Энэ УИХ-д суугсдыг “Хурдхан тараад зайлцгаагаасай” гэх үгс цахим орчноор хөвөрч эхэллээ. Гэхдээ энэ гурван үг бол гомдогсдын үг л дээ. Яагаад ийн хэлэх болсон учрыг сийрүүлбэл, УИХ-аар Цар тахалтай тэмцэх тухай хууль баталсан. Энэ манай улсын хувьд цоо шинэ зүйл гэхэд болно. Энэхүү шинэ хуулийн хүрээнд ипотекийн хөтөлбөрт хэд, хэдэн арга хэмжээ авахаар тусгасан байгаа. Тухайлбал, ипотекийн зээлийн үндсэн төлбөр, хүүг хойшлуулах хүсэлтээ 4 дүгээр сарын 30-ны дотор гаргасан иргэд 6 дугаар сарын 1 гэхэд харилцагч банкан дээрээ очиж, зээлийн хуваарьтаа өөрчлөлт оруулан баталгаажуулах гээд.
Өнгөрөгч 3 дугаар сарын байдлаар ипотекийн зээлийн хувьд хугацаа хэтэрсэн зээл нь 3.5 хувьтай байсан бол зээл хойшлуулах хүсэлт гаргаснаар 2.3 хувь болж бууран, 57 тэрбум орчим төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл хэвийн ангилалд шилжсэн гэж байгаа.
Харин 5 дугаар сарын 1-н хүртэл ипотекийн зээлээ хойшлуулах хүсэлт гаргаагүй иргэдийн ипотекийн зээлийн 8 хувийг нь 6 хувь болгов. Өөрөөр хэлбэл зээлээ хойшлуулах хүсэлт гаргаагүй боломжтой иргэдэд 2 хувийн урамшуулал олгож тэднийг шагнаж, харин арай ядан амь зууж ипотекийн зээлэндээ дарлуулж байгаа иргэдийн “Хохь нь” гэж байгаатай агаар нэг үйлдэл болж.
Гэхдээ хөөрхийс 6 сарын хугацаанд зээл царцааж өгсөнд туйлын ихээр баярлаж нулимс унагаж “6 сарын дараа амьдрал арай өөр байх байгаа, улам доошилчихгүй байгаа, за тийм азгүй юм гэж юу байхав” гээд уртаар амьсгаа аваад “ХҮ” гэж гаргачхаад итгэл муутайхан явж буй нэгэнтэй ч таарав. Харин боломжтой нөхдүүдийг “ШАГНАСАН” тэр 2 хувь бол бага мөнгө бас биш ч ТӨР түүнийг төлөх юм гэсэн.
Боломжтойгоо шагнаж, боломжгүйгээ бүр ч дорд үзсэн ТӨР-ийг “Хурдхан тараад зайлаасай” гэхээс өөр юу ч гэх билээ дээ. Манай хууль батлагсдын гаргасан эл шийдвэр гадаадад байгаа монголчуудыг ч БАЙДАЛД оруулж байгаа бололтой.
Тэднийг маань "Ядарснаа харж үздэггүй, боломжтойгоо шагнаад, төр нь өмнөөс нь өрийг нь төлдөг, танай монголчуудын учрыг ойлгоход ёстой бэрх, ёстой сонин юмаа" гэх зэргээр даапаалж зарим нь бүр эрхий долоовор хуруугаараа толгой дээрээ эвэр хийж хүртэл дооглож байгаа сурагтай. Боломжтойгоо шагнаж, боломжгүйгээ дорд үзсэн ТӨР-тэй манайхаас өөр улс орон бий болов уу.
С.Цээл
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл