Коронавирусийн халдвар авсан хүний тоо дэлхий даяар 2 саяд хүрч, Герман улс хорио цээрээ цуцалж эхэллээ


Дэлхий даяар шинэ коронавирусийн халдвар авсан нийт хүний тоо өнөөдрийн байдлаар хоёр саяын босгыг давж, амиа алдсан хүний тоо 132,000 хүрээд байна. Үүнд 600,000 гаруй хүн халдвар авч, 27,000 гаруй хүн нас барсан үзүүлэлтээр АНУ дэлхийд тэргүүлжээ. Вирус эрчимтэй тархаж байгаатай зэрэгцэн АНУ-ын эдийн засаг ойрын саруудад огцом унахаар байгааг өчигдөр тус улсын Холбооны Нөөцийн банк мэдэгдсэн байна.

Дөрөвдүгээр сарын 4-н хүртэл гурван долоо хоногийн хугацаанд АНУ даяар 17 сая хүн ажилгүй болсон бол ойрын саруудад дахин олон сая хүн ажилгүй болохоор байгааг тус банк анхааруулжээ. Цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг гүн хямарч, энэ оны нийт үйлдвэрлэлийн хэмжээ нь $9 их наядаар буурна гэж Олон Улсын Валютын Сан тооцоолсноо өчигдөр зарласан байна. АНУ-ын цар тахлын хамгийн том голомт болсон Нью Йорк мужид амны хаалт заавал зүүх журам хэрэгжүүлэх болсноо мужийн захирагч Эндрью Куомо өчигдөр зарлажээ.

Олон нийтийн газруудад, бас хүмүүсээс хоёр метрээс илүү зайтай биеэ авч явах боломжгүй газруудад заавал амны хаалт зүүх зөвлөмж нь Баасан гарагаас эхлэн мөрдөгдөх юм. Эхний үед зөвлөмжийг дагаагүй иргэдийг шийтгэхгүй харин худалдаа, үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчиддээ шаардлага тавихаар зохицуулсан тухай Куомо тайлбарлажээ. Мягмар гарагт Нью Йорк мужид 752 хүн нас барж, нийт эндэгдлийн тоо нь 11,000-ыг давсан байна. Үүнээс гадна тахлын үед Нью Йорк хотод нас барсан 3,800 хүнийг албан ёсны тоонд оруулах эсэх асуудал яригдаж байна. Тэдгээр хүмүүс коронавирусийн халдвараар нас барсан байх магадлалтай ч шинжилгээгээр эцэслэн тогтоогоогүй байгаа ажээ.

АНУ-ын нийт 50 мужаас 20 орчимд нь коронавирусийн тархалт өндөр биш үзүүлэлттэй байгаа тул тавдугаар сарын 1-нээс тэдгээр мужуудад хорио цээрийн дэглэмийг хэсэгчлэн цуцалж магадгүй байгааг албаны эх сурвалжууд мэдээлсэн байна. Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ 20 орчим мужид тахлын нөхцөл байдал харьцангуй сайн байгаа тул тавдугаар сарын 1-нээс ч өмнө эдийн засгийг нь идэвхжүүлэх боломжтой гэж байв. Европ тивд халдварын тоо нь өдрөөс өдөрт багасаж байгаа Герман улс өчигдөр хорио цээрийн дэглэмээ сулруулж, ирэх долоо хоногоос дэлгүүрүүдийг, тавдугаар сарын 4-нөөс эхлэн сургуулиудыг хэсэгчлэн нээх шийдвэр гаргажээ. 

Германы холбооны улсад багтдаг 16 мужийн захирагч нар өчигдөр канцлерь Ангела Меркельтэй хуралдсаны дараа дээрх төлөвлөгөөг дэмжсэн байна. Тэд дөрөвдүгээр сарын 30-нд дахин хуралдаж, тавдугаар сарын 3-наас хойш авах арга хэмжээний талаар хэлэлцэхээр болжээ. Өчигдөр гаргасан шийдвэрийн дагуу 800 м.кв хүртэл талбайтай дэлгүүр, худалдааны газруудаас гадна автомашины борлуулагчид, номын дэлгүүрүүд, үсчингүүд ирэх долоо хоногт нээгдэхээр болсон байна. Ингэхдээ "social distancing” зарчмыг үйлчлүүэгчдээрээ мөрдүүлж, ариун цэврийг сахиулах ёстой болжээ. Тавдугаар сарын 4-н сургуулиуд нээгдэхдээ зөвхөн төгсөх ангийн сурагчдын хичээлийг эхлүүлэх юм байна. Сүүлийн байдлаар коронавирусийн халдварын батлагдсан тоогоор дэлхийд тэргүүлж байгаа 10 улсын тоо баримтууд:

  Улс Халдварын тохиолдол Эндэгдэл Харьцаа
1 АНУ  614,482   27,085  4%
2 Испани  177,633   18,579  10%
3 Итали  165,155   21,645  13%
4 Герман  133,209   3,592  3%
5 Франц  131,165   17,188  13%
6 Их Британи  99,455   12,892  13%
7 Хятад  83,318   3,342  4%
8 Иран  76,389   4,777  6%
9 Турк  69,392   1,518  2%
10 Бельги  33,573   4,440  13%

Э.Сэмүүн

Эх сурвалж: AFP, Associated Press 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.