Эмч эмнэлгийн ажилтнуудад 2.8 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно


Эмч эмнэлгийн ажилтнуудад 2.8 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно 

Дэлхийн эмч нарын баярын өдрөөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллав.

Хавдар судлалын үндэсний төвд 03 сарын 26-ны өдрөөс хавдартай иргэдийг Пфайзер вакцинаар дархлаажуулж эхэлсэн бөгөөд вакцинд хамрагдуулалт хэрхэн явагдаж байгаатай Ерөнхий сайд танилцлаа. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хандивласан 25,740 тун Пфайзер вакцины тухайд эрхтэн шилжүүлэн суулгасан, архаг хууч өвчтэй, хавдартай иргэдэд тус вакциныг хийж эхлээд байгаа юм. Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын мэдээллээр вакцинжуулалтад хамрагдсан иргэдээс сөрөг урвал ажиглагдсан тохиолдол байхгүй, өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн, эмчийн хяналтад байгаа гэлээ.

Эмч эмнэлгийн ажилтнуудад 2.8 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно 
Хавдар судлалын үндэсний төвд ажилласны дараа Ерөнхий сайд Халдварт өвчин судлалийн үндэсний төвд ажиллав. Тус төвийн ерөнхий захирал Л.Баттөр коронавирусийн тархалт болон одоогийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийсэн бөгөөд тэрбээр хөл хорио тогтоохгүй бол коронавирусийн тархалт зургаадугаар сарын дунд үед одоогийнхоос 10 дахин нэмэгдэх тооцооллыг танилцуулсан юм.

Улсын Онцгой Комиссоос Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх ЭМЯ-ны саналыг дэмжин 2021 оны 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэл "Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн УЛААН түвшинд шилжих саналыг Засгийн газрын хуралдаанаар маргааш шийдвэрлэх юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын хувьд эдийн засгаа аль болох нээлттэй байлгах бодлого баримталж ирсэн. Гэхдээ эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсоно. Шинжлэх ухааны дээр гишгэсэн улстөрч байж болохгүй. УОК-оос 04 сарын 03-ны өдрөөс 04 сарын 18-ны өдөр хүртэл хөл хорио тавих санал гаргасан. Засгийн газрын хувьд хэрэв хөл хорио тавих бол тодорхой үр дүнтэй арга хэмжээг авах ёстой гэж үзэж байгаа. Өмнөх хөл хорионы үе "Нэг хаалга - нэг шинжилгээ” хөтөлбөрийг зохион байгуулснаар бид эдийн засгаа нээх боломж бүрдсэн. Тэгвэл энэ удаад хөл хорио тавих бол дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Хэрэв энэ удаад хөл хорио тогтооно гэж үзвэл бид дөрөвдүгээр сардаа багтаж нэг сая иргэнээ вакцинжуулах зорилт тавьж байж үр дүнтэй болно” гэв.

Хөл хорионы үеэр вакцинжуулалтыг эрчимжүүлж ажиллах нь хамгийн оновчтой алхам гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн удирдлагууд, тархвар судлаачид хэлж байлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  цар тахалтай тэргүүн эгнээнд нүүр тулан, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч нартаа баярын мэнд хүргэн, Засгийн газраас нийт 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэгийг эмч, эмнэлгийн ажилтнуудад олгохоор болсноо мөн энэ үеэрээ дуулгасан юм.

Тодруулбал, КОВИД19-ийн эсрэг ажиллаж байгаа 2,230 эмч, эмнэлгийн ажилчдад нэг сая төгрөгийн, 1,100 резидент эмч тус бүрт 500 мянган төгрөгийн нийт 2.8 тэрбум төгрөгийн урамшуулал олгох асуудлыг маргаашийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэх гэж байна.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-д тулгамдаж байгаа зарим асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нарт чиглэл болголоо. Амаргүй цаг үед хамтын хүчээр цар тахлыг даван туулж, Засгийн газраас эрүүл мэндийн салбарынхаа алба хаагчдын нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцөл, цалин хөлсний асуудалд үе шаттайгаар анхаарч, хамтран ажиллах болно гэдгийг хэлсэн юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.