Хэвлэх үйлдвэрийн газрыг худалдаж авсан абдул карим олны анхаарлыг татаж эхэллээ


 Хэвлэх үйлдвэрийн газрыг худалдаж авсан абдул карим олны анхаарлыг татаж эхэллээ

Хотын А бүсэд байрлалтай 2698 метр квадрат эзэмшил газартай, "Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлвэрийн барилгыг өчигдөр нээлттэй дуудлага худалдаагаар зарлаа.
 
Тус газрыг худалдах дуудлага худалдааны доод үнэ долоон тэрбум 155 сая төгрөгөөс эхэлж, 24 тэрбум төгрөгөөр Абдул Карим гэх иргэн үнэ хаялцаж, худалдан авлаа.
 
Тодруулбал, НИТХ- ын шийдвэрээр хотын өмчийг хувьчлах нээлттэй дуудлага худалдаа болсон юм. Энэ удаагийн дуудлага худалдаагаар дөрвөн обьектыг худалдах шийдвэр гаргасан. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, хотын А бүсэд байрлалтай "Автобус III” НӨҮГ-ын барилга, Өлзийт хороололд байрлалтай дутуу барьсан барилга зэргийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах байсан. Гэвч дээрх гурван газарт нэг ч худалдан авах, дуудлага худалдаанд оролцох санал ирээгүй аж.
 
Эдгээр дуудлага худалдааны дунд олны анхаарлыг татаж байсан нь "Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн газар байлаа. Уг барилга нь долоон тэрбум 155 сая төгрөгөөр үнэлэгдэж дуудлага худалдаанд нийт есөн санал ирсэн байв. Дуудлага худалдаанд Капитрон банк, Таван богд, Bluemon компани, иргэн В.Энхбаатар, Б.Батнягт, З.Пүрэв-Очир, Б.Отганжаргал, Р.Мандах, Адбул Карим нарын  нийт есөн иргэн, аж ахуй нэгж оролцсон юм.
 
Дуудлага худалдаа "Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан,иргэн Б.Отгонжаргал, Абдул Карим, нарын хооронд ширүүхэн өрнөж байсан. Ингээд дуудлага худалдаа дууссаны дараа бид түүнээс хэвлэх үйлдвэрийг ямар зориулалттай ашиглах, мөн түүнийг ямар ажил эрхэлдэг талаар мэдээлэл авахыг хүссэн боловч тэрбээр хариулт өгөхөөс татгалзсан юм.
 
Хэвлэлийнхэнд олдсон мэдээллээр тэрбээр 2014 оны долоодугаар сард "Хумбаа" ХХК-ийн    нэхэмжлэлтэй түрээсийн   гэрээний маргаанаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дуудагдаж байсан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ буцааснаар энэхүү асуудал хаагдаж байжээ.
 
Мөн Катарын Батлан хамгаалахын сайдад олгосон 35 идлэг шонхрын зөвшөөрлийг Абдул Карим ахалж байсан нэгэн аж. Ямартай ч одоогоор Абдул Каримийн дотны андаар нь бидний сайн мэдэх УИХ-ын гишүүн, "Мон Уран” ХХК-ийн захирал Б.Наранхүү тодроод байгаа аж.
Ингээд бид энэ талаар зарим нэг УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхсон юм.
 
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан "Энэ талаар ямар ч мэдээлэлгүй байна. Сүхбаатарын талбайг тойроод харийн хийцтэй байшин сав сүндэрлээд ирвэл монголчууд таатай хандахгүй л байх. Араб дээвэртэй байшин босчихвол эвгүй л юм
 
байна. Тэгэхээр нийслэлийн удирдлагууд яагаад үндэсний компаниуддаа давуу тал олгоогүй юм бол гэж бодож байна. Хэдийгээр манай улсад мөнгө хэрэгтэй байгаа ч гэсэн мөнгөнөөс болоод гадныханд байдаг юмаа туугаад тавьчиж болохгүй л дээ. Засгийн газрын гишүүний хувьд харамсалтай л байна.
Хамгийн гол нь бид хаана, хэнд юу өгөх вэ гэдгээ бодолцох л хэрэгтэй” гэлээ.
 
Юутай ч энэхүү хувьчлалын талаар ихэнх гишүүд Г.Баярсайхан сайдтай санал нэг байгаа хэмээн хэлж байсан юм. Ямартай ч Жанжин Сүхийн ажиллаж байсан түүний нэрэмжит хэвлэх үйлдвэрийн хуучин барилгыг 24 тэрбум төгрөгөөр гадны "угшилтай” Абдул Карим худалдан авлаа.
 
Өөрөөр хэлбэл засгийн газрын ордон хийгээд өвөг дээдсийн минь хөшөө дурсгалтай зэрэгцээд Араб маягийн оройтой байшин сав битгий сүндэрлээсэй л гэж залбирч суухаас өөр арга алга даа бидэнд. Учир нь өмч хувьчлалаар дээрх хэвлэлийн үйлдвэрийн газрыг борлуулсан учир цаашид тухайн газарт ямар хэлбэр дүрстэй барилга барьж, аль чиглэлд ашиглах нь худалдан авсан иргэний эрх гэж хуульдаа заагаад өгчихсөн учраас бидэнд "ингэ тэг” гэж хэлэх ямар эрх байхгүй гэсэн үг.
 
Яг үнэндээ монголчууд бид сүүлийн үед газар шороо, тусгаар тогтнолтойгоо холбоотой бүхий л газруудаа харийнханы мэдэлд өгөх болсон. Тиймээс УИХ- ын гишүүн Г.Баярсайхны хэлсэнчлэн "Бид хаана, хэнд юу өгөх вэ гэдгээ бодолцох л хэрэгтэй” гэсэн нь үнэн үг болчихоод байна.
 
Уг нь энэхүү барилгыг "Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг худалдаж авах саналаа гаргаж байсан юм. Мөн өнгөрсөн жилүүдэд уг үйлдвэрийн асуудал нилээд хурцаар тавигдаж байсан төдийгүй улсын хөрөнгийг хувьдаа завшсан хэргээр одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаярт ял хүртэл оноож байсан билээ. Юутай ч Төрийн ордны зүүн талд байрлах "Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн газрыг худалдаж авсан Абдул Карим гэх иргэн олны анхаарлыг ихэд татаж байна.
 
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.