Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний төрийн бус байгууллагууд УИХ-ын сонгуулийн үеэр хэд хэдэн чиглэлээр ажиглалт мониторинг хийж байна. Тодруулбал, хэвлэл мэдээллийн, сонгуулийн автоматжуулсан системийн, сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн, нийгмийн сүлжээн дэх сонгуулийн сурталчилгааны мониторинг хийж байгаа аж.
Тэд сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах, болон хяналтын тооллого хийх хэсгийн хороодыг сонгох, хяналтын тооллого хуулийн дагуу явагдаж байгаас эсэхэд хяналт тавин ажиллах юм. Сонгуулийн автоматжуулсан системийн сонгуульд бэлтгэх үйл явцад хяналт тавьж ажиллахад 19 нэгжээс таван хөндлөнгийн байгууллага ажиглалт хийх хүсэлт гаргажээ. Санал тоолох төхөөрөмжийг шалгахдаа бэлэн болсон төхөөрөмжөөс санамсаргүй байдлаар сонгож, нэр дэвшигч тус бүрт өгсөн саналыг уншуулах, саналыг бүрэн уншиж байгаа эсэх, тэмдэглээгүй, илүү санал бөглөснийг унших эсэхийг туршиж үзсэн байна. Харин сонгогчдын нэрсийн жагсаалтад хяналт тавихдаа Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг сонгон ажилласан гэнэ. Төрийн бус байгууллагынхан хэсгийн хороодод очиж, сонгогчдын хаягийг шалгажээ. Шалгалтаар нэг хаяг дээр олон сонгогч бүртгэлтэй байх тохиолдол олон байгааг тэд онцоллоо. Энэ талаар МИДАС ТББ-ын тэргүүн С.Энхжаргал "Баянзүрх дүүргийн VIII хороо, Эрдэнэтолгой 50 дугаар гудамжны нэгэн хашаа байшинд 10 хүн бүртгэлтэй байсан.
Үүнийг шалгахад хүн амьдардаг шинжгүй, эзгүй хашаа байсан. Мөн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо Монелийн 12 дугаар гудамжны нэгэн хашаанд 20 хүн бүртгэлтэй байсан. Шалгахад хаяг дээр зөвхөн сонгуулийн насны хоёр иргэн буюу ээж охин амьдардаг байжээ. Нөхөр нь амьдардаг хэдий ч орон нутагт бүртгэлтэй гэжээ. Тус хаяг дээр өмнө нь бүртгэлтэй байсан хүмүүсийг хасуулах хүсэлт гаргасан ч өөрсдөө хасалт хийлгээгүй гэсэн байна” гэлээ.
Б.Бадралмаа
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сэтгэгдэл