ИНЕГ-ын үе үеийн удирдлагуудын дур зоргын хэргийг жагсаавал нэлээд их цаг, зай орох нь. Булхай, буруу бүхнийг ээлж дараалан илчилсэн баримт мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр байна. Татвар төлөгчдийн мөнгийг хэн хэрхэн эргэлдүүлж, зориулалтын бусаар зарцуулж байсан болон зарцуулж байгааг товч түүвэрлэн дурдъя.
ИНЕГ-ын дарга байсан С.Батмөнх албан тушаалын хэргээр анхан шатны шүүхээс 6.6 жилийн хорих ял сонссон ч Дээд шүүх дээр 14 сая төгрөгийн торгуулиар эцэслэгдсэн байдаг. Гэхдээ Т.Батжаргал гэгч нь түүний удирдлагаар балагт үйл хэргийг нь түүчээлэн үргэлжлүүлсээр байжээ. Тухайлбал, Т.Батжаргал нь 2012 онд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга байхдаа байгууллагын зардлаар 54 оюутныг гадаадад сургах ажлыг тодорхойгүй нэр бүхий байгууллагуудтай хамтран зохион байгуулж, 10 орчим тэрбум төгрөгийн зардалтай тэр гэрээндээ өөрийн ойрын хүмүүсээ багтаажээ.
Ингэхдээ оюутан бүрт сар болгоны бүх зардлыг байгууллагаас гаргуулахаар гэрээнд тусгасан аж. Мөн тэрбээр өөрийн хоёр охиноо гадаадад сургахдаа хагас тэрбум төгрөгийг ИНЕГ-аас гаргуулсан байна. Үүн дээр хамаатнуудынх нь хүүхдүүдийн сургалтын зардлыг нэмэхээр 1.2 тэрбум төгрөг болсон байгаа юм.
Тэгвэл ИНЕГ-ын одоогийн дарга Л.Бямбасүрэн нь онцгой албан татвартай барааг, тодруулбал 150 блок тамхийг хяналтгүйгээр зөөвөрлөн оруулж иржээ. Ингэхдээ тусгай үүргийн онгоцоор буюу 2020 оны есдүгээр сарын 13-ны оройны Токио-УБ чиглэлийн нислэгээр гэнэ. Мөн тэрбээр цар тахалтай энэ үед хэмнэлтийн горимд шилжих төр засгийн шийдвэрийн эсрэг үрэлгэн зарлага гаргаж, 100.8 сая гаруй төгрөгөөр ариун цэврийн цаас, салфетка мэтийг худалдан авах гэрээг өнгөрөгч оны долдугаар сарын 10-ны өдөр Грандмакс компанитай байгуулсан байна.
Тэгвэл тэргүүн дэд дарга Б.Алтанцом нь 99 сая төгрөгийн эйр кондэйшн худалдан авах гэрээг өнгөрсөн оны аравдугаар сарын 16-нд хийжээ.
ИНЕГ-ын дарга нарын зарим хэрэг одоо шүүхийн шатандаа явж байна. Тухайлбал, найзынхаа "Гүрэн" сургуульд бэлэглэсэн гэх 650 сая төгрөгийн асуудлаар Л.Бямбасүрэн, Ё.Эрдэнэбат нарыг АТГ-аас шалгаж, шүүхэд шилжүүлсэн. Мөн Л.Бямбасүрэн, Б.Алтанцом нар ЗТХЯ-ны АТБХЗХэлтсийн дарга асан С.Мөнхнасанд 10 сая төгрөгийг шилжүүлсэн хэрэг шүүхэд шилжсэн.
Бас нэгэн анхаарал татсан зардал бол Иргэний нисэхийн үндэсний төвийн удирдлагууд 15.9 сая төгрөгөөр нохойны хоол авсан гэнэ.
Төсвийн хөрөнгөөс гадна томилгоо, халаа сэлгээний маш олон асуудал энэ байгууллагын бас нэг том сэдэв болдог.
Энэ мэт үйлдлүүдийг нэг бүрчлэн тоочвоос нэлээд цаг орохоор байна. Зөвхөн нэг агентлагийн удирдлагуудын булхай үе үеэрээ ийн түүчээлж буйг салбарын яам, сайд нар нь анзааралгүй өнгөрөөдөг гэхэд итгэхэд бэрх. "Олзыг олуулаа" гээд төсвөөс хумслагчдыг илчилсэн нэгэн жишээг товч дурьдахад ийм байна.
Эх сурвалж: BOLOD.MN
Сэтгэгдэл