Пентагон БНХАУ-ын цөмийн хүчин чадлыг дутуу үнэлэв


Пентагон БНХАУ-ын цөмийн хүчин чадлыг дутуу үнэлэв

 

АНУ-ын Батлан хамгаалах яам ойрын арван жилд БНХАУ цэнэгт хошууныхаа тоог хоёр дахин нэмэгдүүлнэ гэж таамаглалаа. Пентагоны 2020 оны цэрэг, аюулгүй байдлын хөгжлийн тайланд Бээжингийн цөмийн хөгжлийн чиг хандлагад ихээхэн ач холбогдол өгчээ. Харин БНХАУ-ын төрийн мэдээллийн хэрэгслүүд энэ түгшүүрийг үгүйсгэлээ. БНХАУ цөмийн зэвсгийнхээ тоог хэзээ ч зарлаж байгаагүй бөгөөд гадаадын мэргэжилтнүүд 200 орчим гэж баримжаалдаг. Харин Стокгольмын олон улсын энхтайвны судалгааны хүрээлэн, Америкийн судалгааны хүрээлэнгээс 320 орчим гэж тооцоолсон байна.
 
Пентагоны энэ удаагийн илтгэлд Бээжингийн цөмийн зэвсгийн хэмжээг 200 орчим гэж анх удаа тооцоолсон юм. "Глобал Таймс” сонинд энэ талаар "АНУ 3800, ОХУ хамгийн их буюу 4310 цэнэгт хошуутай. Пентагон хоёр зорилгоор Хятадын цөмийн арсеналын тоог зарласан.Нэгдүгээрт Вашингтон Хятадтай сөргөлдөж байгаа нь Америкийн нийгэмд "түгшүүр" төрүүлснийг баталлаа.
 
Нөгөөтэйгүүр Хятадын цөмийн хүчин чадлыг дутуу үнэлсэн нь АНУ БНХАУ-аас илүү стратегийн давуу талтай болохыг харуулах гэсэн оролдлого” гэж тайлбарлалаа. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүньин "Пентагоны тайлан хэт өрөөсгөл, хүйтэн дайны сэтгэлгээтэй. Манай улсын стратегийн зорилгыг санаатайгаар гуйвуулжээ. Мөн эх газар, Тайванийн дайсагналыг өдөөж байна” гэсэн юм. Пентагон энэ тооцооллыг батлан хамгаалахын тагнуулын мэдээлэлд үндэслэн гаргаснаа АНУ-ын Батлан хамгаалахын сайдын орлогч Чад Сбрагиа мэдэгдсэн. Тэрбээр "Хятад улс агаараас хөөргөх баллистик пуужин бүтээж байна. Тэд цөмийн цэнэг хошуу тээвэрлэх хүчин чадалтай, агаарт шатахуунаар цэнэглэх "H-6N” бөмбөгдөгч онгоцоо өнгөрсөн жил танилцуулсан. Энэ мэтчилэн цөмийн цэнэгт хошууныхаа тоог нэмснээр газар, агаар, далайгаар цөмийн цохилт өгөх гурвалсан чадавхиа сайжруулж байгаа” гэв. Вашингтон Москвагийн хооронд байгуулсан СТАРТ гэрээ ирэх жил дуусгавар болно. Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Бээжинг ОХУ-тай хамт цөмийн зэвсгийг хянах хэлэлцээрт оролцохыг санал болгосон. Гэхдээ Хятадын эрх баригчид Бээжин, Вашингтоны цөмийн чадавхийн зөрүүг харгалзан хэлэлцээр хийх сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн. Хятадын хэвлэлд "АНУ Хятадыг цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээрт оролцохыг шахаж байна. Ингэснээр АНУ цэргийн давуу байдлаа хадгалж, чухал үед Хятадын хүсэл зоригийг дарж чадна. Манай улс цөмийн зэвсгийг зөвхөн өөрийгөө хамгаалах зорилгоор бүтээдэг. Тиймээс АНУ-тай ижил хэмжээний цөмийн зэвсэг хэрэглэхгүй. Гэхдээ Хятадын цөмийн хориг арга хэмжээ нь хүчтэй бөгөөд үр дүнтэй байх ёстой. АНУ Хятадад үзүүлэх цэргийн дарамтаа нэмэгдүүлбэл цөмийн зэвсгээ шинэчлэхээс өөр аргагүй” гэжээ.
 
 
 
Ташрамд дурдахад, Хятадын Коммунист намын хэвлэл болох "Глобал Таймс” сонинд Бээжин ойрын хугацаанд цөмийн цэнэгт хошууныхаа тоог мянгад хүргэх тухай энэ оны эхээр бичжээ. Хятадын зэвсгийн шинэ системүүд нь Энэтхэг, Номхон далайн бүс нутагт цэргийн хүчээ төвлөрүүлэхэд нь АНУ-д саад учруулахаас гадна Хятад улс хязгаарлагдмал хэмжээний цэргийн хүч хэрэгсэл ашиглан эсрэг талын хариу цохилтоос урьтан ялалт байгуулах магадлалыг өсгөж байгаа аж.
 
 
 
Тус бүс нутагт байрлаж буй Америкийн цэргийн баазууд нь агаарын довтолгоо ба пуужингийн довтолгооноос хамгаалах найдвартай системгүй учраас Хятадын пуужингийн дайралтад өртөх эрсдэл бий гэж цэргийн шинжээчид үзэж байна. Олон жил үргэлжилсэн үзэл суртлын өрсөлдөөнийг Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа дэвэргэсэн. БНХАУ АНУ-ын Төрийн сангийн үнэт цаасны нөөцөөр Японы дараа хоёрдугаарт жагсаж байгаа бөгөөд энэ нь нэг их наяд гаруй ам.доллар юм. Хэдийгээр 2013 онд 1.32 их наяд ам.долларт хүрсний дараа Бээжин эзэмшлийн хувьцаагаа төрөлжүүлсэн. Д.Трампын засаг захиргаа Хятад руу тууштай довтолж байгаа учир Бээжин эзэмшлээ аажмаар 800 тэрбум орчим ам.доллар болгон бууруулж эхэлжээ. БНХАУ-ын эдийн засагчид АНУ Бээжинд үргэлжлүүлэн хориг тавибал энэ төлөвлөгөөг хурдасгах боломжтой гэж үзэж байна. АНУ-ын үнэт цаасны зах зээлийг орхих нь санхүүгийн зах зээлийг сүйрэлд хүргэх эрсдэлтэй. Тухайлбал, АНУ-д зээлийн хүү нэмэгдэнэ. Гэхдээ энэ нь Бээжинд ч хүндхэн тусах юм. Их Британийн Уорвикийн их сургуулийн улс төр, олон улсын судлалын профессор Шаун Бреслин "Бээжингийн бусад улстай тогтоосон итгэлцлийг алдагдуулж, нэр хүндэд нь сөргөөр нөлөөлнө. БНХАУ-ын эрх баригчид АНУ-тай худалдааны дайны хажуугаар санхүүгийн тулаан хийхийг хүсэхгүй байгаа” гэжээ.
 
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.