Яагаад "Зайсан толгой" хэмээн нэрлэсэн бэ?


“Зайсан” толгойн овоо”-г 1700-1925 он хүртэл Богдын шавийн харьяатууд тахиж байжээ. Ардын хувьсгалаас өмнө Богдын шавь нарыг Их шавийнхан гэдэг байв. Тэд тусдаа засаг захиргаатай, дагаж мөрддөг журам, цаазтай бөгөөд отгийн айл өрхийг “Зайсан“ цолтой хүн ахалдаг байжээ. Шавь нар нь жил бүр Богд эзэндээ бараалхан мөргөж идээ, ундаа, олз омгийн дээжээ өргөдөг, олон арван морь, тэмээ, хүн хүч хэрэглэн алба хүргэж ирдэг байсан байна. Албаны энэхүү их ачаа хөсгийг отгийн зайсангууд удирдаж, хавар нь ирээд намар нь буцдаг байжээ. Алс холоос ирсэн Богдын шавь нар адуу, тэмээ малтайгаа Богд уулын ар талын нэг аманд бууж морь, тэмээ малаа өвөр талын нэг ам руу давуулан маллаж, овоогоо тахиж ёс төрөө гүйцэтгэдэг байсан учир энэхүү хоёр амыг “Ар Зайсан“, “Өвөр Зайсан“ гэж нэрлэн овоо бүхий толгойг нь “Зайсан толгой“ хэмээн нэрлэх болсон гэдэг. Овоо байсан газар нь одоо “Зөвлөлтийн дайчдын хөшөө” байгуулсан байна. “Зайсан” толгой дахь анхны суваргыг 1956 онд босгосон түүхтэй. 1969 онд Халх голын ялалтын 30 жилийн ойгоор Зөвлөлтийн дайчдын алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор одоогийн сүрлэг хөшөө цогцолборыг бүтээжээ. Тухайн үед Зайсан толгойн өндөр 89 метр байсныг хөшөөний цогцолборыг бүтээгчид 1969 онд тэсэлгээ хийж, оройгоос нь 4 метр тайрсан нь 2011 он хүртэл нууцлагдаж байсан гэдэг. Зайсан толгой дээрх “Зөвлөлтийн дайчдын хөшөөний цогцолбор” нь газрын бэлээс толгойн орой дээр гарах хүртэл 300 метр урт, 612 гишгүүр шаттай бөгөөд Зөвлөлтийн дайчдын хөшөөний өндөр нь 27 метр, тулганы бэлгэдэл, гантиган шигтгэмэл урлал, товойлгож сийлсэн одон медалиуд зэрэг цаг үеийнхээ түүхэн бодит байдлыг харуулсан бүтээл юм. Богд хан хайрхан, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан зэрэг дөрвөн хайрханы сан тахилын нярав нь “Зайсан” толгой учраас цай, сүүнийхээ дээжийг өргөж байвал ашид сайн гэж шүтсээр иржээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.