Хууль бус газрын наймааг илчилсэн баримтуудыг дэлгэлээ


Хотын өмнөх Засаг дарга, газрын дарга нарын хууль бусаар газар олгосныг нотолсон, тэдний өөрсдийнх нь гарын үсэг бүхий шуугиан дагуулсан, хөдөлшгүй баримт, материалуудыг өнөөдөр төв талбайд дэлгэлээ. "Газраа алдвал бүхнээ алдана” нэртэй үзэсгэлэнг "Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” ТББ олон жилийн турш цуглуулсан баримт, материалдаа үндэслэн гаргаж байгаа юм.

Газрын наймаа, гарын үсгээр хууль бус олголт хийсэн дарга нарын нэрийг өөрсдийнх нь зурагтай дэлгэсэн бөгөөд үүнд өмнө нь хотын даргаар ажиллаж байсан М.Энхболд, Г.Мөнхбаяр, Ц.Батбаяр, Т.Билэгт нар багтаж байна. 

Тэгвэл дээр нэр дурдсан дарга нарын гарын үсгээр олгосон нийт газрын үнэ хэд байв. Дэлхийн банкнаас үүнд судалгаа хийсэн бөгөөд нийт 26.9 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний нийтийн эзэмшлийн газрыг тэд ганцхан гарын үсгээр олгосон байгаа юм. Гэсэн атлаа энэ их мөнгөнөөс нийслэлийн төсөвт нэг төгрөг ч ороогүй нь олон зүйлд хардахад хүргэж байна.

26.9 их наяд төгрөгөөр 26 мянган цэцэрлэг барих боломжтой, мөн Улаанбаатар хотын 52 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний хөрөнгө юм. Түүнээс гадна 8.5 "Чингис бонд”-той тэнцэнэ.

Үзэсгэлэн зохион байгуулж буй "Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” ТББ-ын тэргүүн С.Отгонцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

-Та өөрийгөө танилцуулна уу?
-Намайг С.Отгонцэцэг гэдэг. Миний амьдарч байсан Баянгол дүүргийн 16 дугаар хорооны газрыг Газрын албаны дунд шатны ажилтан гурав хуваагаад авчихсан байсан. Нийтдээ 400 ам.метр газраа олж авахын тулд би 12 жил хөөцөлдсөн. 2012 онд л газраа баталгаажуулж авлаа. Энэ бол урт хугацаа. Олон жил газартай холбоотой асуудлаас болж өөрөө хохирч байсан. Надтай адилхан хууль бусаар газраа алдсан иргэд ч олон байдгийг мэдсэн. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүдэд газрын харилцаан дээр эрх зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор "Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” Төрийн бус байгууллагаа нээсэн.

-Өнгөрсөн хугацаанд зөвхөн газрын харилцаагаар дагнан ажилласан юм уу?
-2008 он хүртэл "Эрс шинэчлэл” хөдөлгөөнтэй хамтарч ажилласан. Иргэдээс газрын харилцааны талаар ямар гомдол, санал байгааг асуудаг. Тэгээд өнгөрсөн хугацаанд цуглуулсан материалаар энэ үзэсгэлэнг гаргаж байна. Үе үеийн хотын дарга, 2012 оноос өмнө ажиллаж байсан дүүргийн Газрын албаны дарга, газар зохион байгуулагч нар бүгд намайг таньдаг болсон.Эдгээр баримтуудыг цуглуулах гэж олон газрын үүдийг татсан даа.

-Ямар зорилгоор энэ баримтуудыг дэлгэж байгаа вэ?
-Нэгдүгээрт, иргэн хүний хувьд хотынхоо төлөө идэвх зүтгэлтэй байх хэрэгтэй. Нөгөө талаас зөвхөн би газар эзэмших эрхээ баталгаажуулаад авчихсан юм чинь бусад нь хамаагүй гэж үзэж чадаагүй. Ер нь газрын харилцааг шударга явуулахад иргэдийн хяналт чухал. Тиймээс эдгээр баримтыг дэлгэн харуулах нь зүйтэй юм байна. Иргэд, аж ахуйн нэгж төрийн албан хаагчид ч мэдээсэй гэдэг үүднээс үзэсгэлэн гаргаж байна.

-Сонгуулийн сурталчилгааны үетэй таарч байгаа нь жаахан хардлага төрүүлээд байна л даа.
-Энэ үе бол иргэн бүр цаашлаад улстөрчид нийгмээрээ анхаарсан үе. Бусад үед төрийн албан хаагчдад хүсэлт тавихаар хариу өгдөггүй шүү дээ. Зөвшөөрлийг нэлээд зовж байж авлаа. Тэгээд ч сонгуулийн үетэй давхцах нь зөв юм уу ч гэж бодсон. Улаанбаатар хотын газрын харилцаан дээр шударга хүмүүс ажиллах ёстой. Надад байгаа баримтаас харахад худалдаа үйлчилгээний чиглэлээр 89 мянган м.кв газрыг хууль бусаар олгосон байдаг. Тэгээд сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшил, ногоон байгууламж дээр олгосон газрыг дэлгэж тавих нь цаг үеэ олсон асуудал гэж бодож байна.

-Танай төрийн бус байгууллага хаанаас санхүүждэг вэ?
-Бид бичил бизнес, худалдаа эрхэлдэг. Хүн л юм чинь бид өөрсдийнхөө амьдралыг авч явах орлогын эх үүсвэртэй. Тэгээд ч энэ үзэсгэлэнг гаргахад их хэмжээний мөнгө зарцуулаагүй. Хамгийн хямд хулдаас дээр баримтаа хэвлэж, гаднах төмөр хүрээг түрээслэж байгаа.

-Та дэлгэсэн баримтуудаасаа жишээ болгон нэг газрыг тайлбарлаж өгөхгүй юу?
-Эх нялхсын хашаан дотор газар олгосон байсныг 2012 онд хүсэлт гаргаж газрын эрхийг цуцлуулж байсан. Энэ мэт эмнэлэг, сургуулийн газраас эрх мэдэлтнүүд яаж луйвардаж авсан баримт олон бий. Гэтэл жирийн иргэн би газрынхаа төлөө 12 жил тэмцсэн. Энэ хугацаанд эдийн засаг болоод эрүүл мэндээрээ маш их хохирсон. Тийм ч учраас энэ үзэсгэлэнг гаргахаар зориглосон юм.

"Зүтгэл, сэтгэл, итгэл-Эх орон” ТББ-ын дэлгэсэн материалуудаас заримыг нь онцолъё.

Чингисийн талбайн урд хэсгийг ямар хэмжээний мөнгөөр олгосныг тааварлашгүй. Гэхдээ Төрийн ордны зүүн талд байрлах хуучин хэвлэлийн үйлдвэрийн байр 24 тэрбум төгрөгөөр хувьчлагдсан гэсэн дүнтэй харьцуулбал тодорхой тоо гарч ирэх биз ээ.

Бяцхан хүүхдүүдийн оюуны болоод урлагийн их өргөө болсон Хүүхдийн ордоны өмнөх ногоон талбайг олгосон байв. Үүнийг ил болгож, асуудал гаргаагүй бол "Маамуу нааш ир” дууны хөшөө байхгүй, магадгүй Хүүхдийн ордны дэргэд шөнийн цэнгээний газар баригдсан байхыг ч үгүйсгэхгүй юм.

Х.Болд

http://news.gogo.mn/r/187282

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.