"Жи тайм”-ын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах холбооны тэргүүн Х.Чимэд-Очиртой ярилцлаа.
-"Жи тайм” корпораци Монгол Улсад үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл үнэхээр байсан юм уу. Эсвэл зөвшөөрөлтэй гэж худлаа хэлж иргэдийг хуурч, хохироосон юм уу?
-"Жи тайм” бол интернэт худалдааны компани байгаа юм. Үүнийг судлаад Монголд албан ёсоор үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг авахаар холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан. Ингээд "Болохгүй зүйл байхгүй, та нар аж ахуйн нэгж байгуул” гэсэн хариу аваад 2016 оны арваннэгдүгээр сарын 18-нд өргөдөл өгсөн. Ингээд "Жи тайм” корпорацийг төлөөлсөн казах хүн бичиг баримт бүрдүүлэлтийг мэдэхгүй учраас 2015 оноос тус байгууллагаас бараа бүтээгдэхүүн авч байсан Оюунчимэг гэх эмэгтэйд хамтарч ажиллах санал тавиад, гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсон байдаг.
Ингээд хуулийн дагуу Аж ахуйн нэгжийн хуулийн дагуу татвар төлдөг, оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнээ мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулж, бараа бүтээгдэхүүн нь эрүүл, аюулгүйн чанар стандартыг хангасан гэх бичиг баримтаа албан ёсоор авсан. Ингээд хэн хэн нь Монгол Улсын хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үүний үр дүнд олон мянган айл өрхийн орлого нэмэгдэж, богино хугацаанд тогтмол орлоготой болсон. Нэг сарын дотор 20 гаруй мянган хүнийг хамруулж Баянгол дүүргийн татварын албанд тэрбум 300 сая төгрөгийн татварыг төлсөн байдаг. Энэ компани хууль бус юм бол орлогын албан татварыг улсын орлогод төвлөрүүлэх үү.
-Тэгвэл албан ёсны зөвшөөрөлтэй иргэд ашиг орлоготой байсан юм бол яагаад дампуурчихсан юм бэ?
-Казахстны "Жи тайм” корпораци болон Монгол дахь салбарын хувьд ийм их эрэлт хэрэгцээ бий болж иргэд худалдан авалт ихээр хийнэ гэж төлөвлөөгүй байсан. Тиймээс ачааллаа дийлэхээ больж бараа татан авалт жаахан удааширсан. Яг энэ үед сүлжээ судлаач Чимэддамба гээч нөхөр цагдаагийн байгууллагад богино хугацаанд иргэд ашиг олоод байна. Бага дээр нь дарах хэрэгтэй гэсэн байгаа юм. Ингээд хууль хяналтын байгууллагаар шалгуулах ажил 2017 оны хоёрдугаар сараас эхэлсэн. Үйл ажиллагааг нь зогсоонгуут Монгол Улсын хууль журмын дагуу татвараа төлж, шаардлагатай эрх зүйн баримт бичгийг бүрдүүлэн үйл ажиллагаагаа явуулсан. Тэр ч бүү хэл МХАҮТ-аас Шилдэг аж ахуйн нэгжийн шагналаа гардуулсан нь баримтаар нотлогдож байгаа компанид бид итгэхгүй гээд яах билээ. Тэгвэл үнэхээр тухайн компани хууль бус үйл ажиллагаа явуулсан юм бол манай улсын төрийн байгууллагууд яагаад гэрчилгээ олгож, иргэдийн урамшууллаас татвар авч, Шилдэг аж ахуйн нэгжээр зарласан юм бэ. Тэгсэн мөртлөө өнөөдөр энэ асуудлыг гэмт хэрэг хэмээн үзэж, онц их хэмжээгээр бусдыг залилсан гэж үзсэн.
-Тухайн үед Казахстан улсын иргэн М.Маратыг долоон тэрбум төгрөгтэй оргон зайлах гэж байхад нь барилаа хэмээн хэсэг шуугьсан. Удаа ч үгүй оргон зайлчихсан шүү дээ?
