Э.Оюунболд цагаан сараар барилдахаар зодог, шуудагтай гарч ирвэл яах вэ


 

Э.Оюунболд цагаан сараар барилдахаар зодог, шуудагтай гарч ирвэл яах вэ

 

  • Шүүхийн шийдвэр гарсны дараа Баяр наадам зохион байгуулах комисс болон Ерөнхийлөгч шийдвэрээ гаргана

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын түрүү бөх Э.Оюунболд болон начин цолоо баталсан Д.Цэрэнтогтох нараас допинг илэрч, өмнө нь байгаагүй дуулиан дэгдсэн. Учир нь, наадмын түрүү бөхөөс допинг илэрсэн тохиолдол анхных байлаа. Гэвч Э.Оюунболд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд "Б” сорьцоо шинжлүүлэхээс татгалзаж, шүүхэд хандсан. Хэсэг хугацааны дараа шүүхээс өргөдлөө буцаан, допингийн шинжилгээ авдаг багийг шалгуулахаар АТГ-т хандав. Тэрбээр "Намайг хэлмэгдүүлж байна. Би энэ хүмүүстэй хатуу тэмцэнэ. Намайг дарамталж, сүрдүүлсэн. Би цагаан сараар барилдана” гэж яриад бөхийн хүрээнийхэн дунд хэрүүлийн алим шидсэн нь өндрөө авчээ. Энэ талаар бөхчүүдийн сэтгэгдлийг сонсох гэсэн боловч тэд татгалзав. "Бидний зүгээс ярих зүйл байхгүй. Түрүүлж дуугарах нь ч ёс зүйд нийцэхгүй. МҮБХ-ны байр суурийг сонсох хэрэгтэй. Дараа нь өөрсдийн бодлоо илэрхийлж болно” гэсэн ижил утгатай хариулт өгч байв. Харин наадмын өмнөх сорилго барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, заан Б.Пүрэвсайхан, начин Э.Даш нарыг зодоглох гэхэд бойкот хийж, бөхчүүдийг уриалж байсан улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтэн өнөөдрийг хүртэл таг чиг. Хэрвээ Э.Оюунболд цагаан сарын барилдаанд оролцохоор зодог шуудгаа өмсөөд бөхийн торгон ногоон дэвжээнээ гарч ирвэл яах вэ. Бөхчүүд ямар үйлдэл үзүүлэх бол гэдэг нь олны анхаарлыг татаж байна. "Допингтой бөхтэй барилдахгүй” хэмээн бойкот хийх үү, эсвэл хувь тавилантайгаа эвлэрээд барилдах уу гэдэг эргэлзээ бий. Допингийн эсрэг тууштай тэмцэхээ илэрхийлсэн улсын аварга Ч.Санжаадамба тэргүүтнийг бөх сонирхогчид хамгийн түрүүнд харж байгаа. Өнөөдөр 109 бөх болон Спортын анагаах ухааны төвийн эмч, мэргэжилтнүүдийг АТГ шалгаж байхад тэд яагаад таг чиг байна вэ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Шинэ аваргын тухайд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөлгүй шүүхэдсэн бол начин Д.Цэрэнтогтох В сорьцын шинжилгээнд дээжээ явуулсан нь А сорьцоо баталсан дүнг үзүүлжээ. Ингэснээр бөхийн салбар хорооноос хоёр бөхийн барилдах эрхийг тус бүр хоёр жилээр хасах, цол чимэг бууруулах, тэдэнд өвдөг шороодсон бөхчүүдийн цол, чимгийг нөхөж олгох хүсэлтийг Баяр наадам зохион байгуулах комисст хүргүүлсэн байна. В сорьцын хариугаа авсан начин Б.Цэрэнтогтох ч шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд хандаад байгаа. Ингэснээр шүүхийн шийдвэр гарсны дараа Баяр наадам зохион байгуулах комисс болон Ерөнхийлөгч шийдвэрээ гаргах юм. Өөрөөр хэлбэл, асуудал шийдэгдэх хугацаа сунжирч байна гэсэн үг” гэв. 


Засгийн газрын мэдээ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.