-Таны сүүлд хашиж байсан албан тушаалаас ярилцлагаа эхэлье. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа та Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдсон. Урьж ажиллуулсан уу, өрсөлдөж гарч ирсэн үү?
-2016 оны сонгуулиас өмнө би Монгол Ардын Намын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажилласан. Нам сонгуульд ялсны дараа бүлгийн дарга С.Бямбацогт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон. Эрх зүйн шинэтгэлд хамтарч зүтгэе гэж надад санал тавихад нь би зөвшөөрсөн. Дэд сайд бол улс төрийн албан тушаал учраас намын Удирдах зөвлөлөөр хэлэлцдэг. Нэг албан тушаалд хоёр хүн өрсөлдүүлнэ, нууцаар санал хураана, хэрвээ дэмжигдэхгүй бол хоёр жил улс төрийн албан тушаал хашихгүй байх болзолтой. Ингээд санал хураахад Удирдах зөвлөлийн 34 хүний 29 нь намайг дэд сайдад дэмжсэн. Тухайн үед дэд сайдад нэр дэвшсэн хүмүүсээс хамгийн олон саналыг Сангийн дэд сайд Х.Булгантуяа бид хоёр авсан л даа.
-Таныг дэд сайд болгох шалгуур юу байсан бол?
-Нэгд, мэргэжлийн байх шалгуур тавьсан. Миний хувьд хууль зүйн салбарт ажилласан туршлага, мэргэшсэн байдал нөлөөлсөн болов уу. Хоёрт, мэргэжлээрээ ажилласан ажлын туршлагыг харгалзсан байх. Өмнө нь би Хууль зүйн яаманд мэргэжлээрээ, төрийн захиргааны байгууллагад Тамгын газрын дарга, УИХ-д хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан.
-Дэд сайд бол төрийн хариуцлагатай албан тушаал. Гэвч сайдынхаа гарын аясаар хөдөлдөг амьгүй албат, хэрэггүй албан тушаал гэх нь бий. Та чухам аль нь байсан бэ?
-Хууль бол орон даяар, нэг ч хүнийг орхилгүй үйлчилдэг төрийн дээд шийдвэр. Энэ талаас нь харвал Хууль зүйн дэд сайд байна гэдэг өндөр хариуцлага. Би хууль зүйн бодлого, гадаад харилцааны асуудлыг хариуцаж ажилласан. Үнэхээр ажил хийе гэж орсон, бас их хичээсээн, манай баг. Хуульчийнхаа хувьд Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг, төрийн яам хамтын удирдлагатайг сайн мэднэ. Дэд сайдаар ажиллахдаа би энэ "хайрцаг”-наас гараагүй, гажаагүй. Гэхдээ өөрийн чинь асуусан шиг сайдынхаа гарын аясаар хөдөлдөг утсан хүүхэлдэй байгаагүй ээ. Хэрвээ тийм байсан бол дэд сайдын албан тушаалын өмнө та өнөөдөр "асан” гэж тодотгох шаардлагагүй ч байх байсан юм бил үү, мэдэхгүй ш дээ.
Хоёр сайдтай хамтарч яамныхаа чадварлаг хамт олон, Засгийн газар, УИХ-ын дэмжлэгээр багагүй ажил амжуулсан байна. Улс төрийн эрсдэлтэй, бас "гал”-тай гэмээр олон асуудлыг барьж авч шийдүүлж чадсан. Батлуулсан хууль, гаргасан бодлого шийдвэрийнхээ нийгмийн өгөөж, өнөөдрийн бодитой үр дүнг харвал нийгэмдээ хэрэгтэй дэд сайд байхын төлөө хичээж ажилласан гэж хэлнэ.
МУИС-ийг төгсөөд өнөөдрийг хүртэл би хуульчаараа л яваа. Хууль боловсруулах явцад янз бүрийн байгууллага, эрх мэдэлтнүүдийн эрх ашиг тусах гээд байдаг. Энэ бүхнийг сөрж, олны эрх ашгийн талд Монголын хөрсөнд буусан хууль бичихийн тулд хуульч мэргэжлийнхээ зарчим, үнэт зүйлийг жанжин шугамаа болгож ажилласан. Салбарынхаа албан хаагчдыг үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр гадаад улсад сургах, туршлага судлуулах замыг сэргээсэн.
-Хүмүүс таныг Бүртгэлийн багц хуулийн ажлын хэсгийг ахалж батлуулснаар сайн мэддэг шиг байгаа юм. "Хэрвээ Бүртгэлийн хуулийг дэд сайд Б.Энхбаярын зөрүүдэлсэн хувилбараар батлаагүй бол ЖДҮ-гийн хэрэг илрэхгүй, Төрийн тусгай сангуудын ялзрал задрахгүй байсан” гэх яриа хүртэл улс төрийн хүрээнд гарч байсан. Энэ хуулийг батлуулахад улс төрийн эсэргүүцэлтэй тулгарсан уу?
