Улаанбаатарын гудамжаар алхаж явахад нэлийсэн ой гутам нус цэртэй алхам тутамдаа таардаг. Автбусны буудал, албан байгууллагын үүд, төв талбай, гудамжинд дотор арзганатал шүлсээ хаяж, ил задгай нус цэрээ нийж, тамхиныхаа ишийг хаа сайгүй хаях хүмүүс олширсоор. Хүний ухамсар, биеэ авч явах соёлоос шууд хамааралтай энэ асуудлыг шийдэхээр одоогоос гурван жилийн өмнө Зөрчлийн тухай тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд Олон нийтийн газарт зүй бусаар бие авч явах гэх заалт оруулж, 5.1.1-д "Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тусгасан ч амьдрал дээр биеллээ олохгүй, хяналтгүй байсан билээ.
Тэгвэл дэлхий дахинаа шинэ коронавирустэй тэмцэх энэ цаг үед Улаанбаатарчууд соёлжиж эхлэв. Өөрсдийн эрүүл мэнд хийгээд өрөөлийг боддоггүй зангаасаа болж торгуулиар чөдөрлүүлж байж сурах байжээ. Дээрх хуулийн дагуу арга хэмжээ авснаар өнөөдрийн байдлаар олон нийтийн газар нус шүлсээ хаясан 6898 хүнд 76 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан гэдгийг албаны хүн онцлов. 1100 орчим нь гудамж талбайд нус шүлсээ хаясан зөрчил байна. 1600 орчим нь гудамж талбайд бие зассан зөрчил байгаа аж. Цаашид хяналтыг улам чангаруулж, торгох юм.
Зуршил болсон муу үйлдлийг тань камераар илрүүлж, торгуулийг газар дээр нь бэлэн төлөлтөөр хийлгэж байгааг иргэд анхаарах цаг ирлээ. Цагдаагийн алба хаагч нар хүйтэнд тэсвэртэй, бичлэгийг сайн хийдэг камер ашиглаж, зөрчлийг илрүүлж байна. Тамхины иш, нус, шүлсээ ил хаяж буйг камерт бичиж авсны дараа иргэнд бичлэгийг үзүүлж, 10 000 төгрөгийн торгууль ногдуулдаг.
Ийн тавих хараа хяналтгүй байсан хууль амь орж, төсвийн хөрөнгөө зузаатгаж эхэллээ.
http://dorgio.mn/p/115723
Сэтгэгдэл