Хансолмо ХХК нь 2009 оны 4 сарын 13-ны өдөр Халх гол сумын ИТХурлын 117 дугаар тогтоолоор 25966 га газрыг газар эзэмших нөхцөлөөр авч байжээ. Энэ газрыг сумын засаг даргын А-36 тоот захирамжаар 2011 онд буцаан авсан байдаг. Ингээд тухайн жилдээ Халх гол сумын засаг дарга дахин захирамж гаргаж Монгол Улсын Үйзэн тал ХХК-д 14 мян.га, Цог-Октаэдр ХХК-д 6,9 мян.га , Ашдын нөхөр ХХК-д 4.8 мян.га-г тус тус олгосон байдаг юм байна.
Тариалангийн зориулалтаар шинээр олгох талбайг Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэдэг. Хэрэв, холбогдох хууль тогтоомжийн зөрчин газар олгож, авсан тохиолдолд Газрын тухай хуулийн 63.1.15-т "энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогдсон бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, гаргасан шийдвэрийг нь хүчингүй болгон, хохирлыг нь нөхөн төлүүлэх.”, хэрэв иргэн аж ахуйн нэгж бол 61.1.7-т "эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-20 дахин, байгууллага, аж ахуйн нэгжийг 40-80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хохирлыг нөхөн төлүүлэх;” хэмээн тус тус заажээ. Хуулийн хариуцлага ийнхүү сул байгаа нь орон нутгийн удирдлага албан тушаалаа ашиглан газрыг зарах зөрчлийн эх болж байна. Халх гол чөлөөт бүс байгуулагдсанаар энэхүү хууль бус үйл ажиллагаанууд таслан зогсоогдож, газар олголт ил тод болох юм. Мөн газар ашиглалт, хяналт, хамгаалалт нь нэг цэгт буюу Чөлөөт бүсийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу Захирагчийн ажлын албанд хамаарагдах юм.
Сэтгэгдэл