Хийн хоолойг Монголоор дамжуулах ТЭЗҮ-ийг боловсруулах Оросын талын ажлын хэсэг байгуулагджээ


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ-д хийсэн айлчлалын мөрөөр Монгол Улсын нутаг дэвсгэрээр хийн хоолой барих төслийн асуудлаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин нар 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй уулзав. 

Уулзалтын үеэр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр “Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг” байгуулсантай холбогдуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах ажлыг хариуцаж, урьдчилсан судалгаа, ТЭЗҮ-ийг боловсруулах үүднээс оросын талаас ажлын хэсэг байгуулсныг мэдэгдэв. 

Байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулж тавьсан тохиолдолд БНХАУ-ын төвийн бүсэд хамгийн дөт замаар аюулгүй, тогтвортой нийлүүлэх боломжийг бүрэн хангахын зэрэгцээ энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, ОХУ болон БНХАУ найрсаг харилцааг илтгэх эдийн засгийн хамтын ажиллагааны бодит сайн жишээ болж болох талаар талууд санал нэгдсэн байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.