий
  • Улаанбаатар хотын агаарын чанарын тайланд СХД-ийн I хороолол орчимд хүхэрлэг хийн хэмжээ хүлцэх хэмжээнээс хамгийн өндөр буюу 250-408 мкг хүртэл гардаг 

Эмнэлгүүд хурлын болон эмчийн өрөөндөө ор тавьж ханиад, хатгаатай хүүхдүүдийг аваад ч ачааллаа дийлэхгүй байна. Эдгэрээд гарсан хүүхэд гурав хонолгүй дахин хатгалгаа тусаж ирээд байгаа шалтгааныг үүсгэгч вирустэй нь холбох бус, утааны найрлага дахь хорт бодисоос үүдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, анхаарах цаг иржээ. Ялангуяа 0-3 насныхан өнгөрсөн жилийнхээс илүү хүнд, ужгирсан байдалтай ханиадаар ойрхон давтамжтай өвдөхөд агаар дахь хүхэрлэг хий (SO2) ихээхэн нөлөөлж байна. Эм уугаад ч эдгэрэхгүй ханиалгасаар байгаа хүүхдээ хөдөө агаарт долоо хонуулахад л эрүүл болоод ирж байгаа жишээ олон бий. Бага насны хүүхдийн уушги бүрэн төлжиж дуусаагүй байдаг тул агаар дахь хорт бодисын нөлөөнд автах нь илүү байдаг аж. "Хүхрийн давхар исэл нь амьсгал цочроосноос найтаах, ханиах зэрэг физиологийн хариу үйлдэл үзүүлэх бөгөөд сөрөг нөлөө зогсоход уушгины үйл ажиллагаа цагийн дотор хэвийн байдалд ордог. Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх хэлбэрээр илэрдэг. Зүрх судасны өвчтэй болон уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг” гэж agaar.mn сайтдаа анхааруулсан байдаг. Хүчтэй нөлөөтэй хий учир их хэмжээгээр амьсгалснаар 10-15 минутын дотор дээрх шинж тэмдгүүд илэрдэг. Хамар хуурайшиж, найтаан, бага зэрэг ханиаж, амьсгал давчдах байдлаар эхэлж, богино хугацаанд уушгины хатгалгаа болж хүндэрдэг байна. Харамсалтай нь хоногийн ихэнх цагт агаарын найрлага дахь хүхэрлэг хий буурахгүй, сөрөг нөлөө зогсохгүй үргэлжилж байна. Үүнд биеийн жин, уушгины багтаамж багатай тул хүүхдүүд илүү өртдөг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас агаарын найрлага дахь хүхэрлэг хийн талаар судалгаа хийсэн байна. Тэгэхдээ аж үйлдвэржилт ихтэй, агаарын бохидолтой газрын олон хүүхдийг урт хугацааны судалгаанд хамруулжээ. Харин судалгаанд оролцогчид нас ахих тусам амьсгалын замын хүндрэлүүд элбэг тохиолддог нь нотлогджээ. Бага насандаа хүхэрлэг хийн улмаас уушгины замын өвчнөөр өвдсөн хүүхдүүд насанд хүрсэн хойноо амьсгал давчдах, сульдах зэргээр эрүүл орчинд өссөн нэгнээс уушгины хөгжлийн хувьд дутуу байв. 

Хүхэрлэг хий шоо метрт 500 мкг-аас илүү гарвал онц байдал зарлаж, тухайн нутгийг орхин гарахыг зөвлөдөг.

ДЭМБ-аас хүхэрлэг хийн хэмжээг агаарын чанарын индексийн үзүүлэлтдээ тусгадаг. Ингэхдээ нэг шоо метрт 0-22 мкг байхад л хүний эрүүл мэндэд аюулгүй, түүнээс дээш бол нөлөөлөхийг үечлэн гаргажээ. Манай улсад хүхэрлэг хийн хүлцэх хэмжээ 50 мкг байх стандарттай. Гэвч сүүлийн саруудад хүлцэх хэмжээнээс 6-8 дахин их буюу 300-400 гаруй мкг/м3 болж өссөн үзүүлэлттэй гарсаар байна. Энэ нь ДЭМБ- ын агаарын чанарын индексийн эрүүл мэндэд маш хортой түвшинд хүрсэн гэсэн үг. 500- аас дээш гарвал онцгой байдал зарлаж, тухайн нутгийг орхин гарахыг зөвлөдөг. Улаанбаатар хотын агаарын чанарын тайланд СХД-ийн I хороолол орчимд хүхэрлэг хийн хэмжээ хүлцэх хэмжээнээс хамгийн өндөр буюу 250-408 мкг хүртэл гардаг. Мөн энэ дүүргийн эмнэлэг хамгийн ачаалалтай байдаг нь шууд хамаарал биш гэж үү. Өнгөрсөн жилээс 5.1 хэмээр дулаан, хур тунадас 0.8 мм-ээр их байхад л 300 мкг гарч яваа хүхэрлэг хийн хэмжээ идэр есийн хүйтэнд ид галлаад ирэхээр аюултай түвшинг давж гарах магадлал маш өндөр. ДЭМБ-аас ийм хэмжээнд нутгаа орхин гарахыг зөвлөж байхад манайд сурагчдын амралтыг сунгаж, хавар болохыг хүлээн, бодит байдлыг нуухыг л оролддог. Нүдэнд харагдах тоосонцрыг багасгасан ч найрлага дахь хорт бодисыг ихэсгэсэн шахмал түлшний шийдэл бяцхан үрсэд минь илүү хүнд тусаж байна. Хүхэрлэг хийг бууруулах арга хайхын оронд "зун ч ихэсдэг, шахмал түлшнээс бус стандарт хангаагүй дизелиэс боллоо” гэж буруутан хайж суугаа нийслэлийн удирдлагуудаас шийдвэртэй алхам хийхийг хүлээсээр байх уу. Агаарын бохирдол улс төржүүлэх сэдэв биш. Өмөөрүүлсэн дарга нь ч, мэдээллээ нуусан ажилтан ч адилхан л хордоно. Чулуун нүүрсийг нунтагласны дараа шохойн уусмалаар шүүж хүхэрлэг хийг саармагжуулах арга бий. Гэвч түлшний үйлдвэрүүд тог тасраад хэдхэн цаг зогсоход л гэр хорооллынхон гал алдахад хүрэхээр ямар ч нөөцгүй, түгээлт хүртээмжтэй бус байгаа тул ирэх зун л үйлдвэрлэлийн явцад дамжлага нэмэх боломжтойг салбарын хүн учирласан. Тиймээс энэ өвлийг давчихвал, ирэх жил ядаж саармагжуулах дамжлагаар орсон шахмал түлш хэрэглүүлж, хүхэрлэг хийг багахан ч болов бууруулна гэж найдъя.

 Э.Батцэцэг

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.