-Яг үнэндээ бодит байдал дээр эхнэр, нөхөр хоёр долоон тэрбум төгрөг үүрээд хилээр гараад явах боломж байдаг юм уу. Манай улсын хууль, хяналт, хил гаалийн байгууллагууд зүгээр л гаргаад явуулчих уу. Дандаа худал мэдээлэл өгдөг. Яг тухайн үед Маратын эхнэрийнх нь аав нь нас барсан байдаг. Ингээд явах гэж байхад нь бариад авсан юм билээ. Тухайн үед Маратад 5000 төгрөг, эхнэрт нь онгоцны билетийн мөнгөнөөс өөр мөнгө байгаагүй юм билээ. Ер нь Маратад тийм их хэмжээний мөнгө байх үндэслэл байхгүй.
-Яагаад. Тэр хүн чинь манай улсын олон мянган хүний "Жи тайм”-д оруулсан мөнгийг аваад явах гэж байсан юм биш үү?
-Хэн нэгэн "Жи тайм”-аас бараа авахаар хөтөлбөрт орохдоо мөнгөө хувь иргэн Маратын дансанд хийдэггүй. Казахстан улсын "Жи таймс” компанийн дансанд хийдэг. Ийм л зарчимтай. Одоо манай улсад үлдчихсэн байгаа долоон тэрбум гаруй төгрөг бол маркетингийн зориулалттай мөнгө. Энэ мөнгө бэлнээр манай улсын Хаан болон Худалдаа хөгжлийн банкинд бий. Хаан банкинд 3.4 тэрбум, Худалдаа хөгжлийн банкинд дөрвөн тэрбум төгрөг бий. Ингээд бөөн бужигнаан үүсэхэд тухайн компанид ажиллаж байсан иргэд ямартаа ч хууль хяналтын байгууллагын дүгнэлтээ хүлээе. Үнэхээр хууль бус, луйврын бизнес юм бол асуудлаа шийдье гээд хүлээсэн. Энэ хугацаанд "Жи тайм” компанид хөрөнгө оруулсан иргэд нэгдэж хууль бус үйл ажиллагаа юу байсан талаар судалсан. Хууль зөрчсөн зүйл олоогүй. Ингээд цагдаагийн байгууллагад хандахаар наад компани чинь огт байдаггүй. Та нар тийм юм бол Казахстанд очиж судал гэсэн. Бид таван хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг гаргаад явуулсан. Тэгтэл "Жи тайм” корпораци Казахстан улсад байхаар барах уу үйлдвэрлэлээ хэвийн явуулж байсан. Тухайн үед дэлхийн 70 гаруй оронд бүтээгдэхүүнээ гаргадаг байсан бол биднийг очиход 80 гаруй улсад бүтээгдэхүүнээ гаргадаг болчихсон байсан. Улсдаа татвар төлөлтөөрөө хоёрт ордог компани байсан. Гэтэл бас мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад учруулсан гэж үзсэн учраас зогсоосон.
-Одоо тэгээд та бүхэнд ямар санал, гомдол байна вэ?
-Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шүүхийн шийдвэрийг тэвчээртэй хүлээлээ. Тэгтэл анхан болон давж заалдах шүүхээс гаргаж байгаа шийдвэр нь иргэдийн хүлээлтэд нийцээгүй. Өөрөөр хэлбэл "Жи таймс” компанид итгэж хөрөнгө оруулсан хүмүүс эргээд өр төлбөрт орсон. Эрдэнэт хотын нэг иргэн гэхэд л 486 сая төгрөгийн хариуцагч болчихсон байна. Шүүхийн байгууллагаас тус хэрэгт 908 хариуцагч байгаа хэмээн тооцож, тэдгээр хүмүүсийг бусдыг залилсан гэж үзсэн. "Жи тайм” корпорацийн Монгол дахь гүйцэтгэх захирал Оюунчимэгийг энэ залилангийн хэргийг удирдан зохион байгуулсан хэмээн 11 тэрбум төгрөгийн төлбөрт унагаж байна. Хэрэв "Жи тайм” компанийн VIP хөтөлбөрт ажиллаж 20 сая төгрөгийн урамшуулал авсан хүн бүр гэмт хэрэгт холбогдох юм уу. Үнэндээ энэ хэргийн хариуцагч нь Монгол Улсын иргэд биш "Жи тайм” коропораци байх ёстой шүү дээ. "Жи тайм”-д орж ажилласан хүмүүс мөнгөө иргэн Б, О өөр хэн нэгний дансанд хийгээгүй. Харин Казахстан улсын компанийн дансанд хийсэн шүү дээ.
