Ерөнхий прокурор дээрхи хүсэлтийг хүлээн авч, дээрх консулуудийг хорих ангийн үйл ажиллагаатай танилцуулах ажиллагааг зохион байгуулах үүрэг өгсөний дагуу 2016 оны 06-р сарын 16-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын туслах, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг, 6 орны консулын хамтаар Нийслэл хотоос 150 километр зайд байрлах Багануур дахь ШШГЕГ-ын харъяа чанга дэглэмтэй Хорих 427-р ангийг зорьсон.
Зорьсон газраа очиход тус Хорих ангийн дарга, хурандаа Д.Тулга биднийг найрсагаар хүлээн авсан ба хорих ангийн Дэглэм харуул хамгаалалтын ахлах байцаагч, ахмад Г.Гантулга, УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбатад хорих анги дээр гарсан зөрчилгүй, тайван байгааг илтгэлээ.
Уулзалтын эхэнд ШШГЕГ-ын харъяа чанга дэглэмтэй Хорих 427-р ангийн дарга, хурандаа Д.Тулга зочдод ангийн түүхэн замнал, бүтэц зохион байгуулалт, аж ахуй эрхлэлт, албад тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийн талаар дэлгэрэнгүй танилцуулж. тэдний асуусан асуултанд хариулт өгсөн юм.
Багануур дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь хуучнаар Сайд нарын Зөвлөлийн 1985 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 301 дүгээр тогтоолыг үндэслэн Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1985 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 985 дугаар тушаалаар 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колони нэртэйгээр анх байгуулагдсан ба 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс Шүүхийн шийдвэр биелүүлэх алба, 2002 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон өөрчлөгджээ.
ГАДНЫ ЯЛТАНГ ЭХ ОРОН РУУ НЬ ШИЛЖҮҮЛЭХЭД ТУЛГАРЧ БАЙГАА ГОЛ АСУУДАЛ БОЛ
МОНГОЛ ИРГЭДИЙГ ЗАЛИЛЧИХААД ХОХИРЛОО ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ЯВДАЛ ЮМ
Ц.МӨНХБАТ : УЕП-ЫН ТУСЛАХ, ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ХЭЛТСИЙН ДАРГА
Хорих 427 ангийн үйл ажиллагааг ямар хэмжээнд байна гэж та дүгнэж байна.
Энэ жил Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 95 жилийн ой, Хорих 427-р ангийн 30 жилийн ой болж байгаа. Эдний байгууллага түүхт ойгоо тохиолдуулан чамгүй ажил хийсэн байгаа нь харагдаж байна. Бид сая ялтнуудын ял эдэлж байгаа байдалтай байранд нь орж танилцлаа.
Бас л нөгөө стандарт шаардлагыг харьцуулж үзэж байгаа юм л даа. Ер нь боломжийн байна гэсэн дүгнэлтийг би хийлээ.
Улсын их хурлаас энэ оны 05-р сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг шинэчлэн баталсан. 9 сараас эхэлж албан ёсоор мөрдөж эхэлнэ. Энэ хуулинд нилээд өөрчлөлт орсон байгаа. Жишээ нь: Ялтны хөдөлмөр эрхлэлтийн асуудал байна. Ялтныг хөдөлмөрлүүлэх ёстой. Тэр хэмжээгээр шагналын хоног авна, цалин мөнгө олно, хохирлоо төлнө, өөртөө хэрэглэнэ олон талын ач холбогдолтой. Харамсалтай нь сүүлийн 2 жилд энэ асуудал жаахан хэцүүхэн болчихлоо. Үүнийг би улс орны эдийн засагтай шууд хамааралтай гэж үзэж байгаа. Яагаад гэвэл ялтны хийж байгаа зүйлсийг худалдаж авах нь эрс багассан байна л даа. Мэдээж тэр хэмжээгээр ял эдэлж байгаа хүмүүсийн байдалд хүндээр тусаж байгаа юм. Харин прокурорын байгууллага ялтныг хөдөлмөрлүүлэхийн төлөө байна. Хэдийгээр улс орны нийгэм эдийн засгийн асуудал хүнд байгаа ч гэсэн эдгээр хүмүүсийн хөдөлмөрийг ашиглая гэвэл ажил маш их байгаа. Жишээ нь: Замын асуудал байна. Ажилгүй байгаа олон зуун ялтнуудыг энэ ажилд хамруулах бүрэн бололцоотой. Хамгийн гол нь харуул, хамгаалалт зохион байгуулалтыг маш сайн хийх ёстой.
