“Golden State Killer” нэрээр алдаршсан, цагдаагийн офицер асан Жозеф Жэймс ДеАнгелод өчигдөр АНУ-ын Калифорни мужийн шүүхээс бүх насаар хорих ял оноожээ.
Одоо 74 настай ДеАнгелогийн шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилж, олон тооны хохирогчдын ар гэрийнхний мэдүүлгийг сонссон юм.
Тэрбээр 1975-аас 1986 оны хооронд цагдаагаар ажиллаж байхдаа нийт 13 хүний амь хөнөөж, 13 удаа хүчингийн хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна.
ДеАнгело үүнээс олон хэрэг үйлдсэнээ хүлээсэн ч зарим нь мөрдөн шалгах хугацаа хэтэрсэн тул хаагджээ.
Прокурорууд түүнийг энэ хугацаанд Калифорни мужийн 11 дүүргийн 120 айлын гэрт нэвтэрч гэмт хэрэг үйлдсэнийг нь баталсан юм.
Олон жилийн турш “Golden State Killer” нэрээр яригдаж байсан алуурчин нь ДеАнгело болохыг тогтоосны дараа дөнгөж 2018 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сакраменто дүүргээс баривчилж байжээ.
Мөрдөн байцаагчид орчин үеийн ДНХ шинжилгээний арга техникийг ашигласнаар гэмт хэрэгтнийг олон жилийн дараа илрүүлэх боломж нээгдсэн байна.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл