Засгийн газраас аж ахуй нэгж, айл өрхүүдийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 сарын 1-ний өдрөөс эхлэн долоон сарын хугацаанд хариуцахаар болсон. Тог цахилгаан, цэвэр бохир усны хэрэглээг тэглэх болсонтой холбогдуулан Хот суурины ус хангамж ариутгах, татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус зөвлөлийн мэдээлснээр хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нэг өрхийн усны хэрэглээ 4-6 хувиар өссөн байна. Түүнчлэн 1-ээс есөн саруудад ч хэд дахин өсөх магадлалтай. Учир нь тус саруудад иргэдийн усны хэрэглээ бусад саруудаас илүү өндөр байдаг хэмээн тайлбарлалаа.
Мөн тог, цахилгаан, усны төлбөрийн үлдэгдэлтэй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлбөр хөнгөлөгдөхгүй гэсэн буруу ойлголт иргэдийн дунд байгааг дурдан, өрөөсгөл мэдээлэл гэдгийг хэллээ. Гэхдээ хэтэрсэн хэрэглээнд хяналт тавих ба үйлдвэрийн зориулалтаар болон өөр зориулалтаар ашигласан бол илүү төлөлтөө иргэд төлөх юм байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн ахуйн болон ундны усны төлбөрийг хөнгөлж байгааг тодотгов. Харин үйлдвэрийн зориулалттай аж ахуй нэгжүүдийн усны хэрэглээ, төлбөр айл өрхүүдээс ялгаатай гардгийг онцлов.
Хот суурины ус хангамж ариутгах, татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн мэдээлснээр 700 гаруй айл өрх, 20 мянга гаруй аж ахуй нэгжид 11 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байгаа аж.
Сэтгэгдэл