УИХ-д 11 сайдын нэрийг өргөн мэдүүллээ


УИХ-д 11 сайдын нэрийг өргөн мэдүүллээ

 

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.07.22/ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай болон Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг өргөн мэдүүллээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх санал хүргүүлжээ. Ийнхүү Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах 15 сайдаас 11 сайдын нэрийг өргөн мэдүүлж буйгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улсын Их Хурлын даргад танилцуулав.

 

 

Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах саналын үндэслэл нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар зэрэг болно. Монгол Улсын Засгийн газрын шинээр эмхлэн байгуулж байгаатай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн "Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг мөн боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.