-Улс төрийн, улстөрчдийн эсэргүүцэл гэвэл Бүртгэлийн багц хуулийн төслийн явцад байгаагүй. Харин Хөгжлийн банкийг шалгах, шалгалтын дүнгээ Засгийн газар, УИХ-д танилцуулахын өмнө их юм болсон. 2012-2016 онд эрх барьж байсан, экс гишүүн болчихсон зарим улстөрчөөс янз бүрийн дайралт, зогсоох оролдлогууд ил, далдаар ирж байсан. "Чамайг ажилгүй болгохыг танай намынхнаар хийлгэнэ” гэж хүртэл сүрдүүлж ч үзсэн. Тэглээ гээд бид мохоогүй. Хөгжлийн банкин дээр ямар булхай луйвар болсныг шалга гэж Монгол Улсын Засгийн газраас чиглэл өгч намайг Ажлын хэсгийн ахлагчаар томилсон учраас бид няцаагүй. Манай ажлын хэсэг Хөгжлийн банкинд шалгалт хийж 1.7 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг хуулийн байгууллагад шилжүүлсэн.
-Бичиг баримт захиалах гэж улсын бүртгэлийн үүд сахидаг, адаглаад хорооны Засаг даргын тодорхойлолт авах, хаяг шилжүүлэх зэрэгт нервээ бардаг. Бүртгэлийн хуулиудыг баталснаар нотариат, банкин дээр хурууны хээгээ дараад татаад авчихдаг, цахимаар захидаг, интернэтээс харчихдаг болсон шүү.
-Иргэдэд бүр амар болсон. Төрийн хүнд суртлыг багасгаж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, нээлттэй болгох үүднээс Бүртгэлийн хуулийг багцаар нь шинэчлэн боловсруулж УИХ-аар батлуулсан. Өнөөдөр Бүртгэлийн хуулийг бараг хүн бүр ашиглаж компьютерийн хэдхэн товч дараад л хүссэн мэдээллээ түвэггүй авдаг боллоо. Янз бүрийн лавлагаа, иргэний үнэмлэх, гадаад паспорт зэрэгтэй холбоотой төрийн зарим үйлчилгээг хүртэл гэрээсээ цахимаар захиалаад гэртээ хаягаар хүргүүлж авах боломжтой болсон. Бүртгэлийн хуулийн энэ бүх өгөөж, үр дүн нь манай ажлын хэсгийнхэнд их урам өгсөн. Ажлынхаа эерэг үр дүнг харах хэн бүхэнд сайхан шүү дээ.
Авлига хамгийн их нүүрлэсэн, хаалттай, тэгсэн хэрнээ хамгийн их мөнгөн дүнтэй цавчаанууд төрийн өмчит компаниуд дээр явдаг. Сайд, дарга болгон л "Баялаг бүтээгчдээ дэмжинэ, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлнэ” гэж ярьдаг. Тэгээд зөвхөн татвар чөлөөлөх, хөнгөлөх тухай л ярьдаг. Бодит байдал дээр хувийн бизнест хамгийн их саад хийдэг нь төр өөрөө болчихсон. Уг нь төр хувийн хэвшлээ бодлогоор дэмжиж, бизнесийг хувийн хэвшлийнхэн нь хийх ёстой. Гэтэл эсрэгээрээ, төр өөрөө компани байгуулж, аж ахуйн үйл ажиллагаа явуулж хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж, монопольдож, хувийн хэвшлийнхээ боломжийг хаадаг, үгүй хийдэг. Төр бас дэргэдээ олон янзын сан байгуулж нэн хөнгөлөлттэй зээл хуваарилан эрх мэдэлтнүүдэд давуу байдал бий болгодог.
Арилжааны банкны 20-30 хувийн зээлтэй хувийн компаниуд яаж төрийн ивээлд байгаа компаниудтай өрсөлдөх юм бэ. Энэ хүрээнд төрийн өмчит компанийн засаглал, хувьцаа, чиг үүрэг, удирдлагатай холбоотой асуудлыг цэгцлэх, ил тод нээлттэй болгох ажлыг эхлүүлсэн. Өмнөх 30 жилд төдийлөн ил болдоггүй явсан ЖДҮ-ийн хэрэг, төрийн олон сангуудтай холбоотой эрх мэдэлтнүүдийн давуу эрхээр авсан зээлийн мэдээллүүд энэ УИХ-ын үед ил, илүү нээлттэй болсон. Булхай луйвар ч гарч ирсэн. Энэ бол Бүртгэлийн багц хуулийг шинэчлэн баталсны давуу тал, ач холбогдол. Энэ хууль батлагдаад л маргааш нь өгөөжөө өгч, өмнө нь далд байсан мэдээллүүд, булхай луйвар ил болсон.
