1994 онд Африкийн Руанда улсад болсон томоохон геноцидын сүүлчийн гэм буруутнуудын нэг Фелисен Кабуга өчигдөр Парис хотод баривчлагджээ.
Кабуга нь бас Хуту хүмүүсийг аллага үйлдэхэд уриалсан суртал нэвтрүүлгийн радио, телевиз ажиллуулж байсан юм. Тэрээр өнгөрсөн 25 жилийн хугацаанд Кени, Конго, Швейцарь, Бельги, Герман зэрэг улсуудад дүрвэн амьдарч байжээ. Хамгийн сүүлд Парис хотод 3-4 жил амьдарсан байна. АНУ-ын төрийн департмент Кабуга хаана байгаа талаар мэдээллийг $5 саяар худалдаж авах болзол зарлаж байжээ. Одоо Руандагийн геноцидын гол санхүүжүүлэгч Кабуга олон улсын шүүхээр шийтгүүлэх нь тодорхой болоод байна. Геноцидын сэдэв Франц-Руандагийн харилцааг хөгжихөд гол саад болж байсан асуудал юм.
Руандагийн ерөнхийлөгч, Туци үндэстэн Пол Кагаме геноцид үйлдсэн этгээдүүдийг Франц улс өмгөөлөн хаацайлж, улс орондоо орогнуулж байна хэмээн шүүмжилж байжээ. Өнгөрсөн онд Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон өөрийн улсын архиваас энэхүү геноцидын түүхтэй холбоотой баримтуудыг цуглуулах мэргэжилтнүүдийн багийг байгуулснаа зарласан байна.
Р.Төмөр
Эх сурвалж: AFP
Сэтгэгдэл