Баасан гарагт албан ёсоор нээгдэх Токио 2020 зуны олимпын наадамд оролцогчдоос илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол Мягмар гарагийн байдлаар 71 хүрлээ.
Өнөөдрөөс уг наадмын уралдаан тэмцээнүүд эхэлж байгаа юм. Лхагва гарагт софтболын гурав, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн зургаан тоглолт зохион байгуулагдахаар болжээ.
71 тохиолдлын 31 нь хилийн чанадаас ирсэн тамирчид, төлөөлөгчдөөс бусад нь зохион байгуулагч талын хүмүүсээс илэрсэн байна.
Олимпын наадамд олон мянган хүн оролцож байгаатай харьцуулбал 71 тохиолдол нь цөөнд тооцогдож байгаа.
Гэхдээ халдварын дэгдэлт олимпын хотхоноос хальж, нутгийн иргэдийг хамарвал томоохон эрсдэл үүсэхээр байна.
Олимпын хотхонд нийтдээ 11,000 тамирчид болон албаныхан байрлах юм.
Хэрвээ тамирчдын дунд халдвар тархалт огцом нэмэгдэж, нээлтийн арга хэмжээнд ивээн тэтгэгч компаниуд оролцохоос татгалзсаар байвал наадмыг цуцлах хувилбар нээлттэй байгааг зохион байгуулагчид нь өчигдөр мэдэгджээ.
Ивээн тэтгэгчдээс NTT, Fujitsu, NEC компаниудын албан тушаалтнууд, Toyota компанийн ерөнхийлөгч нар нээлтийн ажиллагаанд оролцохгүй болсноо мэдэгдсэн бол Toyota телевизийн дамжуулалтын үеэр сурталчилгаагаа явуулахгүй болсон байна.
Нөгөө талаар Япон улсын эзэн хаан Нарухито нээлтийн арга хэмжээнд оролцохоор болсныг ордны захиргаа өчигдөр мэдээлжээ. Харин хатан Масако оролцохгүй болсон байна.
Цар тахалтай холбоотойгоор нээлтийн үеэр хэлэх үгэндээ Нарухито хаан "баяр, наадам” гэсэн үгнүүдийг хэрэглэхгүй байж магадгүйг Япон улсын засгийн газрын төлөөлөгч мэдээлжээ.
Сэтгэгдэл