Х.Баттулгын гэх “хонгил”-ыг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар илчиллээ, өөр юу хэрэгтэй гэж


Х.Баттулгын гэх “хонгил”-ыг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар илчиллээ, өөр юу хэрэгтэй гэж

 

Нийгмийн уур амьсгал дөрвөн жилийн өмнө шударга ёс ярьж гарч ирсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын эсрэг чиглэлээ. Өчигдөр төрийн ордны гадна олон мянган иргэн Ерөнхийлөгч Х.Баттулгаас шүүгч нарт хариуцлага тооцохыг шаардаж жагсав. Иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарах болсон нэр бүхий шүүгч нарт хариуцлага хүлээлгэхийг түүнээс шаардсан юм. Тэдгээрийн дотор бусдаас авлига авч, хэрэг шийдвэрлэсэн байх магадлалтай шүүх, хууль хяналтын байгууллагуудын ажилтнууд багтсан. Үүгээр тогтохгүй Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтны үнэмлэхтэй, өмгөөлөгч гэх этгээд, Ерөнхийлөгч Х.Баттулгын харьяа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнууд их хэмжээний мөнгөний дуулианд удаа дараа холбогдоод байгаа.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр үйл явдалтай холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Гансүхэд хариуцлага тооцуулах шаардлагаа Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн ч шийдэгдээгүй. Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ “Үнэхээр Б.Баасанцогт гэдэг хүн шүүн таслах ажил, шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлж, бусад шүүхийн процесст оролцсон нь тогтоогдвол том хэмжээний асуудал болж хувирна. Үүн дээр Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга А.Гансүх гүнзгий оролцсон байж болзошгүй гэдэг урьдчилсан нөхцөл байдал яригдаж байгаа. Тэгвэл А.Гансүх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар цаашид үргэлжлүүлэн ажиллах ёс зүйн эрх байх уу, үгүй юу гэдгийг хөндөнө” гэж байв. Тэгвэл эдгээр асуудал олон нийтийн эгдүүцлийг хүргэж, онцгой дэглэмийн үед жагсаал хийхэд хүргэсэн байна.

 

Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагууд төдийгүй шүүх засаглал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тойрсон авлига, хээл хахуулийн асуудал эцэстээ Ерөнхийлөгч Х.Баттулгад хүрэн замхраад байгаа. Сүүлдээ хүссэн хүнээ яллаж, шийтгэн дарамталдаг зэрэг бүх юмны эцсийн захиалагчийн талаар ил цагаан ярилцдаг боллоо. Айж гайхах хүн ч олширсон. Энэ удаад АН-ын албан ёсны дарга гэгдэж буй С.Эрдэнэ Ерөнхийлөгч Х.Баттулгын гэх “хонгил”-ын хохирогчоор тодорсноо өчигдөр зарлав. Тэрбээр Х.Баттулгын захиалгаар хууль хяналтын байгууллага өөрт нь хэрхэн хэрэг үүсгэж байгаа талаар баримт дэлгэхдээ “Монгол Улсад хууль шүүхийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглах, хууль шүүхийн байгууллагаар улстөрчдийг айлган дарамталдаг үйл явц өнөөдрийг хүртэл өрнөж байна. Би өөрөө тэр шударга бусын хонгилоор чирүүлж байгаа хүмүүсийн нэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үйл ажиллагааны дараагаас эхлэн өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга бид хоёрын дунд үл ойлголцол үүссэн. Надад удаа дараа эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн хэргээр намайг дарамтлах гэж оролдсон. Сүүлийн дөрвөн жил МАНАН гэж ярьсан. Гэтэл МАН, АН-ын удирдлагыг үндсэндээ Х.Баттулга даргалж ирсэн шүү дээ. Шулуухан хэлэхэд, У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаасаа огцрох өдөр УИХ-ын чуулган дээр бодит үнэнийг л хэлсэн” гэлээ.

 

Үүний өмнө МАН-ын дарга У.Хүрэлсүх “Би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр гишүүдэд болон холбогдох хүмүүст хэлж байсан. Наад албан тушаалууд чинь мөнхийн биш шүү. Та бүхэн хэзээ нэгэн цагт төрийн өмнө шалгагдана шүү. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэзээ ч хууль зөрчиж болохгүй, Ерөнхийлөгч өө. Хэрэв та бид нар хууль зөрчвөл энэ Монголын төрд хууль биелүүлдэг газар үгүй болно шүү гэдгийг удаа дараа хэлсэн, сануулсан. З.Энхболд даргыг байхад удаа дараа сануулж байсан. Одоогийн шинэ залуу дарга байхад ч би удаа дараа сануулж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхэд удаа дараа сануулж хэлсэн. Авлигатай тэмцэх газар нэг хүнээс хараат бус байх, хэн нэгэн дуудаж ял өгдөг, гэмгүй хүмүүст ял өгдөг, сонгуулийн өрсөлдөгчийг улс төрийн зорилгоор намнаж, хуулийн байгууллагын удирдлагад нөлөөлдөг, улстөрчдийг айлгадаг төрийн тэргүүн байж болохгүй” гэж мэдэгдсэн.

 

Ямартай ч Монгол Улсын Ерөнхий сайд болон улс төрийн голлох хоёр хүчний дарга нар өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын гэх таалаагүй хүнээ ялладаг цагдаа, прокурор, шүүхийн байгууллагыг хамарсан “хонгил” нэгэнт бий болсныг илчиллээ. Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, шүүх, прокурорын байгууллагын томилгоог хийсэн хугацаанд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат шоронд хилсээр хоригдоод, саяхан суллагдсан. Одоо Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан, Сангийн сайд асан С.Баярцогт тэргүүтэй бүхэл бүтэн тэрслэгч анги шоронд хоригдож байгаа. Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийг нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөрчилдсөний төлөө яллагдагчаар татсан хэмээн гадаадаас мэдээлж суугаа.

 

Тэрбээр “Х.Баттулгаа, энэ олон эх үрс, эхнэр хүүхдийн нус нулимс, амьдын хагацал чиний нойрыг шөнө яаж хүргэдэг байна. Энэ бүхэн юуны төлөө юм бэ. Чамайг дахиж сонгуулахын төлөө, иргэдийн уулзалтан дээр хэлэх юмтай байлгахын төлөө юу. Ямар олон хүний нус нулимс дээр тогтдог албан тушаал, эрх мэдлийн төлөөх шунал вэ, наадах чинь. Чиний үед Ардчилсан Үндсэн хуулийн доор анхны улс төрийн хоригдлууд бий боллоо. Улс төрийн өрсөлдөгчдөө нэг нэгээр нь холдуулж хорихоос чи өөрөөр яг яаж авилгын эсрэг тэмцэж байгаа юм. Ямар бодлого, тогтолцоо, хууль эрх зүйн орчин санал болгов оо. Баахан хууль өөрчилж Хүслийн хонгилынхоо эзэн болсноос өөрөөр чи яг юу шийдэв” хэмээсэн. Энэ мэт олон үйл явдлыг “1937 оны их хэлмэгдүүлэлт эргэн ирлээ” хэмээн дүгнэсэн хүн олон. Одоо УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуулийн арга хэмжээ авахад өөр ямар шалтгаан хэрэгтэй гэж.

 

 

С.СҮЛД

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.