Энэ асуудал дээр манай улсын Засгийн газар, Хууль зүйн яам болон бусад холбогдох эрх бүхий албан тушаалтнууд зоригтой шийдвэр гаргах ёстой. Харамсалтай нь шийдэж чадахгүй явсаар байгаад ийм байдалд хүрч байна.
Ялтнууд дотор янз бүрийн гарын ур дүйтэй, чадвартай хүмүүс их байна. Тоосго цохиж барилга барина, янз бүрийн гар урлалууд хийж байна. Энэ хийсэн юмыг нь хар л даа. Хир баргийн хүн хийж чадахгүй зүйлс байгаа биз дээ.
Манайд
гадны нилээн хэд хэдэн улсын иргэн ял эдэлж байгаа. Эдгээр ялтнуудын ял
эдлэлтийн байдал манай улсын ялтнуудтай нэг ижил түвшинд байх уу. Эсвэл
олон улсын гэрээ конвецид өөрөөр зааж өгсөн хэм, хэмжээ байдаг уу.
Нэгдсэн үндэстний байгууллагаас баталсан олон чухал гэрээ конвенц байдаг. Тэдгээрт хоригдож байгаа хүмүүс ямар эрх эдэлж ямар үүрэг хүлээх талаар ч тодорхой заагаад өгчихсөн байгаа л даа. Монгол улс ч нэгдээд орчихсон. Мөн манай үндсэн хуульд ч энэ талаар заачихсан байдаг.Олон улсын гэрээ яг л хуулийн адил мөрдөгдөх ёстой. Үүний тулд бид олон ажлыг хийгээд байна. Үр дүн нь мэдээж гарч байна. Гэхдээ бид илүү ихийг хийх ёстой. Гадны ялтан гэж бусад ялтнуудаас ялгаварлах зүйл огт байхгүй. Монголын ялтнууд юу идэж, ууж, ямар эрх, үүрэг эдлэж байна. Энэ бүгдийг адилхан л эдэлдэг.
Энэ олон орны консулууд хорих ангийн үйл ажиллагаатай танилцахыг хүсэж, ирж байна гэдэг чинь Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байна гэдгийг харахыг хүсэж байна гэсэн үг. Бид ч мөн хийсэн ажлаа үзүүлэх ёстой. Нууж хаагаад байх юм байхгүй. Энэ хүмүүс ч бас өөрсдөө үнэлэлт дүгнэлт өгөх байх. Тиймээс прокурорын байгууллага ийм танилцах ажиллагааг хойшдоо ч дэмжинэ.
Гадны улсаас хоригдож байгаа болон бусад ялтнуудаас ирүүлдэг санал, гомдол хир их байдаг вэ.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд гадны улсын 18 иргэн ял эдэлж байгаа. Ер нь бол дунджаар 20 орчим байдаг л даа. Эдгээрийн тал нь энд хоригдож байсан. Сүүлийн үед заримыг нь хот руу шилжүүлсэн байгаа. Эдгээр хүмүүс хүсэлт гаргах нь гаргана. Жишээ нь: Идэх хоолны тухайд Монгол хоол зохихгүй гэдэс өвтгөж байна гэнэ, захидал харилцааны асуудал байна. Манай улсын эдийн засгийн байдал ямар байгаа билээ. Малын гэдэс цувдайгаар хоол хийгээд өгчихөөр тийм асуудал гаргаж байгаа юм л даа. Тэглээ гээд бид тэд нарт зориулж гахай, тахианы мах олж хоол хийж өгөх боломж бололцоо байхгүй. Тэгээд ч бусад ялтнууд юу идэж, ууж байна адилхан л байх ёстой.
Тэдний хувьд гэр орноосоо хол, элчин сайдын яамнаас хол байдаг. Гадаад улсаас ял эдлэж байгаа хүмүүсийн санал, хүсэлтийг аль болох шийдвэрлэхийн төлөө ажилладаг. Гадаад харилцааны яам, Хууль зүйн яамтай хамтарч маш олон ажлыг хийж байна.
Мөн Улсын Ерөнхий прокурорын газраас гардан шийдэж байгаа дараагийн асуудал бол Монгол Улсад хорих ял эдэлж байгаа хүмүүсийг харъяат улс руу нь шилжүүлэх асуудлыг зохион байгуулж байна.