ХУУЛЬ БОЛОВСРУУЛЖ БАЙХ ҮЕД МИНИЙ БАРИМТАЛЖ БАЙСАН ГОЛ ЗАРЧИМ БОЛ ХҮНИЙ ЭРХ...
-Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг 2015 онд баталсан. Тэнд танай ажлын хэсгээс ямар өөрчлөлтүүд оруулсан бэ?
-Өмнөх эрх баригчид Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг баталсан. Би 2016 оны наймдугаар сард ажлаа авсан, есдүгээр сараас Эрүүгийн шинэ хууль үйлчлэх товтой байсан. Гэтэл Эрүүгийн процессын хууль нь батлагдаагүй, хагас боловсруулаад орхисон, шууд хэрэгжих боломжгүй учраас хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах шаардлага гарсан. Дотоодын шилдэг хуульчид, хүний эрхийн сайн экспертүүдтэй хамтран хуулийн төсөл дээрээ ажиллаж эхэлсэн. Их том хуулиуд. Бид богино хугацаанд махруу, бараг л өдөр шөнөгүй ажилласан. Олон зүйл өөрчилж, цэгцэлсэн.
Хоёрхон зүйл хэлье. Нэгд, Эрүүгийн болон Зөрчлийн хуульд шинээр мөрдөх гэж байсан торгуулийн хэмжээг хоёр дахин бууруулсан. Торгууль шийтгэлийг хэтэрхий өндөр тавьсан байв. Хүмүүс одоо ч өндөр байна гэж ярьдаг даа. Биднийг өөрчлөхөөс өмнө бүр хоёр дахин өндөр байсан.
Жолооч нар зөрчлөөсөө хамаараад өнөөдөр голдуу 20 мянган төгрөгөөр торгуульдаг. Хэрвээ бид өөрчлөөгүй, өмнөх эрх баригчдын хувилбараар нь явуулсан бол жолооч нарын өнөөдрийн 20 мянган төгрөгийн торгууль хамгийн багадаа 40 мянган төгрөг байхаар хууль баталсан байсан. Өөрөөр хэлбэл, тооцооны нэг нэгжийг 2000 төгрөгөөр тооцно гэснийг бид 1000 төгрөг болгосон. Хэт өндөр торгуультай хууль хэрэгжээд эхэлбэл ямар ч амьдралгүй, ард иргэдийнхээ халаасыг хоослохоос өөрөөр үр дүн багатай.
Хоёрт, бүх хэрэгт хорих ял төлөвлөхөөр хуульчилсан байсан. Эрүүгийн хуулиар зүйлчилсэн бүх хэргийг хамгийн багадаа 7-30 хоногийн хорих ялтай байхаар хуульчилсан байсан. Үүнийг өөрчилсөн. Бүх хэргийн 30 орчим хувийг хорих ялгүй болгож, торгох, эсвэл нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээр сольсон. Ер нь бол шоронжуулах хууль гаргасныг арай зөөллөсөн хэрэг. Хүнийг торгож шийтгэхээс илүүтэй ял шийтгэлийн бодлогыг шударга болгох, гэмшүүлэх зорилгыг чухалчилсан.
-Та түрүүн "гал”-тай гэмээр асуудлыг ч барьж авч шийдсэн гэлээ. Тэр нь Хөгжлийн банкны хэргээс гадна "Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авсан шийдвэр байх, тийм үү. Яг өнөөдөр "Эрдэнэт”-ийн 49 хувь хэнд байна вэ, төрд байгаа юу?
-"Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахад УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. УИХ-ын ажлын хэсэгт хууль зүйн талаасаа дэмжлэг үзүүлэх Засгийн газрын ажлын дэд хэсэгт би орж ажилласан. Таны асуултад шууд хариулахад хууль зүйн хувьд УИХ-ын тогтоол анхнаасаа алдаатай. УИХ-ын тогтоолд хэлцэл хийж ав гэсэн. Хэлцэл хийнэ гэдэг нь та, бид хоёр ярилцаж тохироод санал нэгдэж хийгддэг хууль зүйн ойлголт. Гэтэл Засгийн газар нь нөгөө талтайгаа ямар нэгэн хэлцэл хийлгүйгээр шууд УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлсэн байна гэж Улсын дээд шүүхээс шийдвэр гаргасан. Хууль зүйн хувьд УИХ-ын шийдвэр эцсийнх байдаг. Энэ маргааныг хянасан Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр бас эцсийнх. Цэцийн шийдвэр нь УИХ-ын шийдвэр зөв, гэхдээ нөгөө талтайгаа хэлцэл хийж ав гэсэн. Одоо хууль зүйн хувьд хэн нь ч хэнийгээ үгүйсгэж чадахгүй гурван эцсийн шийдвэртэй болчихоод байгаа. УИХ-ын шийдвэрийг бариад яривал "Эрдэнэт”-ийн 49 хувь төрийн өмч болсон. Улсын дээд шүүхийн шийдвэрийг бариад яривал "Монголын зэс” компанийн өмч юм шиг. Цэцийн шийдвэрийг харвал хэнийх нь ч өмч биш юм шиг. Гэхдээ УИХ, Цэцийн эцсийн шийдвэрээ барьж, төр өмчөө мэдэлдээ авч үйл ажиллагааг нь удирдаад явж байгаа. Одоо хууль зүйн хувьд цэгцлэх асуудал л бий.
