Сүүлийн өдрүүдэд нэр бүхий бөхчүүд допинг хэрэглэсэн гэх мэдээлэл цацагдах болсонтой холбоотойгоор Үндэсний бөхийн салбар хорооноос албан ёсны мэдээлэл хийж "Допингийн шинжилгээнд 16 бөх хамрагдсанаас хоёр бөхөд допингийн төрлийн бодис илэрсэн. Нэгээс нь дөрвөн төрөл, нөгөөгөөс нь нэг төрлийн бодис илэрсэн.
Допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг зарлах боломжгүй. Энэ бол хувь хүний нууц. Хуульд Б сорьцын шинжилгээ өгсөн бол хариуг нь иртэл допинг хэрэглэсэн гэх бөхчүүдийн нэрийг зарлах хориотой. Тухайн бөхчүүд Б сорьцын шинжилгээ хийлгэх эсэх нь өөрсдийнх нь шийдэх асуудал" хэмээгээд байсан юм.
Тэгвэл өнөө жилийн баяр наадмын түрүү бөх Улсын аварга Э.Оюунболд өнгөрөгч амралтын өдөр мэдэгдэл хийж өөрийгөө допингтой нэр холбогдсон гэдгийг баталлаа.
Ингэхдээ тэрбээр, Би ямар нэгэн допинг хэрэглээгүй. Миний шээсийг сольсон байна” хэмээн ярьсан юм.
Мөн тэрбээр, “Наадмын өмнө ч намайг нэг биш удаа дайрч, давшилах тохиолдол байсан. Чамайг түрүүлсэн ч бай, түрүүлээгүй ч бай чамаас допингийн бодис илрүүлнэ. Тэр хүн 300 сая төгрөг бэлдчихсэн байгаа. Э.Оюунболд түрүүлэх нь тодорхой болчихлоо гэж намайг гутаан доромжиллоо Энэ үйлдэлүүд эцэс цэгтээ хүрлээ, намайг хилс хэрэгт гүтгэж байна. Нэгэн цаг үед барилдаж байсан Хадбаатар аварга бий, дийлэхгүй болохоороо хэрэг тохоод шоронд оруулж байсан. Одоо Оюунболд гэж хүнийг залуу байна, бяртай байна, дийлэхгүй болохоороо ийм хэрэг үүрүүлчихье гэдэг утгаар энэ хүмүүс дайрч давшилж байгаа нь илт байна” гэх ноцтой үгийг мэдэгдлийнхээ дундуур хэлсэн.
Тэгвэл энэ жилийн баяр наадмын шөвгийн 16-д шалгарч үлдсэн допинг хэрэглээгүй гэдгээ зарласан бөхчүүд Э.Оюунболдын мэдэгдэлтэй холбогдуулан олон нийтэд мэдээлэл өгөхөөр болжээ. Мэдээлэл өгөх болсон учир нь Э.Оюунболдын хэлсэн “нэгэн үеийн өрсөлдөгчид маань намайг дийлэхгүй болохоороо ийм арга хэрэглэлээ” гэх үгэнд ихэд эмзэглэсэн учир олон нийтэд үнэн зөв ойлголтыг өгөх нь зүйтэй гэж санал нэгдсэн байна.
Сэтгэгдэл