Эдгээр хүмүүсийн санал хүсэлтийн дагуу бид холбогдох арга хэмжээг тууштай авч байна. Заавал манай улсад байх шаардлаггүй хүмүүс байна ш дээ. Тиймээс нутагт нь буцаах тал дээр санаачлага гаргаж байна. Нутагтаа очоод ялаа эдэлнэ л биз. Энд 2 улсын хоорондын гэрээ чухал үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар Монгол Улс хорих ял эдэлж байгаа иргэнийг шилжүүлэх гэрээ9 улстай хийсэн байгаа. Бусадтай нь хараахан хийж амжаагүй ч холбогдох конвенцуудын хүрээнд шийдвэр гаргаж байна.
Одоо манай улсад байгаа гадны ялтнууд ямар төрлийн гэмт хэрэг хийсэн хүмүүс байна вэ.
Ихэвчлэн залилангийн хэрэг хийсэн байдаг. Хулгай хийсэн ялтнууд ч бий. Удахгүй бид Оросын холбооны Тува улсын 3 ялтныг шилжүүлэх асуудлыг шийднэ. Хил дээр хүлээлцэх хугацаагаа л хүлээж байна. Хоёр улсын удирдлагын түвшинд шийдвэр гарсан байгаа.
Гадаад улсаас бас бид өөрийн иргэнээ шилжүүлэн авдаг. Казакстан Улсаас шилжүүлэн авч ирэхээр төлөвлөөд байгаа. Сүүлийн үеийн судалгаанаас үзхэд БНХАУ-д ял эдэлж байгаа манай улсын 63 иргэн хүсэлтээ гаргачихсан байна. Удахгүй бас энэ арга хэмжээг зохион байгуулна.
Манайд ял эдэлж байгаа гадаадын 18 хүнээс ч мөн хүсэлтээ гаргасан хүмүүс байгаа. Харин шийдэхэд тулгарч байгаа нэг гол асуудал бол залилангийн гэмт хэргийн хохирогч болсон манай улсын иргэдийн хохирол төлөгдөөгүй байгаа. Угаасаа хуулиараа хохирол төлөгдөх ёстой, Тэгэж байж л явуулна. Манай иргэд хохирч болохгүй шүү дээ.
Энэ талаар бид холбогдох элчин сайдын яаманд нь асуудал тавиад, хохирлыг төлүүлэх талаар ярьж байгаа. Элчин сайдын яам нь төлж барагдуулж, иргэдээ нутаг руу нь явуулчихаад, дараа нь өөрийн улсын иргэдээсээ гаргуулж авдаг юм байгаа биз. Энэ мэтээр зарим асуудал дээр шийдэгдэхгүй зүйл байна. Ялангуяа хохирол төлөлтийн асуудал удаж байна. Түрүүний ярьдаг ОХУ-ын 3 иргэний асуудал бол хохирол, төлбөр бүгд төлөгдсөн гэсэн үг.
Гадны Улсын Хорих байгууллагаас туршлага судалж, нэвтрүүлэх талаар хийж байгаа ажил байгаа юу.
Ер нь одоо бидний яриад, хийгээд байгаа асуудлууд бол гадаад улсын туршлага дээр үндэслэсэн юм шүү дээ. Ялангуяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан гадагшаа яваад үзсэн, харсан юмаа энд хийх гээд зүтгэж л байна. Хуулиндаа ч тусгах гэж үзсэн. Ер нь шинэ хуулинд нилээн юм орсон шүү. Харин прокурорын байгууллагын тухайд ял эдлүүлэх чиглэлээр холбогдох туршлага судалж байна. Энийгээ бас л ажил хэрэг болгох гээд хамтарч ажиллаж байна.
ТАНИЛЦАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЕЭР БИД ЗАРИМ УЛСЫН КОНСУЛУУДЫН СЭТГЭГДЛИЙГ СОНСЛОО.
Швецарийн холбооны Улсын Ерөнхий консул, Швецарийн хөгжлийн агентлагийнМонгол дахь захирал Marcus Waldvogel:
Ерөнхийдөө миний хувьд маш эерэг сэтгэгдэлтэй буцаж байна. Энэ хүмүүс хэдий эрх чөлөөгөө хязгаарлуулсан ч гэсэн эргэж нийгэмд хөл тавихад нь бэлтгэл хийх зорилгоор сургалт болон бусад зүйлээр хангаж байгаа нь таалагдлаа.