-Ер нь Та дэд сайдаар санасандаа хүртэл ажиллаж чадсан уу?
-Шууд хэлье, санасандаа хүртэл ажиллаж чадаагүй. Эцэслэж батлагдаагүй ч, эхийг нь бичсэн, судалгааг нь хийсэн, Засгийн газар, УИХ-ын төвшинд өргөн барихад бэлэн болгосон олон төсөл сайдын ширээн дээр үлдсэн. Цааш яваагүй, манай яамны байшингаас гараагүй.
ХҮНД СУРТЛЫГ ҮГҮЙ ХИЙЖ, НУУГДАЖ БАЙСАН АВЛИГЫГ НУРААХ НЬ БҮРТГЭЛИЙН БАГЦ ХУУЛИЙН ГОЛ ЗОРИЛГО
-Сайдынхаа ширээн дээр үлдээсэн тэдгээр бэлэн төслүүдээс алийг нь яг ажил болгож чадаагүйдээ харамсдаг вэ?
-Газрын тухай хууль, газрын харилцааны шинэтгэлтэй холбоотой төсөл. Иргэд хувьдаа газартай болсны үр шимээр хотын төвийн болон гэр хорооллын хашааны газар үл хөдлөх хөрөнгө, үнэ цэнэтэй болсон. Гэвч иргэд насан туршийн өмч хөрөнгөтэй болоход Газрын харилцааны хууль тогтоомж нь хоцрогдож, садаа болоод байгаа. Газрын тухай хуульд газар эзэмшлийн хугацааг 15 жилээр олгодог. Бодит байдал дээр нийслэл болон дүүргийн Засаг дарга нар 5, 10 жилээр газар олгодог. Газрын эцсийн өмчийн эзэн нь Монголын төр. Гэтэл эзэмшлийн газар дээрээ барилга байшин барьж амьдрах уу, оффис бариад түрээсэлж бизнес хийх үү гэдэг хугацаа 15 жил байх нь өнөөгийн амьдралын шаардлагад нийцэхгүй байгаа юм.
Жишээ нь, оффисын барилга байшин барилаа гэхэд дор хаяж таван жил болно. Гаргасан зардлаа олох гэж түрээсэлж, үйл ажиллагаа явуулж байтал газар эзэмших 15 жилийн хугацаа нь дуусчихдаг. Хувь хүн дээр авч үзье. Насаараа цуглуулсан мөнгөөрөө нэг байр авдаг. Түүнийгээ өмчилдөг. Үл хөдлөх хөрөнгөтэй боллоо, үр хүүхэддээ өвлүүлнэ гэж боддог. Гэтэл авсан байрных нь доорхи газрын эзэмших 15 жилийн хугацаа дуусч байдаг. Улсын хэмжээнд 580 мянган гаруй иргэн орон сууц өмчилж, хувийн өмчтэй болсон гэдэг. Гэтэл энэ 580 мянга орчим иргэний ихэнхийнх нь өмчилж авсан орон сууцны доорхи газрын эзэмших эрхийн хугацаа дуусч байгаа. Орон сууцных нь газрын эзэмших хугацаа дууссанаас болоод оршин суугчид нь байргүй болчихсон 40 мянгатын байрууд гээд бодитой бэлэн жишээ олон бий.
-Үүний гарц шийдэл нь юу вэ. Заавал хуулиар хугацааг нь сунгах ёстой юу?
