Баянгол дүүргийн VIII хороонд байрлах нэгэн Дэн буудлын түрээслэгч Ч.Энхээ: Би түрээсийн 2.4 сая төгрөгийн өрөнд унаж байна
- Манай буудал сард 2.4 сая төгрөгийн түрээс төлдөг.Орон сууцны нэг давхарт байрладаг болохоор нийтдээ таван л өрөөтэй. Манай түрээслүүлэгч эзэн ОХУ-д байдаг болохоор түрээсийн хөнгөлөлт үзүүлэхгүй гэсэн. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед нэг өрөөнд нэг л хүн авч байсан. Өдөрт 165-200 мянган төгрөгийн орлоготой. Урсгал зардал болон цалинд нэг сая орчим төгрөг зарцуулдаг. Манайх нийт 5 ажилтантай. Манайх шиг олон дэн буудал түрээсийн төлбөрийн өрөнд унаж байна. Эздээсээ шаардаж байгаа ч тэд авч хэлэлцэхгүй байна. Тэгэхээр цаашид хөл хориог цуцлах хэрэгтэй байна. Сая 34 аж ахуйн нэгжийн үйл ажиллгааг нээж байгаа ч буудлын үйлчилгээг нээсэнгүй. Харин ч хамгийн эрсдэлгүй, хүн хоорондын зайнд үйлчилдэг газар бол жижиг буудлууд. Хэрэв хөл хориог үргэлжлүүлнэ гэвэл бидний түрээсийн төлбөрийг төрөөс даах хэрэгтэй байна.
Чингэлтэй дүүргийн иргэн, үсчин Ү.Пүрэвжаргал: Ус, цахилгаан, дулааны төлбөрөөс хөнгөлвөл бодит дэмжлэг болно
- Би Сүхбаатар дүүрэгт үсчин гоо сайхны газарт суудал түрээсэлж өөртөө ажлын байр бий болгож ажилладаг. Манай түрээсийн төлбөр хотын төвд учраас сарын 800 мянгаас дээш төгрөг байдаг. Хатуу хол хорионы энэ үед манай түрээсийн төлбөрийг түрээслүүлэгчийн зүгээс хэдийгээр 50 хувь хөнгөлсөн ч өдөр тутмын орлогоор амьдардаг, дээр нь хэрэглээний зээлтэй бидний хувьд хүндээр туслаа. Ус, цахилгааны төлбөр өндөр гардаг онцлогтой учраас үүнээс өөрөөр хөнгөлөх боломж байхгүй гэдгийг бид ойлгож байна. Тиймээс түрээслүүлэгчдийн ус дулаан, цахилгааны төлбөрийг ямар нэг хэмжээгээр төрөөс чөлөөлөөд өгсөн бол том дэмжлэг болох байсан.
Хөвсгөл аймагт хувиараа тавилга үйлдвэрлэдэг Ц.Ренчин: Зээлийн хүүгээ цаашид хэрхэн төлөхөө мэдэхгүй байна
- Манай аймгийн төвд 20 орчим тавилга үйлдвэрлэдэг иргэд бий. Цар тахлын үед бүгд хүнд байдалтай байна. Бүгд 2-3 банкинд зээлтэй. Би 10 гаруй сая төгрөгийн зээлтэй, сард 700 мянган төгрөг төлдөг. Төрөөс зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан ч долоон сарын дараа хүүгийн дарамтад орох учраас бидэнд хүндрэлтэй. Хоёр сарын хүүг нөөц боломжоо шавхаад төлж болж байна. Боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг нээсэн хэдий ч үйлчлүүлэгч нь мөнгөгүй болохоор давхар хамааралд орчихдог. Өөрөөр хэлбэл, жирийн үед өдөрт гурван сандлын захиалгатай байдаг бол одоо захиалга орж ирэхгүй байна. Нөгөөтэйгүүр түүхий эдийн хомсдолд орсон. Мод хилээр орж ирэхийг хорьчихсон учраас бидний бизнес зогсонги байдалд байна. Харин төрөөс зээлд алданга тооцохгүй гэсэн тулдаа нойртой хонож байна. Бодит дэмжлэг хэрэгтэй байна.
Орхон-Уул аймгийн бизнесмен Р.Цэцэглэн: Алтанбулгийн хил хаасан учраас бизнес зогссон
-Би аймагтаа барааны чиглэлээр лангуу түрээслэдэг. ОХУ-аас хувцас, болон бараа оруулж ирж худалдаалдаг. Сүүлийн нэг сарын хугацаанд миний болон надтай ижил үүргийн худалдаачид хүнд байдалд орсон. Харин цахимаар ганц нэг хувцас зарж өдрийн хоолоо залгуулж байна. Түрээслэгч харин түрээсээс чөлөөлсөнд баяртай байна. Цаашид Алтанбулгийн хил нээгдэх хүртэл банкны зээлтэй хэрхэхээ мэдэхгүй байна. Бидэнд хүү багатай хугацаа урт зээл олддог бол өмнөх зээлээ чөлөөлөөд нэг хэсэг аргалах боломж байна. Зээл хойшлуулалтад хамрагдсан ч дараа нь хүүгийн хуримтлагдсан дарамтад орох учраас эрсдэлтэй. Өөр бизнес хийх чиглэлд хөрвөх талаар бодож байна.
Хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг Б.Цогтгэрэл: Хөл хориог цаашид сунгавал байдал хүндрэхээр байна
-Өдрийн орлогоор амьдардаг хэсэг бол такси үйлчилгээ эрхлэгч. Манайх ам бүл тавуулаа. Эхнэр гэртээ хүүхдүүдээ харж, би таксинд явж олсон орлогоороо амьдардаг. Хатуу хөл хорионы үед хүүхдийн 300 мянган төгрөгөөр л амьдарч байна. Мөн автомашины лизингтэй. Сард 280 орчим мянган төгрөг төлдөг. Харин зээл хойшлуулалтад хамрагдсан. Энэ удаа ингээд нэг юм дүүжигнээд өнгөрч байна. Цаашид хөл хорио сунгавал хүнд байдалд орохоор байна. Өдөрт хэр явсанаас шалтгаалж 20-80 хүртэл мянган төгрөгийн орлоготой байдаг.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл