Цэцийн гишүүнийг есөн жилээр томилохыг эсэргүүцлээ


Цэцийн гишүүнийг есөн жилээр томилохыг эсэргүүцлээ

 

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, ѳѳрчлѳлт”-ийн тѳслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг буцаах мэдэгдлийг Ерөнхийлөгч хүргүүлээд байгаа бол УИХ-ын зарим гишүүн дэмжихгүй байгаагаа илэрхийлэв.

 

Ц.Даваасүрэн:

-Үндсэн хуульд төр ард түмний мэдэлд байна гэж заасан байдаг. Ний нуугүй хэлэхэд, энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг гуя дагаж, хүзүү гэдэг зүйл болох гээд байна. Сонгуулийн тогтолцоог хуулиар зохицуулна гэдгийг Үндсэн хуульд оруулж байгаа нь буруу. Намын нэрээр хэдэн хүн байнга сонгогддог тогтолцоо руу л орох гээд байна гэж харж байна.

 

Д.Эрдэнэбат:

-Ерөнхийлөгчийн санал аваагүй, Үндсэн хууль хэлэлцэх журмын тухай хуульд тусгасан шаардлагыг хангаагүй, хуучин Дэгийн хуулиар хэлэлцэж байгаа нь буруу. Олонхоороо түрээд батлах зүйл рүү явж байна. Хууль журмын дагуу эхлүүлэх хүртэл хуралдааныг АН-ын зөвлөл орхихоос өөр сонголт алга.

 

Ц.Мөнх-Оргил:

-Ажлын хэсэгт орсон ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн зарим заалттай санал нийлэхгүй байгаа учраас гарын үсэг зураагүй. Ялангуяа засаг захиргааны асуудалтай холбоотой бүлгийг дэмжихгүй байгаа.

 

С.Бямбацогт:

– Хүнийг сонгодог байх тогтолцоо өөрчлөгдөөгүй. Ээлжит сонгууль болохоос өмнө нэг жилийн өмнө хуульд өөрчлөлт оруулахгүй гэж Үндсэн хуульдаа зааж өгч байгаа.

 

Т.Аюурсайхан:

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг. Зургаан жилдээ сугардаггүй нэр авдаг. Гэтэл яагаад бүрэн эрхийн хугацааг нь ес болгочихсон бэ. Мөн сонгуулийн тогтолцоог хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байсан уу.

Хуралдааны төгсгөлд Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг энэ сарын 18 буюу мягмар гариг хүртэл хойшлуулахаар болсныг мэдэгдлээ.  Их Хурал дахь цөөнхийн зөвлөлөөс ирүүлсэн санал болон Ерөнхийлөгчийн байр суурийг сонсохоор болов.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.УЯНГА


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.