Саяхан дуулиан шуугиан болж даргаа сольсон Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүнээ сэлгэхээр болоод байна. Учир нь, одоогоос зургаан жилийн өмнө буюу 2013 оны арванхоёрдугаар сарын 26-нд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа өнөөдөр дуусч байгаа юм. Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог. Цэцийн гишүүнийг нэг удаа улираан томилж болдог байсан ч 2016 онд Үндсэн хуулийн Цэцийн тухай тухай хуульд өөрчлөлт оруулахдаа улираан томилох зохицуулалтыг хассан юм. Тиймээс Д.Солонго, Ш.Цогтоо нарыг удахгүй Цэцийн гишүүнээс чөлөөлнө гэсэн үг. Тэднийг Улсын дээд шүүхээс санал болгон томилуулсан. Одоо тэдний оронд хэнийг томилуулахаа Улсын Дээд шүүх гишүүдийнхээ олонхийн саналыг үндэслэн шийдвэрлэнэ.
Д.Солонго, Ш.Цогтоо нарын оронд академич С.Нарангэрэл, АН-ын гишүүн Р.Гончигдорж нарыг томилуулах тухай яриа гарч эхэлсэн. Гэхдээ Д.Солонго, Ш.Цогтоо нар нь дараагийн гишүүнийг томилох шийдвэр гартал бүрэн эрхээ хэрэгжүүлсээр байх юм.
Харин бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тохиолдолд нийгмийн баталгааг нь хэрхэн хангах талаар Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд дараах байдлаар заасан байдаг юм. Тус хуулийн 5.6-д “Цэцийн гишүүнээр томилогдохын өмнөх ажилд нь эгүүлэн ажиллуулах, эсвэл түүнтэй тэнцэх цалин хангамж бүхий ажлаар хангана. Хэрэв тийм боломжгүй бол ажил эрхлэх хүртэлх зургаан сарын хугацаанд Цэцийн гишүүн байсан үеийн авч байсан цалингийн хэмжээнээс бууруулахгүйгээр тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж улсын төсвөөс мөн хугацаанд олгоно” гэж заасан байдаг юм. Мөн “Цэцийн гишүүнээр ажиллаж байсан хүнийг насны тэтгэвэрт гарах үед нь Цэцийн гишүүний цалингийн 60 хувиар бодож тэтгэвэр тогтоож болно. Тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас олгоно” гэсэн заалт бий.
ЭХ СУРВАЛЖ: EAGLENEWS
Сэтгэгдэл