Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хүүгийн “Ай Ти Би” компани З амын-Үүдэд ноёрхлоо тогтоожээ


 

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хүүгийн “Ай Ти Би” компани З амын-Үүдэд ноёрхлоо тогтоожээ

 

Замын-Үүдийн боомтоор Монгол Улсын нийт импортын 80 хувь дамждаг. Гэвч Монголд халдварын тоо буурч байгаа ч нас баралт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хятадын талаас Эрээний хилийн боомтын хяналтаа чангаруулж, гуравдугаар сарын сүүлчээр хилээ 15 хоног хаасан. Үүний улмаас Монголын экспорт гацаанд орж, хилийн боомтоор нэвтрэхээр 800 гаруй ачааны автомашины бөөгнөрөл өмнө үүссэн юм.

Гадаад харилцааны яамнаас Монгол Улсаас Хятадын Эрээн хотод суугаа Консулын газраар дамжуулан Эрээн хотын Ардын засгийн ордон, хилийн боомтын захиргаатай байнгын уулзалт хийж, шат дараатайгаар тээврийн хэрэгслийн тоог нэмэх чиглэлээр ажиллаж эхэлсэн билээ.

Энэ дагуу автомашинуудыг нэвтрүүлж эхэлсэн ч сүүлийн өдрүүдэд Хятадын тал мөн л зангаа хувирган өдөрт цөөн тооны машиныг нэвтрүүлж байгаагаас Замын-Үүдийн боомт дээр өнөөдрийн байдлаар 1400 автомашин дугаарлан зогсож, уртаас урт цуваа үүсчээ. Ингэснээр жолооч нар багадаа нэг сар зам дээр өнжихөөр болж, үүнийгээ дагаад тээврийн үнэ гурав дахин өсч, нэг тонн арматурын үнэ 3,1 сая төгрөг болж, нэмэгджээ.

Хамгийн гол нь, бусдын зовлонгоос ашиг хонжоо олох гэсэн бүлэг этгээдүүд байдаг. Ийм байдал ч Замын-Үүдийн боомтод нүүрлэжээ. Хэдхэн сайд, дарга нарын компани л тээвэр хийж, үүнийг дагаад авлига, хээл хахууль гаарчээ.

Тухайлбал, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар эл ноцтой асуудлыг газар нь очиж шийдвэрлэх учиртай. Гэтэл түүний хүү Х.Нямдоржийн "Ай Ти Би” тээвэр зуучийн компани Замын-Үүдэд ноёрхлоо хэдийнэ тогтоосон гэдгийг жолооч нар хэлж байна.

Тус компаниар л үйлчлүүл, эс бөгөөс хувь заяагаа дага гэх тохуурхсан үг ч гарсан гэх. Нөгөөтэйгүүр, танхимынх нь сайдын хүү Замын-Үүдэд ийнхүү "жаалж” буйг Ерөнхий сайдад дуулгаж өгөхийг хүсч, эл асуудалд анхаарлаа хандуулаасай хэмээсэн юм

Замын-Үүд боомтод энэ мэт хууль бус үйлдэл тасрахгүй байгаа учраас тагнуул, прокурорын байгууллагын ажилтнууд хилийн цэгт хяналт тавин ажиллаж байгаа. Харин Х.Нямдоржийн үйлдэл хаагуур нь өнгөрөөд байна вэ. Ямартай ч, зам дээр гацаад буй жолооч нарын хүсэлтийг Ерөнхий сайдад уламжиллаа. Дараа дараагийн арга хэмжээг төр, засгаас авч, хууль тогтоомжийг зөрчин дураараа авирлаж байгаа гэх Л.Халтар сайдын хүүгийн компанийн үйл ажиллагааг шалгаж, нягталбал яасан юм бэ.

У.Тэргэл 

Эх сурвалж: 24 tsag.mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.