-Тэгнэ, орон сууцны доорхи газрын эзэмших хугацааг хамгийн багадаа 60 жил болгож Иргэний хуулийн суурь концепцтойгоо уялдуулах зайлшгүй шаардлагатай. Энэ нь иргэдийнхээ авсан байрыг бодитой үл хөдлөх хөрөнгө, өмч болгож, үр хүүхэддээ өвлүүлэх боломжийг хуулиар хамгаалж байгаа юм. Өмчтэй байх нь хүний заяамал эрх. Иргэнийхээ өмчийг хамгаалах нь төрийн үүрэг. Төр энэ үүргээ одоо биелүүлэх ёстой. Цаашлаад, 60 жилээр эзэмшүүлэх ч хангалтгүй. Хэрвээ 60 жил нь дуусвал ахин 40 хүртэл жилээр сунгадаг бусад улсын жишгээр хуулиа өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол 60 жилээр эзэмшүүлсэн ч, энэ хугацаа нь дуусах дөхөж байгаа байрууд Улаанбаатарт олон бий. Жишээ нь, Сансар орчмын 1970-аад оны таван давхар байруудын доорхи газрын эзэмшлийг 60 жил болголоо ч, энэ хугацаа нь одоо 10 жилийн дараа дуусч, байрууд нь актлагдах дээрээ тулж байна. Ийм нөхцөл байдалд орсон байрууд Улаанбаатарт, аймгийн төвүүдэд маш олон бий. Тиймээс тухайн байр байрлаж байгаа газрын эзэмших эрх нь 60 жил, нэмээд 40 жилээр сунгадаг байвал оршин суугчид нь газар дээрээ илүү сайн орон сууц барих боломжтой. 60+40 нэг хүний амьдралын бүтэн үе.
Ер нь Монголын төр газрын, газрын харилцааны нэгдсэн бодлоготой, нэгдмэл удирдлагатай болох цаг болсон. Өнөөдөр манай улс газрын асуудлаа талын нэг тараачихсан. Хотын төвийн газрыг Барилга, хот байгуулалтын яам, тусгай хамгаалалттай газруудыг Байгаль орчны яам, уул уурхайн газрыг Уул уурхайн яам нь, хөдөө аж ахуй, газар тариалан малын бэлчээрийн газрыг Хөдөө аж ахуйн яам мэддэг. Ямар ч нэгдсэн бодлогогүй, урсгалаараа яваа. Үүний уршгаар цаана нь авлига, хаалттай байдал гээд бүх л муу юмны суурь тавигдсан. Талын нэг тарсан, нэгдсэн бус бодлогын цоорхойг ашиглан албан тушаалтнууд өөртөө ашигтай байдлаар асуудлыг шийдэж, авлигыг цэцэглүүлж ирлээ. Энэ нь тухайн албан тушаалд очсон хувь хүмүүст ашигтай, харин улс оронд бол асар их хохиролтой. Хэрэв миний яриад байгаа Газрын харилцааны шинэтгэлийг миний бичээд үлдээснээр эхлүүлбэл газрын мафи, авлига, наймаа задарна, зогсоно гэж би боддог. Үүнийг хийхэд улс төрийн ч, иргэдийн ч дэмжлэг хэрэгтэй.
ХУУЛЬ БАТЛАХ НЬ ЭРХ ЯМБА БИШ, ЭНЭ БОЛ ХАРИУЦЛАГА...
-Тэгвэл яг дэд сайдаар ажиллаж байх үедээ хийж, шийдүүлж чадаагүй, харамсаж үлдсэн ажил бий юү?
-"Дуусаагүй орон сууцны барилга буюу 30-40
хувийн гүйцэтгэлтэй барилгыг бүртгэж, үл хөдлөхийн гэрчилгээ олгоно” гэдэг хуулийн заалтыг авч хаях гээд дийлээгүй. Гишүүд хууль баталдаг учраас дэд сайдын санал жижигдэнэ. Энэ заалт цэвэр барилгын компаниудын лобби байсан.
Барилгын компаниуд дуусаагүй барилгын зургаа үзүүлж үл хөдлөхийн гэрчилгээ авч, түүнийгээ барьцаалан банкнаас зээл авдаг. Ингэж эх үүсвэр татаж барилгаа дуусгадаг. Энд буруугүй мэт харагдавч, эцсийн хор уршиг нь иргэд дээр ирдэг. Иргэд шинэ барилгад орон сууц захиалдаг. Зарим нь төлбөрөө 100 хувь хийж, гэрчилгээгээ авах гэхээр "таны авсан орон сууцны барилга бүхлээрээ банкны зээлийн барьцаанд байгаа учраас ордер гаргаж өгөх боломжгүй. Компани зээлээ 100 хувь төлсний дараа танд байрны гэрчилгээ гаргаж өгнө” гэдэг. Энэ нь өмчлөгчийн эрхийг зөрчиж байгаа юм. Энэ заалт ганцхан барилгын компанид л ашигтай.
