​Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ШХАБ-аас урилга иржээ


Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт найман гишүүн улс, ажиглагч дөрвөн орон, яриа хэлэлцээрийн түнш зургаан орны Засгийн газрын тэргүүн нарт энэ онд Шинэ Дели хотноо болохоор төлөвлөгдсөн ШХАБ-ын Ерөнхий сайд нарын төвшний чуулга уулзалтад оролцох урилгыг хүргүүлсэн талаар тус улсын Гадаад хэргийн сайд Велламвели Муралеэдхаран пүрэв гаригт мэдэгдсэн юм.  

ШХАБ-ыг БНХАУ, ОХУ, Казахстан, Киргызстан, Тажикстан, Узбекистан, Энэтхэг болон Пакистан гэх бүрэн эрхт найман гишүүн орон бүрдүүлдэг. Харин Афганистан, Иран, Беларусь, Монгол гэх дөрвөн улс ажиглагчийн статустайгаар ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцдог бол Армени, Азербайжан, Камбож, Непал, Шри-Ланка, болон Турк зэрэг зургаан улс яриа хэлэлцээрийн түншлэгч орон статустай.   

Бүс нутаг дахь олон талт эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцэх хөтөлбөртэй ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын төвшний чуулга уулзалтад БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянь, ОХУ-ын шинэ Ерөнхий сайд Михаил Мишустин, Казахстаны Ерөнхий сайд Аскар Мамин, Киргызстаны Ерөнхий сайд Мухаммедкалый Абылгазиев, Тажикстаны Ерөнхий сайд Кохир Расулзода, Узбекистаны Ерөнхий сайд Абдулла Арипов, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Пакистаны Ерөнхий сайд Имран Хан, Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани, Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани, Беларусийн Ерөнхий сайд Сергей Румас, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэх нар оролцоно.

Харин ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын энэхүү дээд хэмжээний уулзалтад Пакистаны Ерөнхий сайд Имран Хан оролцох эсэх нь ажиглагчдын анхаарлыг хамгийн ихээр татаж буй. Бүс нутагт сөргөлдөгч Энэтхэг болон Пакистан улсууд 2017 онд ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэн орсон түүхтэй. Гэвч өнгөрөгч оны хоёрдугаар сард Энэтхэгийн агаарын хүч хилийн маргаантай Кашмир дахь Пакистаны Балакот хотод цохилт өгсөн явдлын дараагаар эртнээс хүйтэн харилцаатай байсаар ирсэн хоёр улсын харилцаа улам ширүүссэн юм.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Пакистаны Ерөнхий сайд Энэтхэгийн энэхүү урилгыг хүлээн авахаас татгалзаж, ШХАБ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад Гадаад хэргийн сайд Шах Мехмуд Курешиг оролцуулах аж. Хэрэв ийм зүйл болбол ШХАБ-ын гишүүн орнуудын зөрчил, дээд хэмжээний уулзалтын хүрээнд ирсэн гэх өнцгийг ажилагчдад өгөх юм. Харин  эсрэгээрээ Имран Хан уг чуула уулзалтад оролцохоор болбол энэ нь түүний хувьд Пакистаны Засгийн газрын тэргүүний хувиар Энэтхэг улсад айлчилсан анхны тохиолдол болно. ШХАБ-ын орнуудын Засгийн газрын тэргүүн нар ирэх аравдугаар сараас өмнө Нарендра Модигийн энэхүү урилгад хариу хүргүүлэх ёстой.

О.Мөнхбат

Эх сурвалж: Delhi News, Times Now, Aljazeera


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.