Хамгийн гол нь дахин гэмт хэрэг үйлдэхгүй, нийгэмд бусдын адил амьдрахад л сэтгэл санааг нь бэлтгэхэд хандсан зүйлсийг хийвэл зүгээр юм шиг санагдлаа. Энд энгийн хирнээ орчин нь цэвэрхэн юм.
Их Британи Улсын Элчин сайдын яамны дэд консул Луис Эдвард:
Миний хувьд прокурор болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нээлттэйгээр, хорих ангийн үйл ажиллагааг танилцуулаад, ял эдэлж байгаа хүмүүстэй уулзуулсан нь таалагдлаа.
Мөн хоригдогсдын эрхийг маш сайн хангасан юм шиг санагдлаа. Энд хийж сурч байгаа зүйлсээ нийгэмд гархаараа өөрийн амьдралын эх үүсвэр болгох юм болов уу гэж бодлоо.
Би өөрийн эх орондоо ямар нэг шоронгоор явж үзээгүй ч гэсэн ажлын шугамаар өөр орнуудын хорихоор орж байсан. Монгол Улстай ойролцоо хөгжилтэй оронд очиж үзсэнтэйгээ харьцуулах юм бол мэргэжлийн боловсрол олгож байгаа нь өвөрмөц давуу тал гэж харлаа.
ПРОКУРОРТ ЯЛТНУУДААС ХАНДАН ГАРГАСАН 20 ГАРУЙ ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА
БАГАНУУР ДҮҮРГИЙН ПРОКУРОР Б.ПҮРЭВЖАВ:
Дүүргийн прокурорын газраас тус хорих ангийн үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавин ажиллаж байна.
Тус дүүргийн Прокурорын газар ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын ажлын хүрээнд Багануур дахь чанга дэглэмтэй хорих 427-р ангид ял эдлэж байгаа ялтнуудын ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилладаг. Ерөнхий Прокурорын батлан гаргасан хяналтын ажлын заавар ёсоор тус ангийн үйл ажиллагаатай сар тутам танилцах, улирал тутам шалгах замаар хяналтын ажлаа хэрэгжүүлж байна. Түүнчлэн УЕПГ, НПГ-аас ирсэн удирдамжуудын дагуу шалгалт хийж, дүн мэдээг хүргэж байна. Хорих ангийн үйл ажиллагаа, ял эдлэлтийн байдал, ялтны хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин хөлс, эмнэлгийн үйлчилгээ зэрэг чиглэлээр шалгалт хийхдээ тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарыг оролцуулан, дүгнэлт гаргуулах хэлбэрээр хамтран хяналт шалгалтыг явуулж байна. Ер нь хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдал сүүлийн үед цөөрч байгаа нь тус ангийн ахуй нөхцөл, харуул хамгаалалт, аж ахуй, үйлчилгээ, тэдгээрийн тохижилт сайжирсантай холбоотой гэж үзэж байгаа.
Ялтнуудын зүгээс прокурортой уулзах хүсэлтийг хир их тавьдаг бэ. Тэр бүр бүгдтэй нь уулзаад байх боломж байдаг уу. Уулзахдаа гаргах хүсэлт нь ихэвчлэн юу байх вэ.
Өршөөлийн хууль үйлчлэхээс өмнө тус хорих ангийн ялтаны тоо 600 гарч байсан. Харин одоо 400 гаруй ялтан ял эдлэж байна. Прокурор хорих ангийн үйл ажиллагаатай танилцах явцад ялтнууд бичгээр прокурорт гомдол хүсэлт гаргах явдал цөөнгүй гардаг. Гомдол хүсэлтийн агуулга нь ихэвчлэн ял эдлэх дэглэм бууруулах, ял эдлэх хугацаанаас өмнө тэнсэн суллах гэсэн 2 чиглэлээр гардаг. Ялтнууд прокурортой биечлэн уулзаж, өөрийн санал хүсэлтээ амаар гаргах, бичгээр өгөх тохиолдол бий. Одоогийн байдлаар энэ онд ялтнуудаас прокурорт 20 гаруй гомдол, хүсэлт ирүүлсэнийг шийдвэрлээд байна. Гаргасан хүсэлт, гомдлыг прокурор хүлээн авахдаа гомдол гаргагчтай заавал уулзаж, гомдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч, холбогдох ажилтнуудтай уулздаг. Ажилтнуудын ялтантай харилцах харилцаа, ялтнууд хоорондын харилцаа, ахуй нөхцөл, дэглэм хангамж, эмнэлгийн үйлчилгээ болон ялтны эрх, эрх чөлөө зөрчигдсөн талаар гомдол байдаг.