Улаанбаатар хотын хэмжээнд ийм кейсээр зөвхөн нэг дүүрэгт л гэхэд 5000 гаруй айл төлбөрөө 100 хувь төлсөн хэрнээ гэрчилгээгээ авч чадахгүй хохирч яваа. Сүүлдээ компани нь зээлээ төлөхгүй сунжирвал банк иргэний байрыг зээлийн барьцаандаа хураан авах болчихдог. Өмчийн ийм маргаан шүүх дээр овоорч байгаа. Үүнээс дор юм гэвэл компани барилгаа дуусгасан ч, банкнаас авсан зээлээ төлөхгүйгээр дараагийн барилгадаа санхүүжилт хийчихдэг. Үүний нөгөө талд, хувь хүн худалдаж авсан байраа банкинд барьцаалж зээл аваад өөрөө бизнес хийх эрх нь хаагдаж байгаа юм. Гэтэл барилгын компани таны байрыг бүхэл бүтэн барилгаар нь барьцаалж зээл аваад дараагийн барилгаа бариад явчихдаг. Хуулийн ганцхан энэ заалт хэдэн зуун хүний эрх ашиг, эд хөрөнгөөр нь хохироож байгаагийн тод жишээ энэ. Энэ заалтыг авахуулж чадаагүйдээ харамсдаг, одоо яаралтай цэгцлэх ёстой.
-Та ярилцлагын эхэнд МАН-ын Удирдах зөвлөлийн маш өндөр дэмжлэгээр дэд сайдаар томилогдсоноо ярьсан. Яагаад хоёр жил орчмын дараа чөлөөлөгдчихөв өө. Дэд сайд улс төрийн албан тушаал, намаасаа улс төрийн дэмжлэггүй болсон гэсэн үг үү?
-Цэвэр Ц.Нямдорж сайдын санал байсан л даа. Сайдын бодлого, Засгийн газрын бодлогоос зөрсөн, хууль зөрчсөн үйлдэл бол байхгүй. Би улс төрийн албан тушаалд байсан учраас сайд "чи болио” гэхэд нь угаасаа болих, явах ёстой байдаг. Тийм учраас надтай хамтарч ажиллахгүй гээд намайг чөлөөлөх санал гаргасан Ц.Нямдорж сайдын шийдвэрт би гомдох шаардлагагүй. МАН надад хангалттай итгэл хүлээлгэж, бас ачаа үүрүүлсэн. Итгэлийг нь даахын төлөө өөрийнхөө хэмжээнд хичээж ажилласан. Тэгээд боллоо.
-Та УИХ-ын зарим гишүүний хамаарал бүхий компаниуд ЖДҮДС-гаас зээл авсан асуудлыг гэмт хэрэг гэж шүүмжилсэн. Таны энэ байр суурь дэд сайдаас чөлөөлөгдөхөд нөлөөлсөн үү?
-Шар хүний өмнөөс хар хүн гэдэг бил үү. Тэрэн шиг ЖДҮ-ийн дуулианд нэр холбогдсон гишүүд нь надад уурлаагүй байхад, тэдний өмнөөс Ц.Нямдорж сайд бухимдаж, тэр уурандаа намайг чөлөөлөх санал гаргаагүй байлгүй дээ, мэдэхгүй юм. ЖДҮ-ийн зээлийн булхайг ганц би биш, намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс эхлээд Монгол Ардын Нам багаараа, бүхлээрээ эсэргүүцсэн. Асуудлыг хуулийн хүрээнд шийдсэн гэж боддог. Би бол мэдлээ, гүйцэтгэе гэдэг захирах, захирагдах ёс үйлчилдэг төрийн захиргааны ажилтан байгаагүй, улс төрийн албан тушаалтан байсан. Улс төрийн албан тушаалтны номер нэг шалгуур бол улс төрийн манлайлал байх ёстой. Миний хувь хүний үнэт зүйл, зарчмаас гадна жилийн өмнө ахалж баталсан хуулийнхаа үзэл санаа, зарчимд нийцэхгүй үйл явдлыг л ил тод хэлсэн, шүүмжилсэн. Хувийн сонирхол бол тэнд байгаагүй. Миний энэ байр суурь, үзэл бодлын төлөө Монгол Ардын Нам болон Засгийн газраас хариуцлага тооцох байтугай, удирдлагуудын хэн нэгнээс анхааруулга, сануулга ч хэлээгүй. Харин ч миний байр суурийг Монгол Ардын Нам дэмжсэн гэж би боддог. Дэмжсэн учраас өнөөдөр би Монгол Ардын Намаасаа мандат аваад УИХ-д нэр дэвшиж байгаа.
-Тэгвэл өөр нэг хардлага байна. Хөөн хэлэлцэх хугацаагаар олон албан тушаалтан ял завшсан. Тэдний дунд таны илчилсэн Хөгжлийн банкны хэргүүд ч орно. Тэр үед юу болсон юм бэ?
