-Энэ жилийн сонгуулийн өнгийг "Мангас”-ын аманд хаягдсан "мангар” бацаануудаар тодорхойлж байна-
Тун удахгүй буюу 16 хоногийн дараа сонгуулийн санал хураалт болж ирэх жилүүдэд аль нам улс орныг удирдах нь тодорхой болно. Үүний араас үргэлжлэн монголчуудын үндэсний их баяр наадам залгана. Эдгээр томоохон арга хэмжээг шударга, элдэв будлиангүй болоосой хэмээн ард түмэн хүсч байгаа.
Гэтэл манайхан сонгуулиа ч, наадмаа ч хуйвалдаан, найраа, наймаан дунд явуулдаг уламжлалтай болж. Энэ нь жилдээ ганц удаа болдог наадам дөрвөн жилд нэг удаа явагддаг сонгуулийн утга учир мөн чанарыг үгүй хийж байгаа юм.
Цаашилбал, монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолд тойруу утгаараа харшилж буй үйлдэл гэлтэй. Тодорхой хэлбэл, наадам нь ч найраатай, намын сонгууль ч найраатай болж.
Монголчуудын бахархал болсон эрийн гурван наадмын барилдааны үеэр ард түмний хайртай ахмад бөхчүүд гол найрааг нь зохицуулж, залуу бөхчүүдээ өөрсдөд нь унаж өгөхийг гуйж гувшиж, мөнгө цаас наануу цаануу болгодог нь нууц биш. Хуулиар бөхийн цол олгодог нь ч нууц биш.
Хурдан морьдын уралдааныг ч мөн ялгаагүй ингэж зохион байгуулдаг гэдэг. Морьдыг гараанызурхайгаас эхлэн замын дунд хүртэл хөөргөх мэх хийн аажмаар хүчийг нь сульдуулах нэг тийм бохир төлөвлөгөө байдаг гэнэ. Сүүлийн хэдэн жил хурдан морьдын уралдаан ийм л төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа гэх. Яг үүн шиг жишээг улс төрийн намууд үзүүлэх боллоо. Тодруулбал, намууд дархлагдсан, туршлагатай хөгшчүүл болон захын нэг бацаан таньдаг хүнтэй залуусаа өрсөлдүүлж зүрхийг нь үхүүлж байна. Энэ нь өөрсдийнхөө орон зайг залуу боловсон хүчнүүдээсээ булааж байгаа юм шиг дүр зураг сонгуульд нэр дэвшигчдийн хуваарилалтаас харагдаж байна.
Энэ жилийн сонгуулиар залуус яг л хөөргөн хөөгдөх төлөвлөгөөны золиос болсон гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл шинэ, залуу, боловсрол мэдлэгтэй залуусаа "Золиосны тойрог” руу илгээсэн нь хөөргөн хүч сульдуулах мэх гэлтэй байгаа биз.
Энэ бол сонгуульд оролцож буй намуудын нэг муухай бодлого. Шинэ залуу боловсон хүчнүүдээгарах нь гарцаагүй архагуудтай нэг тойрогт хуваарилж зүрхийг нь үхүүлж буй нь башир, бохир арга. Тодорхой хэлбэл, наанаа залуусаа дэмжиж буй мэт царайлж цаанаа залуусаар туг тахиж буй үйлдэл юм. Энэ жилийн сонгуулиар улс төрийн гол намууд хуйвалдан аль хэдийн тойргоо хуваагаад авчихсан гэдэг. Тиймээс ч нэр дэвшигчдийг тойрогт хувиарлахдаа залуусаа туршлагатай хөгшчүүлтэй өрсөлдүүлэхээр тааруулсан. Иргэд олон жилийн турш зурагтаар харсан хэзээний танил хүнээ л сонгоно. Энэ хэрээр сонгуулийн үр дүн залуусын эсрэг гарах юм.Намуудын залуусын дэмжиж байгаа царай энэ. Наанаа дэмжиж байгаа дүр эсгэж цаанаа ингэж л алж байна.
Хуучин бүхэн шинээр солигддог нь жам ёсны л үзэгдэл. Ертөнцийн энэ хууль бидний хүссэн хүсээгүй үйлчилсээр байдаг. Улс төрийн намууд ч энэ хуулиас тойрч гарч чадахгүй. Намуудад шинэчлэл хэрэгтэйг улс төр судлаачид, намын залуу үеийнхэн, хөндлөнгийн ажиглагчид ч хэлж ярьж буй. Ард түмэн аль хэдийнэ анзаарчихсан. Намуудын гишүүд өөрсдийгөө өтөлснөө хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Улс төрийн хувьд ээлжээ хүлээлгэн өгч, дараа үеийнхэндээ зайгаа тавихгүй бол тэднээс илүү боловсролтой, шинэ цагийн залуус юу ч хийж бүтээж амжихгүй, дэмий л ээлж хүлээн өөрсөдтэй нь хамт тэтгэвэрт гарлаа шүү. Намын шинэчлэл нь насны ангиллаар шийдэгдчихдэг зүйл биш ч залуу үеэрээ цус сэлбэх нь шинэчлэлийн нэг хэлбэр.
24tsag.mn
Сэтгэгдэл