“Богд уул” сувиллын газрыг хүч түрэн авахыг санаархаж суугаа нөхдөд хэн зөвшөөрөл олгов, Н.Батцэрэг сайд аа


-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг таны удирдлага дор ажиллаж байгаа хүмүүс өөрт тань мэдэгдэлгүйгээр хууль бус үйлдэл хийгээд байна уу, эсвэл сайд та мэдсэн хэрнээ мэдээгүй дүр эсгэж сууна уу-


Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Богд Уул" эмчилгээ, сувиллын газар нь Зайсан толгойн урд аманд үйл ажиллагаа явуулаад олон жилийн нүүрийг үзэж байгаа билээ. Улсдаа ганцхан гэж хэлж болох энэхүү сувилал нь уламжлалт анагаах ухааныг орчин үетэй хослуулах аргаар элэгний архаг өвчтэй хүмүүсийг эдгээдэг, эл төрлийн өвчиндөө шаналсан олон арван хүний амьд үлдэх авралын сүүлчийн найдвар нь болдог газар гэхэд хилсдэхгүй. Харамсалтай нь, хэсэг бүлэг нөхрийн эрх мэдэл хийгээд шунаг хүслийн балгаар тус сувилал "үгүй" болох дээрээ тулаад байгаа аж. Өөрөөр хэлбэл, "Богд Уул" сувиллын газрыг ар, өврийн хаалга хэрэглэж өөрийн болгосон нөхдүүд дээрх газрыг хүч түрэн авахыг санаархаад багагүй хугацааг үджээ. Өвчиндөө шаналж, үхлээ хүлээн хэвтэх олон хүнд итгэл найдвар бэлэглэдэг "Богд Уул” эмчилгээ, сувиллын хамт олон сувиллынхаа газрыг бүрэн бүтэн авч үлдэхийн тулд хууль, хяналтын байгууллагад хүртэл хандсан байна.







Гэсэн ч хууль бус аргаар алгын чинээ газрынх нь зөвшөөрлийг олж авсан нэр бүхий аж ахуйн нэгжүүд өдөр болгон шахуу хүн явуулж сувиллын хамт олныг дарамталж, газраа чөлөөлж өгөхийг шаардсан хэвээр байгаа аж. Ингэхдээ дан эрчүүд, тэр тусмаа том биетэй бөхчүүдийг арав, хориор нь явуулж сувиллын хамт олны амар заяаг үзүүлддэггүй байна. Гэтэл тус сувиллын нийт ажилчдын 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Хөөрхий эмэгтэйчүүдийг өдөр, шөнөгүй дарамталж, тэд ч сүүлдээ "Хэн, хэзээ, хаанаас ирээд сувиллынх нь хашааг нурааж, газрыг нь авчих бол..." гэх түгшүүртэй ажлаа ч тайван хийх боломжгүй болжээ. Энэ талаар "Богд Уул” сувиллын Эмчилгээ эрхэлсэн захирал А.Гармаа "Үнэхээр хэцүү байна. Сувилалын маань хашаанд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас олгосон баахан газрын зөвшөөрлөөс болж байнга л асуудал үүсдэг болсон. Үйл ажиллагаа байнгын саадтай, дарамт, шахалтын дунд явж байна. Байсхийгээд л орц, гарцыг нь хаагаад хашаа барьчихна. Яамны тамга, тэмдэгтэй бичиг барьсан хүмүүс ирж биднийг төдийгүй үйлчлүүлэгчдийг маань хүртэл гарах хаалгагүй болгож түгждэг” гэв. Тус сувиллын ажилчдын ярьж буйгаар бол дээрх үйл явдлаас болж сэтгэл заслын эмчилгээгээ явуулж чадахгүйд хүрчээ. Энэ бүхэнд сувиллынх нь газрыг хууль бус аргаар олгосон албан тушаалтан, газрын бичгийг ар, өврийн хаалгаар олж авсан нэр бүхий аж ахуйн нэгжийнхэн буруутай гэнэ. Тодруулбал, сувиллын эзэмшил газарт аль 2007 онд одоогийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалаар иргэн А.Пүрэвнямд, 2008 онд дөрвөн удаагийн тушаалаараа "Бодь мөр интернэшл” ХХК, "Хар дун” ХХК, "Милстар трейвэл” ХХК, "Дун өргөө” ХХК-д болон иргэн Г.Ганхуяг, иргэн Д.Дэжидлхам нарт тус сувиллын газрыг олгосоноос үүдэлтэй аж.
Энэ мэтчилэн сувиллын хашаанд газарт олгосон зөвшөөрлөөс болж сувиллынхан нь орох гарах гарц байхгүй, бохирын хоолой, уурын зуух, худаг гээд дэд бүтцийн байгууламжуудаа ашиглах боломжгүйд хүрээд байгаа талаар тэд гомдоллож байна. Тэр ч бүү хэл, сувиллын хамт олон өнгөрсөн хугацаанд шат шатны шүүхэд хүртэл хандсан байна. Шүүхээс яамнаас гаргасан шийдвэр нь Рашаан сувиллын тухай хууль болон Эрүүл мэндийн салбарт мөрдөж байгаа стандарт дүрэм журмыг зөрчсөн байна гэдгийг тогтоосон ч тусыг эс олжээ. Тиймээс тэд арга буюу олон нийтэд хандахаас өөр арагагүйд хүрсэн байна. Үнэхээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг таны удирдлага дор ажиллаж байгаа хүмүүс өөрт тань мэдэгдэлгүйгээр хууль бус үйлдэл хийгээд байна уу, эсвэл сайд та мэдсэн хэрнээ мэдээгүй дүр эсгэж сууна уу. Нөгөөтэйгүүр "Богд Уул” сувиллын газрыг хүч түрэн авахыг санаархаж байгаа нөхдөд хэн газрын зөвшөөрөл олгосон нь эрхгүй анхаарал татаж байна.

Эх сурвалж:


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.