-УИХ-ын "гал тогоо”-нд хэлэлцэж байгаа хуулиуд дээр Ажлын хэсгийг УИХ-ын гишүүд ахалдаг. Түүнээс биш сайд, тэр дундаа дэд сайд ахалдаг тохиолдол Монголын парламентын түүхэнд байгаагүй, цаашид ч байхгүй. Гишүүдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг би ахалж байсан. Энэ хүрээнд хэлэх ёстой үгээ, сонсох ёстой хүмүүст нь хэлээд явсан. Засгийн газрын зүгээс өргөн барьсан төслийнхөө үндсэн концепцийг хамгаалах үүрэгтэй. Хөөн хэлэлцэх хугацааг өөрчилж болохгүй гэж хуралдаан дээр хэлсэн миний үг албан протоколд бүтнээрээ байгаа. Уг протоколоос харвал хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхгүй гэж улаан цагаан зүтгэсэн нь би, бас Засгийн газрын байр суурь байгаа.
-Тэгээд эцсийн мөчид хөөн хэлэлцэх хугацааг хэн өөрчилсөн юм бэ?
-Гишүүд санал гаргах эрхтэй. Хууль тогтоогчийн хэнтэй ч хуваалцахгүй ганц эрх шүү дээ. Энэ дагуу нэг нь санал гаргаж, олонхиороо дэмжиж батлагдсан. Санал гаргасан гишүүнийх нь нэр ил болсон, бүгд мэддэг болсон. УИХ-ын чуулганд дэд сайд санал гаргаад түүгээр нь чуулганд санал хураалт болдоггүйг та ч мэднэ.
-Монгол Ардын Намаас УИХ-ын сонгуульд нэр дэвших таны хүсэл зориг өөрөөс чинь шалтгаалсан уу, намын шийдвэр үү?
-Аль аль нь. Тэгэхдээ намын шийдвэр илүү. Улс төрийн намд, ялангуяа МАН шиг том намд боловсон хүчний бодлого, хүний нөөц гэж бий. Энэ хүрээнд байж болох боловсон хүчний нэг гэж үзээд намайг нэр дэвшүүлсэн гэж ойлгож байгаа. Мэдээж судалгаа хийсэн байх. Улстөрд
"би чадна” гэж бодох нэг хэрэг. Харин бодлоос илүүтэй бэлэн бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлэх үнэт зүйл, үзэл баримтлалтай явах өөр хэрэг. УИХ-ын гишүүнийг зүгээр л, нүдэндээ албан тушаал гэж харахыг хувь хүний амбиц гэх байх. Би бол УИХ-ын чуулганы танхимыг бодлогын төвшинд ажиллах, нийтээрээ сайхан амьдрах сайн бодлого гаргах боломж гэж харж байгаа. Түүнээс биш би Төрийн ордонд суух гэж, танилцах аялал хийх гэж нэр дэвшээгүй. Хууль боловсруулах, хэлэлцүүлэх, хэрэгжүүлэх шатны ахисан мэдлэг, туршлага надад бий.
ХУУЛИЙН ХУЛГАЙГ ГУДАМЖИНД ЖАГСААЛ ХИЙГЭЭД ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ. БОДЛОГЫН ТӨВШИНД АЖИЛЛАХ, ТАСЛАХ, ХУУЛЬ САНААЧЛАХ ЭРХТЭЙ БОЛЖ БАЙЖ ЗОГСООНО...
-Сайн хуульч байх, УИХ-ын гишүүн болж хууль санаачлах хоёрын аль нь байвал Монгол Улсдаа илүү их хувь нэмэр оруулна гэж боддог вэ?
-УИХ-ын гишүүн бол мөнхийн албан тушаал биш шүү дээ. Манай аав мэргэжилдээ сайн байх нь хүний хамгийн том карьер гэж хэлдэг байсан. Карьерын оргил бол мэргэжилдээ сайн байх. Тэр
нь хаана байхаас үл хамаарна. Би төдийгөөс өдий хүртэл хуульчаараа л яваа. Гэхдээ бүх юм хэм хэмжээтэй юм байна.
Хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх замаар манай ажлын хэсгийн шалгаж тогтоосон Хөгжлийн банкны хэргүүдийг ял завшуулж байгаа шиг, түрүүн ярьсан төлбөрөө 100 хувь төлсөн захиалагчдынхаа байрыг банкинд барьцаалж барилгын компани нь өөрийнхөө бизнесийг санхүүжүүлээд явдаг шиг, иймэрхүү хуулийн хулгайг зогсооход надад эрх мэдэл, боломж дутагдаж байна. Хуулийн хулгайч бол гурилын хулгайч шиг ил таних тэмдэггүй, харин ч шударга дүр эсгэж явдаг, тэгээд бидний үр хүүхдийн ирээдүйг, инээмсэглэлийг хүртэл хувьдаа хулгайлж явдаг учраас нийгэмд хамгийн хортой. Хуулийн хулгайг гудамжинд жагсаал хийгээд зогсоож чадахгүй, бодлогын төвшинд ажиллаж, таслах, хууль санаачлах эрхтэй болж байж зогсооно. Өөрөөр хэлбэл, хурдан машин хөлөглөсөн хулгайчийг мориор хөөгөөд гүйцэхгүйтэй адил УИХ-ын танхимд хийдэг хуулийн хулгайг гудамжнаас орилоод зогсоох боломж хязгаарлагдмал.
