Монгол Улс урд, хойноо хоёр том боомттой. Хойшоо ОХУ руу, урагшаа БНХАУ руу. Хойд боомтоос урд боомт хамгийн их ажиллагаатай. Монгол Улсын нийт хэрэглээ, импортын дийлэнх хувь нь урд хөршөөс орж ирдэг, гардаг.
Замын-Үүдийн хил гааль дээр сүүлийн нэлээд олон жил яригдаж байгаа, аж ахуйн нэгжүүдийн нурууг авч байгаа нэг зүйл байдаг. Тэр бол хүнд суртал, авлигын сүлжээ гэгддэг юм билээ.
Замын-Үүдийн боомтыг монголчууд хэзээнээсээ мэднэ дээ. Гаалийнхан, мэргэжлийн хяналтынхан гээд авлигын сүлжээнд хүн бүр нь ордог нь нууц биш болсон. Энэ нь ч олон жил бугшсан. Замын-Үүд дээд ажиллаж байгаа төрийн нэр барьсан бараг хүн бүхэн авлигын их бага үзүүрээс атгаж л суудаг гэх. Үүний баталгаа ч саяхан харагдлаа.
Урд хил дээр монголчуудын ачаабараа хэдэн сараар гацаж, төлдөг төлбөр нь хэдэн арав дахин нэмэгдээд байгаа. Гэтэл ачаа ингэж гацаж байгаа нь ердөө нэг ариутгалын хаалгатай холбоотой байжээ. Энд тэндээ цоолсон жижиг нэг өрөөний нэг ханын дайтай даавуугаар Монгол Улс ачаатай автомашиныг ариутгаж оруулж гаргадаг болж таарлаа. Хэн ч харахад ичмээр. БНХАУ-ын талаас ариутгалын хаалгаа стандартад нийцүүл гээд хилээ хаачихаад байгаа гэх. Ийм байхад арга ч үгүй.
Цоорхой тэр даавуугаа Замын-Үүдийнхэн Ерөнхий сайдад танилцуулж харагдлаа. Ерөнхий сайд ч "...Ийм байхад ч аргагүй ш дээ" гэж дуулдав.
Замын-Үүд бол Монгол Улсын хамгийн том боомт. Тэр хэрээр төрийн нэрийн өмнөөс олон зуун хүн ажилладаг, тэдэнд болон үйл ажиллагаанд нь зориулж улсын төсвөөс санхүүжилт ч өндөр тавигддаг газар.
Нөгөө талаар боомтын хөгжлөөр улсын хөгжил яригддаг. Харин тэнд байгаа дарга нар ариутгалын хаалгаа урд хөршөө гүйцдэггүй юм гэхэд стандартыг нь бараадсан хаалга бариулчихаж болно оо доо. Ядаж л төсөв санхүү нь хүрэлцэхгүй бол цар тахлын үед Монголын эдийн засгийг хөдөлгөж байгаа урд хилийнхээ экспорт, импортыг бодож Засгийн газарт асуудлаа танилцуулаад төсвөө нэмүүлж болно доо. Энэ бол хил гаалийн дарга нарт хөгжил гэхээс илүү тэндээс яаж мөнгө халааслах тухай зорилго өнө удаан жил дагширсаных гэсэн хардлага хамгийн түрүүнд бууж байна. Үүнийг ч учир мэдэх хүмүүс онцолж эхлээд байна.
Нөхцөл байдлыг харсан Ерөнхий сайд тэдэнд 30 хоногийн хугацаа өгөв. Энэ хугацаанд нөхцөл байдлаа сайжруул, чадахгүй бол ажлаа өг гэсэн сануулга давхар явсан.
Авлига, хүнд суртал үүрлэсэн Замын-Үүдэд анх удаа ийм сануулга очиж байна. Том боломж. Үүгээр л Замын-Үүдэд бугласан авлига гэгч идээ бээрнээс бага ч гэсэн салах боломжтой болж байна.
Харин Ерөнхий сайд хэлсэндээ хүрч, хатуухан шийдвэрийг гаргахыгг л харах үлдлээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР
Сэтгэгдэл