Төрийн хүний холч ухаан дутсан эдгээр76 нөхөд үтэр түргэн алга болоосой... Уг нь би ингэж боддоггүй л дээ. Гэхдээ сурагчдын амралт дуусаж хичээлдээ орсоны маргаашнаас л ийм бодол төрсөн. Энд тэнд ханиалгаж цээж нь бачуурсан, хоолой нь хорссон их бага хүүхдүүд... Эмнэлэгт үзүүлэхээр очихоос ч халгамаар. Битүү хүүхэд, хүн. Аахилсан, амьсгаадсан, уйлсан, нус цэрэндээ хахсан, холилдсон их бага хүмүүс.
Гэхдээ ийм байдалд хүрэхгүй, ийм байдлыг харахгүй байх боломж байлаа. Харамсалтай нь БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гэгч эрхэм үүнийг харууллаа, томуугийн вирусэнд бүр найр тавьчихлаа.
Томууг зогсоох нь зөвхөн ЭМ-ийн сайдын ажил үүрэг биш. Засгийн газрын, танай баг хамт олны үүрэг. Тодруулбал багаар ажиллаж чадахгүй байна.
Яаж бодож сэтгэхээрээ ийм шийдвэр гаргадаг байна аа. Мэргэжлийн, салбартаа ажиллаж байгаа хүн, салбараа мэднэ ч гэх шиг. Амьхандаа ЭМ-ийн сайдыг доош нь хийж өөрөө боловсролын салбарын хүн болон пээдийж ийм шийдвэр гаргасан нь Монголчуудыг ТТТӨ-нөөр сульдаахад хүргэв.
Өнөөдөр юмны үнэ ямар байгаа билээ. Нэг хүүхдэд бичсэн эм тариаг 100 мянга орчмоор авч байна. Тиймээс таны энэ шийдвэр сурагчдаа сульдааж, эцэг эхийг нь эдийн засгаар сөхрүүлж байна.
Эрхэм сайдын "шазруун” гэх занг яамных нь зарим нөхөд "Ахархан бодолтой” гэх юм билээ. Түүний ахархан бодолтойг нэг дүгээр сарын 13-нд орох байсан сурагчдын амралтыг гуйлган барин байж 7 хоногоор сунгасан нь харуулж буй юм.
Дараа нь ЭМЯ-наас дахин сунгах хүсэлт хүргүүлсэн ч сайдтан үл тоож "Сонгуулийн жил учраас..” гэсэн хариултаар сунгаагүй. Тэрбээр өмнө нь ч ийм тайлбар хийж олны эсэргүүцэлтэй тулгарч байв.
Салбараа мэддэг сайд гуай, өнөөдөр бодит байдал дээр сургуулийн нэг ангийн 15 хүүхэд өвчилсөн учраас хичээлдээ ирээгүй байна. Цэцэрлэгүүд ч мөн ялгаагүй. Нэг бүлэгт 20 хүрэхтэй үгүйтэй хүүхэд ирж байгаа тул багш нар нь ядаж хүүхдийн тоо 25 орчимд хүрээд байвал төлөвлөгөө тасрахгүй гэж ярьж байна. Тодруулбал, 111 дүгээр сургуулийн 3 дугаар ангийн 15 хүүхэд өвчилсөн тул эцэг эхчүүд багшийг нь зад загнаж байгаатай таарав. Энэ мэтээр цааш нь дурдаж болно...
ЭМЯ болон мэргэжлийн байгууллагуудаас "ТТТӨ-нийг тээгч, халдвар тараагч нь сургуулийн сурагчид” гээд байхад сурагчдын амралтыг сунгахгүй, хичээл эхлүүлсэн эл үйлдэл чинь "Хүүхдийн эрүүл, мэнд амь насанд аюул занаж учруулсан” гэж үзэхэд хүргэж байна.
Хөрш зэргэлдээ Хятад улсад коронавирус гэгч шинэ өвчин дэгдэн тархаж хүний амь нас эрсдээд эхэлчихсэн энэ мөчид иргэдийн, хүүхдүүдийн төлөө ухаалаг шийдвэр гаргах нь улстөрч таны үүрэг гэдгийг анхааруулъя. Эс тэгвээс эцэг эхчүүд босож ч мэдэхээр байна шүү.
Сэтгэгдэл