Би хувьдаа Монгол Улс өнөөдөр баялаггүйдээ, мөнгөгүйдээ хөгжихгүй байна гэж боддоггүй. Мэдээж мөнгө дангаараа хөгжил авчрахгүй. Мөнгө сайн бодлоготой хосолж байж хөгжил болно. Гэтэл бидэнд сайн бодлого байхгүй, харин "сайн улстөрч”, "шударга улстөрч” имижтэй хуулийн хулгайч олонтой, хуулиар зөвшөөрөгдсөн хулгай ихтэй учраас л манай улс хөгжихгүй байна гэж хардаг. Тэд эхлээд эд мөнгө, албан тушаал, орд газар хулгайлдаг байсан бол одоо хамгийн аюултай нь бидний ирээдүйг хулгайлахаас ч буцахгүй болтлоо ил цагаандаа гарлаа. Энэ бүгдийг зогсоох, засахад миний мэргэжил, мэдлэг чадвар, үнэт зүйл, баримталдаг зарчим хэрэг болно гэж УИХ-д нэр дэвшсэн. Нэр дэвшсэн нь хуулийн хулгайчтай, хуулиар "зөвшөөрөгдсөн” хулгайтай хийх миний тэмцлийн үргэлжлэл. Би тэмцлээ эхлүүлчихсэн. Хэрвээ сонгогч түмэн надад итгэл өгч сонговол миний тэмцэл Улсын Их Хурлын чуулганы танхимд үргэлжилж монголчууд нийтээрээ, Монгол Улс нийгмээрээ ялж чадна гэдэгт би итгэлтэй байгаа.
-Хуульч Энхбаяр сонгуульд ялалт байгуулаад УИХ- ын гишүүнээр сонгогдлоо гэж бодъё. Энэ үйл явдлаас Энхбаяр гэдэг хувь хүн хожих уу, эсвэл сонгогчид хожих уу?
-Олон газар ажиллаж дарга, цэргийг нь хийж үзсэн. Албан тушаалын хир, хор гарсан гэж үздэг. Би үнэнээ л хэлье. Би хувьдаа компанигүй, халгиж цалгисан мөнгөгүй. Надад төрд орж өөрийн бизнесээ тэтгэх, фракц, бүлэглэлийн кнопчин болж зам мөрөө үгүйсгэх ёс суртахуун байхгүй.
Надад байгаа миний ганц баялаг бол шударга зан чанар, урваж, худалдаж чадахгүй үнэт зүйл маань л байна. Би дүүрэг, хорооны Засаг даргатай эрх мэдэл булаацалдах гэж УИХ-д нэр дэвшээгүй. Би улс орны хэмжээний асуудал шийдэлцэх гэж, тэрхүү том эрх ашгийн үр дүнд манай тойргийнхны асуудал ч шийдэгдэнэ гэдэг утгаар нэр дэвшсэн. Монголын бүх иргэнд хамаатай, хэрэгтэй шийдлийн төлөө л би ажиллана.
-Эцэст нь, сонгогчиддоо хандаж юу хэлэх вэ?
-Би сая хэллээ. Хуулийн хулгайчдын дараагийн "хулгайн бай” нь монголчууд бидний итгэл, үр хүүхдийн маань ирээдүй болсон байна гэж. Тийм учраас энэ удаа шинэ сэтгэлгээтэй, шинэ үзэл баримтлалтай чиглүүлэх улстөрчдийг сонгоосой гэж хүсч байна. Монголын нийгэмд, Монголын улстөрд өнөөдөр иргэний зоригтой, намын хүлээсэнд явдаггүй, үнэний дуу хоолой хэрэгтэй. Төдийгөөс өдий хүртэл улстөрчдөд залилуулж, хэтэрхий хэрсүүжсэн иргэд маань тийм хүнээ олж сонгоно гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та өнөөдрийнхөөсөө илүү сайхан амьдаръя, үр хүүхдийнхээ ирээдүйд шударга нийгэм бүтээхэд одооноос гар бие оролцъё л гэж бодож байвал саналаа заавал өгөөрэй. Саналаа өгдөггүй сайн-хүн таны ачаар муу-хүмүүс засаглан таны боломжийг хувьдаа хулгайлж суудаг гэдэг үгийг санаарай гэж хэлье.
Улсын Их Хурлын сонгуулийн 22 дугаар тойрог, нийслэлийн Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 8, 13, 14, 15, 16, 18, 25, 26 дугаар хороонд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Баттөмөрийн ЭНХБАЯРын сонгуулийн штабаас бэлтгэв.
Сэтгэгдэл