-Тэгвэл "Жи тайм” сүлжээгээр хохирсон иргэдийн хохирлыг улсынхаа иргэдээс биш, тухайн улсын компаниас гаргуулах ёстой гэж та үзэж байгаа юм уу?
-"Жи тайм” корпорациас Монголын цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллагад албан бичиг ирүүлсэн байдаг. Хэрэв манай байгууллага ямар нэгэн байдлаар гэмт хэрэг үйлдсэн бол гарсан хохирлыг 100 хувь барагдуулна.Энэ асуудлаар манай компанийг хариуцан ажиллаж байгаа М.Марат гэж хүн байгаа гэсэн байдаг.
-Гэтэл М.Марат хилээр гараад зугтчихсан биз дээ?
-"Жи тайм”-ын М.Маратыг манай улсын хууль хүчний байгууллага мөнгө аваад хилээр гаргачихсан шүү дээ. Тухайн иргэнийг хилээр гарч зугтах гээд байна шүү гэж өөрийн гараар өргөдөл бичиж прокурорт өгсөн. Гэтэл "Юу гэж тийм зүйл байх вэ. Бид хилийн хориг тавьчихсан” гээд байсан. Гараад явчихсан л байхгүй юу. Үнэхээр "Жи тайм” гэмт хэрэг, залилан юм бол ганцхан эзэн холбогдогчийг нь тогтоож байхгүй яасан юм бэ. Монгол Улс ганцхан хүн тогтоох чадалгүй, гааль, цагдаагийн байгууллагатай юм уу. Ямар учиртай юм бэ. Үүнийг ерөөсөө ойлгохгүй байна.
Бид одоо газар мухардчихаад байна. Энэ бол "Жи тайм”-д холбогдсон 20 гаруй мянган иргэний эрх ашигтай холбоотой асуудал. Хамгийн гол нь иргэдийг хохироосон гэж үзээд байгаа Казахстан улсын "Жи тайм” компанийн талаар энд огт дурдаагүй. Тэгсэн мөртлөө иргэний хариуцагчаар татсан 908 иргэний бүхий л үл хөдлөх болох, хөдлөх хөрөнгийг нь царцаачихсан байгаа. Үүнээс үүдэн иргэд сэтгэл санааны болон эдийн засгийн асар их хохирол амсаад байна.
Аав, ээж, ах дүүсийн хооронд чи миний мөнгийг авсан, би аваагүй гэдэг. Энэ хэрэг бол иргэн Болд, иргэн Батын мөнгийг өөрийн дансандаа аваагүй шүү дээ. Энэ мөнгө Казахстан улсын компанийн дансанд орсон гэдгийг хэрэг шалгаж байгаа хүмүүс сайн ойлгох хэрэгтэй.Гэтэл өнөөх Казахстан улсын "Жи тайм” компани бид хүлээсэн үүргийнхээ дагуу бараагаа нийлүүлж татвараа төлж байсан. Танай улс ямар нэгэн байдлаар биднийг хууль зөрчсөн гэж үзвэл бид Арбитрын шүүхэд хандана. Бид танай улсад очиж ажил үүргээ явуулахдаа хууль дүрмийн дагуу явуулсан гэсэн байр суурь илэрхийлсэн. Үнэндээ тус компанийн хөтөлбөрт хамрагдаж бараа бүтээгдэхүүн худалдан авсан 20 мянган хүн, тэдний гэр бүлийнхний хувь заяа төрийн буруутай ажиллагаанаас болж хохирч байна. Бид хэн нэгнийгээ шоронд хийхийг хүсэхгүй байна. Мөн хэн нэгнийгээ хохироохыг хүсэхгүй байна.
Хамгийн гол нь эдийн засаг хүнд, цар тахлын үед шийдвэр гаргаж байгаа хууль шүүхийн байгууллага энэ асуудалд эзний ёсоор хандмаар байна.
П.БАТЗАЯА
Өдрийн сонин
Сэтгэгдэл