“Эмээлт” зах дээр нэг кг ноолуурын үнэ 60 мянган төгрөг байна


“Эмээлт” зах дээр нэг кг ноолуурын үнэ 60 мянган төгрөг байна

 

ХХААХҮЯ-ны харьяа "Малчин лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр, нийслэл дэх нэг кг ноолуурын "Эмээлт" зах дээрх үнэ ханш  60 мянга байна. Өнгөрсөн сард ноолуур кг нь 50-55 мянган төгрөгийн үнэтэй байсан бол арван мянган төгрөгөөр өсжээ. Малын бусад түүхий эдийн үнэ тогтвортой байна. Тухайлбал, адууны шир 10 мянган төгрөг, сүүл нь найман мянга, ямааны шинэ арьс 30-35 мянга, өлөн нь дангаараа 300 төгрөг, хонины нэхий мянган төгрөг, өлөн дангаараа 1500 төгрөг байна. Харин өвс, тэжээлийн үнэ ханш тогтвортой байгаа бөгөөд борлуулалт нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, Улаанбуудайн хивэг 50 кг нь 35 мянган төгрөг, "Алтан тариа" үйлдвэрийн хивэг 25 кг нь 13-14 мянган төгрөгийн үнэтэй байна. Монгол хорголжин тэжээл 40 кг-тай нь 24 мянган төгрөгийн үнэтэй байна. Морины тэжээл 25 кг нь 35 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Энэ жилийн тухайд ноолуурын ханш буурах магадлалтайг ченжүүд хэлж байна. Ноолуурын ханш буурах хэд хэдэн шалтгаан нөхцөл үүссэн бөгөөд намар их урт үргэлжилснээс үүдэж хаваржилт хүндэрч болзошгүй байна. Тиймээс малчид хавар оройхон ноолуураа самнана байх. Нөгөөтэйгүүр, Коронавирусийн улмаас манай гол экспортлогч орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой” гэв. Сангийн яамнаас өгсөн мэдээллээр, коронавирусийн улмаас нүүрсний тээвэрлэлт зогссоноос үүдэж 200 орчим тэрбум төгрөгийн орлого тасраад байгаа бол гурав, дөрөвдүгээр сард малчид ноолуураа борлуулж чадахгүйд хүрнэ. Монгол Улс ноолуураараа жилд нэг их наяд буюу 400 сая ам.долларын орлого олдог. Хятадын ноолуурын үйлдвэр коронавирус дэлгэрсэн Ухань хотын ойролцоо оршдог учраас энэ жил ноолуурын үнэд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсэх нь ээ. Манай улсын тухайд, нүүрс, ноолуур хоёр эдийн засгийн гол хөшүүрэг. Ноолуурын орлого нь эдийн засагтаа жигд шингэдэг мөнгө. 21 аймгийн малчдын өрхийн орлого болж банкны, зээл лизинг, сургалтын төлбөр, бараа таваарын худалдан авалт болж хувирдаг. Тэгэхээр нүүрсийг бодоход эдийн засагтаа жигд шингэдэг зүйл нь ноолуур юм. Тиймээс ноолуурын орлого зогсох нь нүүрс зогссоноос илүү өрхийн эдийн засагт шууд нөлөөлнө. Бид нүүрсээ л яриад, ноолуураа ярихгүй байна” гэлээ. 

