Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис хэлэхдээ, "Үндэсний аудитын газар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зуйлийн 38.6-д заасны дагуу ирүүлсэн бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авлаа. Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 24:00 цаг хүртэл хүлээн авсан бөгөөд нийт 208 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлээд байна. 10 гаруй хүн мөрийн хөтөлбөрөө цахимаар ирүүлсэн. Нам эвслийн 19 мөрийн хөтөлбөрт аудит хийж үзлээ. Шалгуур хангаагүй дөрвөн эвсэл, найман намд хамаарах 12 мөрийн хөтөлбөр эхлээд буцсан.
Монгол Улсын эрх зүйн гурван том бичиг баримттай нийцэж байгаа эсэхийг нь хянадаг. Тухайлбал, эд хөрөнгө амлах, улс орон нутгийн төсвийг хувь хэлбэрээр тараах, уул уурхайн орлогыг тараах, зээл хүчингүй болгох амлалт зэргийг харна. ҮАГ аль нэг субъектийн эрх ашгийг биш, хуулийн заалтыг харгалзана”
Мөн тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Томоохон намууд орон сууц зэрэг зүйлүүд амласан шинжтэй мөрийн хөтөлбөр боловсруулсан. Засаж залруулсан уу?
-Хуульд нийцэхгүй байсан шаардлагууд засагдсан.
-Хичнээн бие даагч мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн бэ?
-Нийт 208 бие даагч УИХ-ын сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө манай байгууллагад ирүүлсэн.
-Гадаадад гацчихсан байгаа хүмүүс мөрийн хөтөлбөрөө яах вэ?
-10 гаруй хүн мөрийн хөтөлбөрөө цахимаар ирүүлсэн. Эдгээр хүмүүс дотор гадаадаас ирүүлсэн хүн байхгүй байсан. Хөл хорио тогтоосон учир бүгд хөдөө орон нутгаас ирүүлсэн.
Сэтгэгдэл