-Та нарын цалин хөлс, хангамж чинь багадаад байдаг юм уу. Эсвэл бодлого нь болохгүй байдаг юм уу. Асуудал нь яг хаана байна вэ. Та нарын сэтгэл дутаж байна гэж дүгнэмээр байна. Та нар өнөөдөр хамгийн тааламжтай нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс. Хэрвээ эдгээр 12 хэрэг гарахын өмнөх эхний хэрэг дээр нухацтай ажилласан бол дараагийн 11 хэрэг гарахгүй байх байсан. 11 аав, ээж хагацал зовлон амсахгүй байх байлаа. Хэн хариуцлага хүлээсэн юм. Африк гаралтай америк эрэгтэй Жорж Флойд амиа алдсан хэрэг эцсээ хүртэл явж байна. Конгресс авч үзэж энэ хүний нэртэй хууль хүртэл гарч, бүх муж нь Цагдаагийн албан хаагчмийн журамд өөрчлөлт оруулж байна. Гэтэл манайд ямар ч арга хэмжээ авахгүй 3 саяулаа үхээд дуусах юм уу. Эцэг эхчүүдийн хяналтыг тавимаар байна гэж иргэдээс маш олон санал, хүсэлт ирж байна. Өнөөдөр асуудлыг сенсаци болгоод өнгөрөх төдий хоосон хандах ёсгүй. Хариуцсан хүмүүс нь богино, дунд, урт хугацаанд яг юу хийх вэ гэдэгт УИХ-аас ажлын хэсэг гарч бидэнд ирүүлэх хэрэгтэй. Эрхзүйн орчин болон төсөв мөнгө нь хүрэлцдэггүй юм бол бид оролцъё. Шаардлагатай гэвэл хохирогчдыг оролцуулсан нээлттэй сонсгол явуулъя. Залуусыг эх оронч, чийрэг бие бялдартай болгох гэж цэрэгт явуулдаг болохоос биш нэг хариуцлагагүй даргын гарын шүүс болгохыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийг шийдэх хүртэл нь явна гэв.
ЗХЖШ-ЫН ДАРГА Д.ГАНЗОРИГ:
-Бид асуудлыг хуулийн дагуу шийдүүлнэ. Тухайн хэрэгт холбогдсон салаан дарга Г зохих ёсны дагуу шийтгэлээ хүлээнэ. Бидэнд ямар ч хаалт байхгүй. Сүүлийн хоёр жилд 12 хэрэг гарлаа гэж та хэлж байна. Надад ийм тоо алга. Энэ мэдээллийг та хаанаас авсан бэ. Хэрэг гарсан хамгийн оргил үе нь 2018, 2019 онууд байсан. Одоо 50 хувиар буурсан. Бидний авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байгаа боловч эцсийн дүндээ асуудал бүрэн шийдэгдээгүй байна. Гарч буй хэргүүдийг Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд дангаараа шийдэж чадахгүй.
-2016-2020 оны байдлаар хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 62 гарсан байна. Амиа алдсан хүн хоёр, гэр бүлийн хүчирхийлэл хоёр гарсан. Ёс суртахууны байдал дээр бид ажилладаг. Зэвсэгт хүчин өнгөрсөн 100 жилийн хугацаанд ёс зүйтэй ажилласаар ирсэн. Зэвсэгт хүчин рүү орж ирж байгаа хугацаат цэргийн албан хаагчид нийгмийн янз бүрийн давхаргаас, ялангуяа хамгийн амьдрал хүнд газраас ирж байна. Энэ бүх хүмүүстэй жилийн хугацаанд ажиллаад тухайн хүмүүсийг төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй. Сэтгэл зүйчийн хувьд цэргийн анги байгууллагууд дээр нэг хүн байгаа. Тэр нь Цэргийн төв эмнэлэгт ажилладаг. Бусад нь тодорхой хэмжээний сургалт төгссөн хүмүүс байдаг.
-Цэргийн цагдаагийн хэсгийг бий болгосон. Цэргийн цагдаагийн алба эргүүл хийх, дотоод албан дүрмийг хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллана. Энэ сардаа багтаагаад ажилд нь оруулна гэдгээ илэрхийллээ.
Сэтгэгдэл