Манай Засгийн газраас "Ноолуур” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш малчдын орлого илт сайжирсан. Өнгөрсөн жил гэхэд л гуравдугаар сар гэхэд малчид ноолуураа самнаад эхэлчихсэн байсан бол үнэ ханшийн хувьд ч нэлээд өндөр байлаа. Тодруулбал, нэг кг ноолуурын үнэ Дорнод аймагт хамгийн өндөр буюу 140 мянгад хүрч байсныг малчид хэлж байна. Монголчууд бол ноолуураар эцсийн бүтээгдэхүүн хийж борлуулахаасаа урьтаж самнаад экспортолдог. Тиймээс ч ашигт ажиллагаа нь буурдаг гэж үздэг. Яагаад гэвэл, самнасан бүтээгдэхүүн дэлхийн зах зээлийн үнийг барьж байдаг. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдийн хувьд дизайн, зах зээл, брэндээ хэрхэн хөгжүүлсэнтэй холбоотойгоор түүхий эдийн үнийг нөхөж авах бололцоотой байдгаараа онцлог. Самнасан ноолуурын хувьд дийлэнхийг нь Итали гэх мэт дэлхийн өндөр хөгжилтэй орнууд руу экспортолдог. Гэтэл өнөөдөр эдгээр гол орнуудад ноолуур мантай байна.  Монгол ямааны ноолуур маш олон төрлийн түүхий эдийн онцлогтой нийлүүлэгддэг учраас баруун аймгийн ноолуур харьцангуй бага үнэтэй байдаг бол зүүн аймгийн ноолуур маш сайн, хамгийн өндөр үнэ хүрдэг онцлогтойг салбарынхан ярьдаг. 
Энэ жилийн тухайд үнийн хувьд харьцангуй буурч магадгүй байгаа ноолуурын асуудлаар угтаа бол 2019 оны есдүгээр сарын сүүлчээр дэлхийн зах зээл дээр хэд хэдэн томоохон өөрчлөлт гарсны нэг нь АНУ Хятадын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах шийдвэрийг гаргасан явдал. Яг энэхүү дуулиантай зэрэгцэн Монголын сүлжмэл бүтээгдэхүүнийг Америк руу экспортлоход гаалийн татварыг тэглэх хуулийн төслийг тус улсын Конгресс баталсан. Хэрэв энэ зах зээл нээгдэх юм бол манай улсад маш том боломж гарч ирнэ. Энэ нь дэлхийн түүхий ноолуурын 40 хувийг дангаараа хангадаг манай улсын хувьд тун ховорхон боломж бий болсон. Үүнтэй зэрэгцэн өнгөрөгч оны есдүгээр сард Өвөрмонголын Улаанцав хотод болсон бөгөөд Монгол-Хятадын экспо-2019 уулзалт ч манай талд нэлээд ашигтай өрнөсөн. Энэ мэт аль аль талдаа тун ч өөдрөг эхэлж байсан монгол ноолуурын зах зээл өдгөө коронавирусийн тархалтын улмаас цоожтой хаалганы цаана хураагдах болоод байна. 
Улаанцавд болсон дээрх уулзалтын тэргүүн эгнээний сэдэв нь Монгол Улсын түүхий ноолуурын эрэлт, үнэ ханш, хэрэгцээ, экспорт, импортын асуудал байсан ч өдгөө чимээ алдрав. Манай улсын хувьд жилд 10 мянган тонн ноолуур борлуулдаг аж. Ноос, ноолуур боловсруулах салбарт 300 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа ч тэдэнд өнөөдрийг болтол зах зээлээ тэлэх, бүтээгдэхүүн экспортын хэмжээг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага байсаар л. Хэрэв Монголчууд дэлхийн зах зээлд 20 сая ширхэг эцсийн бүтээгдэхүүн экспортлохыг хүсвэл урд хөрштэйгөө зайлшгүй нягт хамтарч ажиллах шаардлагатай. Даанч гай газар доороос гэгчээр яриа хэлэлцээр хоёр орны өргөн уудам, зах зээлд өөрийн гэсэн байр сууриа олж бэхжихийн даваан дээр цар тахлаас болж дотооддоо ч үнэ ханш нь цаашид буурах бодит аюул бий боллоо. Хаврын хаварт ноолуураараа зээл хуйгаа төлдөг, амьдрал ахуйгаа хөдөлгөдөг малчид энэ хавар ноолуурын үнэ ханш, хумигдмал зах зээлээс болоод бүсээ чангалж мэдэхээр байна. 
Эдийн засгийн бүхий л үзүүлэлт унана, буурна, шоконд орно, хомсдол бий болно, экспорт, импорт тэг зогсоно...зэрэг таагүй мэдээлэл судлаач, эдийн засагчдын амнаас гарч байна. Сүүлийн арван жил үнэ нь буураагүй ноолуурын үнэ энэ жил харьцангуй хямд буюу өнгөрсөн оныхоос 10-20 хувь хямд үнэтэй байх төлөвтэй байна.
Үндэсний шуудан
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.