Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг ЭМЯ танилцуулах үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан “SARS-CoV-2” вирусийн “Дельта” хувилбар болон урьдчилан сэргийлэх аргуудын талаар мэдээлэл өглөө.
Л.Энхсайхан: Өнөөдрийн байдлаар дэлхийн 180 улсад “Альфа” хувилбар, 130 улсад “Бета” хувилбар, 124 улсад дельта хувилбар тус тус бүртгэгдээд байна. Одоогоор илрээд байгаа “SARS-CoV-2” вирусийн хувилбарууд дундаас “Дельта” хувилбар халдварлах чадвар хамгийн өндөртэй, эрсдэлтэй вариантад тооцогдож байна.Тухайлбал, “Дельта” хувилбар нь тархах чадварын хувьд “Альфа” вариантаас 60 хувиар илүү байна. Аливаа вирус эзэн эстэй холбогдож, эсийн дотор орж өвчлүүлдэг. Ингэхдээ дельта вирусийн хувилбар эсийн дотор илүү амархан нэвтэрч, эд эсийг хурдан өвчлүүлдэг онцлогтой.
Мутацид ороогүй коронавирусийн анхны хувилбарын нүүц үеийн хугацаа дунджаар 5.2 байсан бол дельта вариант 4.4 хоног, өвчилсөн хүн халдвар тарааж эхлэх хугацаа дунджаар 12.9 байсан бол 6.7 хоног болж богиноссон.
Их Британид цар тахлын гурав дахь давлагаа “Дельта” хувилбараар үүсгэгдэж, 11 хоногийн дотор өвчлөлийн тоо 2 дахин нэмэгдсэн. Англи болон Шотландад хийгдсэн судалгаагаар дельта хувилбараар өвчилсөн хүнд эмнэлзүйн шинж тэмдэг богино хугацаанд илүү хүнд илэрч, өвчтөнүүд эмнэлэгт хэвтэх байдал альфа варианттай харьцуулахад хоёр дахин их байгааг тогтоосон. Австрали улсын гурван байршилд дельта хувилбарын том хэмжээний дэгдэлт үүссэнээр тус улсын хүн амын тал хувь нь хөл хорионд ороод байна.
Вакцинд хамрагдаагүй хүмүүс дельта хувилбараар илүү их өвчилж байгаа. АНУ-д коронавирусийн халдварын улмаас хүндээр өвчилж, эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн 97 хувь нь, нас барсан хүмүүсийн 95 хувь нь вакцинд хамрагдаагүй хүмүүс байсан гэх судалгаа хийгдсэн. Эрдэмтэд “SARS-CoV-2” вирус бол улирлын чанартай ердийн томуутай адилгүй. Томуугаас илүү аюултай, халдварлуулах чадвар өндөртэй. Тэр хэрээрээ нас баралт өндөр байгааг анхааруулж байгаа. Олон улсад вакцин коронавирусээс хэр удаан хамгаалах вэ, нэмж вакцины тун хийх хэрэгтэй юу, цар тахал хэр удаан үргэлжлэх вэ зэрэг дараа дараагийн судалгаанууд хийгдэж байна.
Вакцины тал дээр вакцин яг хамгаалж байгаа юм уу, яагаад хүмүүст Хятад вакцин тарьсан юм бэ зэрэг асуултууд ирж байгаа. Тэгвэл БНХАУ, ОХУ, “Pfizer” болон “AstraZeneca” вакцинуудын аль нь ч тухайн хүнийг коронавирусийн халдвараар өвчлөх, хүндрэл, нас баралтаас 85-100 хувь хамгаалж байгаа гэх судалгааны үр дүнгүүд гарсан. Өөрөөр хэлбэл вакцин үр дүнгүй гэдгийг үгүйсгэсэн судалгаанууд гарсан” гэлээ.
Сэтгэгдэл