Ялтныг нийгэмшүүлэх талаар ямар ажил арга, хэмжээг хорих ангитай хамтран зохион байгуулж байна. Төлөвлөсөн зүйл бий юу.
Энэ тал дээр тус прокурорын газраас тогтмол хугацаанд шалган, дүнг хамт олны дунд хэлэлцүүлж, илэрсэн зөрчлийг арилгах түүнчлэн ялтанг нийгэмшүүлэх талаар тодорхой ажил зохион байгуулахаар шаардлага тавьж ажилладаг. Ер нь ялтанг нийгэмшүүлэх ажлыг сүүлийн үед хорих байгууллагаас ихээхэн анхаарч байгаа нь харагдаж байгаа. Энэ бол их чухал асуудал. Учир нь өнөөдөр урт хугацааны ял эдэлсэн ялтан ял эдлэхээс чөлөөлөгдөн нийгэмд гарсан үед тэднийг хүлээн авах орчин, хандлага, дутагдалтай байгаа тул ял эдлэх хугацаанд нь тэдэнд наад захын мэдээлэл өгч нийгэмд бэлтгэгдэх, ажил мэргэжлээ сонгох, ёс зүй, зан харилцааны бэлтгэлтэй болгосноор тэд дахин гэмт хэрэг үйлдэх явдал гарахгүй байх үндэс болдог.
Суллагдсан ялтнууд дахин давтан гэмт хэрэг үйлдэж байгаа байдал дээр судалгаа хийж үзсэн үү. Ямар хүчин зүйлсийн нөлөө байна гэж үзэж байгаа вэ.
Тус ангид ял эдлэж байгаа ялтнуудын ял эдлэлтийн байдлыг судлан үзэхэд 80 гаруй хувь нь давтан гэмт хэрэг үйлдэгсэд байдаг. Хорих ял эдлэх хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан этгээд дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдол их биш ч гэлээ гарсаар байгаа. Жишээ нь: Тус хорих ангид ял эдлэж байгаад суллагдсан этгээд дахин гэмт хэрэг үйлдсэн гурван ч тохиолдол энэ онд гарсан. Гэмт хэрэг дахин үйлдэж байгаа шалтгаан нь ажил хөдөлмөр эрхлэхгүй, ар гэр хамаатан садны халамж үгүйлэгдсэн, архидан согтуурах явдалтай холбоотой байна.
Ялтан Ө-нь тус ангид 3 дахь жилээ ял эдэлж байгаа ба хүний амь нас бүрэлгэсэн хэргээр шүүхээс ял шийтгүүлсэн ажээ.
-Ямар үйлдвэрлэл эрхэлж байна даа.
- Хөөрөгний уут оёж байна. Эхэндээ гар эвлэхгүй эвгүй байсан. Одоо бол сурчихсан.
-Нэг ийм уутыг ямар хугацаанд дуусгаж байна
- Удлаа гэхэд 7 хоноод дуусчихна. Өөр хийх юмгүй болохоор бараг л тасралтгүй бариад суучихна даа. Хааяа нуруу жаахан хөшнө, бусдаараа гайгүй.
-Зарж борлуулсан мөнгөнөөсөө цалин авсан уу.
-Авсан. Нэг бүрийн 25.000 төгрөгөөр зардаг. Би хэд хэдийг оёоод цалингаа авчихсан. Энэ мөнгөнөөсөө заримыг нь гэр бүлдээ явуулсан.
-Уучлаарай энэ сайхан залуу насыг ийм газар өнгөрүүлэх харамсалтай л юм даа. Ер нь хийсэн хэрэгтээ хир их харамсдаг вэ.
-Маш их харамсдаг. Хайртай дотны хүмүүстэйгээ ойрхон байж амьдрах ямар сайхан байсныг энд ирээд ойлгож байгаа.
Сэтгэгдэл