НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД “МОННИС”-ИЙН ТОЛГОЙГ ИЛСЭЭР БАЙХ УУ


Гэр хорооллын дахин төлөвлөлт хэмээх нүсэр ажлыг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Сайнтай, муутай уг ажилд маш их хэмжээний мөнгө зарцуулж, цаашлаад ч ихээхэн хэмжээний мөнгө зарцуулахаар төлөвлөөд байгаагаа нийслэлийнхэн дуулгасан. Дөрвөн жил үргэлжилсэн дахин төлөвлөлтийн хүрээнд хашааны газраа паартай байшингаар сольсон айл өрхүүд олон байна. Харин нөгөө талд газар ч үгүй, байр ч үгүй болж үлдсэн айлууд  байранд орсноосоо илүү юу гэхээс дутахааргүй байна. Өөрөөр хэлбэл улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй уг ажлыг муухай харагдуулж буй  хувийн хэвшлийнхэн  нэлээдгүй байгаа юм.


Тэдгээр хариуцлагагүй компаниудын дунд толгой цохиж яваа нэгэн компани бол "Моннис” группын охин компани болох "Моннис урбан девелопмент” ХХК юм. Тус компани нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд /Халдвартын эмнэлгийн зүүн талд/ дахин төлөвлөлт хийхээр сонгогдсон  аж.  Гэвч тус компанид газраа чөлөөлж, хашаа байшингаа нураалгасан 125 өрх айл өнөөдөр гудамжинд гарахын наагуур амьдарч байна.  Бүтэн гурав, дөрвөн жил түрээсийн байр хэссэн тэд хэзээ байранд орохоо мэдэхгүй өдөр хоногийг аргацааж байна. Эхнээсээ сэтгэл санааны гүн дарамтад орж, олон удаагийн нүүдэл суудлыг тэсэлгүй амь насаа алдсан тохиолдол ч гарчээ.

"Моннис урбан девелопмент”  компанийнхан 2012 онд анх иргэдтэй тохиролцохдоо л хэл амаа ололцдоггүй байсан тухай 14-р хорооны иргэд ярьж байна. Айл өрхүүдээ нүүлгэн шилжүүлэхдээ хууль зөрчин дүн өвлийн хүйтнээр гэрээс нь гаргаж байсныг тэд хэлж байна. Ингэхдээ  байр ашиглалтад орох хүртэлх түрээсийн төлбөрийг сар бүр 700 мянган төгрөг байхаар тооцож гэрээ байгуулжээ. Гэвч  орон  сууц ашиглалтад орох хугацаа ч тодорхойгүй шалтгаанаар хойшилж, барилгын ажил бүтэн дөрвөн жил өнгөрөхөд  талдаа ч ороогүй байгаа иргэдийн байдал өдөр өдрөөр дордсоор өдгөө түрээсийн байрны төлбөр гэж сар бүр 300 мянган төгрөгийг хэрүүлтэй, уруултай авах болжээ.Гэнэтхэн нэг өдөр эдийн засгийн хямрал ярьж, урьдчилж мэдэгдэлгүйгээр айл өрхүүдийн түрээсийн төлбөрийг 50 хуваарь танаж орхижээ.  14-р хорооныхон тус компанийн энэ үйлдлийг тун тайван хүлээж авсан ч Моннисийнхны  хариуцлагагүй үйлдэл одоо хэр нь давтагдсаар байгаа бөгөөд орон  сууц нь хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байсаар байна.

Иргэдийн мэдээллээр тус компани дахин төлөвлөлтийн орон сууцаа 2016 оны аравдугаар сард ашиглалтад оруулна гэж мэдэгдсэн ч  менежерийнх нь хэлснээр энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орохоор тооцоотой байгааа аж. Уг нь  орон сууц  өнгөрсөн онд ашиглалтад орохоор анх төлөвлөгдсөн ч гүйцэтэгэгч байгууллагын буруугаас ийн хойшлоод байгаа юм. Харин Моннисийнхон  хойшлох болсон шалтгааныг эдийн засгийн хямралтай холбоотой хэмээн тайлбладаг. Гэтэл иргэд  нийгмийн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг "Моннис” групп мөнгөгүйдээ хоёрхон блок орон сууцыг барьж чадахгүй болно гэж байхгүй. Гагцхүү уг ажилд сэтгэл гаргахгүй байгаа нь харагдаж байна гэж үзэх хүн олон байгаа юм. Үнэхээр "Моннис” компани мөнгөгүйдээ хоёрхон блок орон сууц барьж чадалгүй дөрвөн жил суух учиргүй. Харин энэ компанид дэлхийн бусад орны шилдэг компаниуд шиг төлөвшил байхгүй байгаа байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл  манай улсдаа томоохонд тооцогддог тус компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж чадахгүйн улмаар иргэд олноороо хохирч байгаа нь 14-р хорооны дахин төлөвлөлтөөс харагдаж байгаа юм. 

Олон жил тууштай, үе шаттайгаар амжилттай хийгдэх учиртай маш том ажлыг ийнхүү гацааж буй "Моннис”-т нийслэлийн удирдлага хариуцлага тооцох нь зүйтэй болов уу. Иргэдийн хэлж буйгаар нийслэлийн удирдлагууд тус компанийн толгойг илээд сууж байгаа нь өөрсдийн  эхлүүлсэн ажлаа энэ мэт хариуцлага алдсан компанитай хамт өөрийн гараараа нурааж буй үйлдэл юм. 
Б.Сансар
olloo.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.