Коронавирусийн вакциныг түрүүлж бүтээсэн улс дэлхийд нөлөөгөө тогтооно


Дэлхий даяар коронавирусийн эсрэг вакцин бүтээх уралдаан өрнөж, АНУ, Хятад улсууд хамгийн түрүүнд барианд орохоор өрсөлдөж байна. Судлаачдын үзэж байгаагаар хэн түрүүлж вакцин бүтээсэн нь геополитикийн томоохон ялалт байгуулах гэнэ.

Тиймээс АНУ-ын үндэсний аюулгүй байдлын мэргэжилтнүүд, анагаах ухааны эрдэмтэд энэ уралдаанд Хятад улс түрүүлэх магадлалтай байгаа талаар ярьж, санаа зовж эхэлжээ. “Хятад улсын хувьд судалгааны бааз суурь сайтай, цар тахалд түрүүлж нэрвэгдсэн учраас туршлага хуримтлуулсан, түрүүлж эхэлсэн давуу талуудтай байна. Тус улс түрүүлж вакцин гаргах өндөр магадлалтай. Хэрвээ Хятад улс технологио бусад улстай хуваалцахгүй гэвэл АНУ-ын хувьд томоохон асуудал болно” гэж Жоржтауны их сургуулийн анагаах ухааны салбарын захирал Лоренс Гостин ярьжээ.

Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэрээ нууцалсан албан тушаалтан саяхан Politico сайтад ярихдаа Хятад улсад судалгааг түрүүлж эхэлсэн давуу тал байгаа бөгөөд “вакцин түрүүлж бүтээсэн улс үндсэндээ дэлхийг захирна” гэж хэлсэн байна.

Мөн АНУ-ын засгийн газрын хүнс, эмний асуудал хариуцсан албан тушаалтан асан доктор Скотт Готтлиб хэдхэн өдрийн өмнө “The Wall Street Journal” сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлдээ Хятад улсын вакцин бүтээх ажил маш хурдтай хэрэгжиж байгааг дурдаад “Барианд эхэлж орсон улс эдийн засгаа түрүүлэн сэргээж, дэлхийд нөлөөгөө тогтоож чадна. АНУ дэд байранд орох эрсдэлтэй байна” гэж анхааруулжээ.

Хятадын эрх баригчид сүүлийн үед коронавирусийн цар тахлыг Ухань хотод тогтоож чадалгүй дэлхий дахинд тараасан гэсэн шүүмжлэлтэй тулгараад байна. Ялангуяа Дональд Трампын засаг захиргаа шүүмжлэлээ үүнд чиглүүлж, АНУ-д цар тахал дэгдээсэн бурууг Бээжинд тохохыг оролдож байгаа. Харин Covid-19 өвчний эсрэг вакцин бүтээж чадвал олон улсын тавцанд энэ муу нэрээ арилгах боломж нээгдэнэ гэж ажиглагчид үзэж байна.

“Хятадын засгийн газар Covid-19 вакцин бүтээхэд асар их хөрөнгө, хүч дайчилж байгаа. Тиймээс тэд түрүүлж вакцин гаргах боломжтой” гэж Бритиш Колумбийн Саймон Фрэйзер Их сургуулийн судлаач Кэлли Ли өнгөрсөн сард хэвлэлд ярьж байжээ.

Вашингтон, Бээжингийн хооронд өрнөж буй вакцин түрүүлж бүтээх уралдаан нь хүйтэн дайны үед АНУ, Зөвлөлт Холбоот улсууд саран дээр түрүүлж мөрөө гаргахаар өрсөлдөж байсан цаг үеийг санагдуулж байгаа тухай Лоренс Гостин ярьсан байна.  Гэхдээ “манай улс түрүүлэх ёстой” гэсэн энэ хандлага нь нөгөө талаар дэлхий нийтэд нүүрлэсэн цар тахлын эсрэг хүчээ нэгтгэж, хамтран тэмцэх боломжийг хааж байгааг тэр бас сануулжээ. 

Р.Төмөр 

Эх сурвалж: Business Insider


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.