Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын тохиолдлын тоо сүүлийн нэг сарын хугацаанд тогтвортой буюу нэг түвшинд байсан. Харин сүүлийн 14 хоногийн хугацаанд 1,500-аас доош тохиолдол өдөрт бүртгэгдэж эхэлсэн.
Гэсэн хэдий ч манай улсад коронавирусийн дельта хувилбар бүртгэгдлээ.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт батлагдсан 14 сорьцод шинжилгээ хийхэд нэг тохиолдлоос коронавирусийн дельта хувилбар бүртгэгдлээ.
Мөн гаднын улсуудад илгээсэн сорьцуудад ч дельта хувилбарын вирус бүртгэгдсэн.
Манай эрдэмтдийн баг сорьцуудад судалгаа шинжилгээг тогтмол хийж буй. Зургаадугаар сарын дундуур хийсэн 1,500 сорьцын шинжилгээний дүнг өмнө нь танилцуулж байсан. Харин одоо зургаадугаар сарын сүүл болон долдугаар сарын эхэнд бүртгэгдсэн сорьцуудын шинжилгээний үр дүн гарч эхнээсээ гарч байна.
Өөрөөр хэлбэл, зургаадугаар сарын 15-ноос өмнө сорьцуудад дельта хувилбарын зөвхөн зөөвөрлөгдсөн таван тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар гурван дельта хувилбар бүртгэгдээд байна.
Мөн зарим сорьцуудын шинжилгээ баталгаажаагүй байгаа бөгөөд энэ долоо хоногийн сүүлээр дүгнэлт гарна.
Бид Япон улс руу 200 сорьц илгээсэн. Мөн АНУ руу сорьцуудыг илгээсэн нь хараахан баталгаажиж дуусаагүй байна.
Дельта вирусийн тархалт өнөөдрийн байдлаар 114 улсад бүртгэгдээд байна. Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, вакцинд хамрагдах хэрэгтэй хэлье" гэв.
Үргэлжлүүлэн "Одоогоор манай улсад бүртгэгдэж буй халдварын тохиолдлын 80-90 хувьд нь коронавирусийн альфа хувилбар давамгайлж байгаа бол үлдсэн 10 хувь нь бусад хувилбар байх магадлалтай.
Гэхдээ дельта хувилбар нь альфаг бодвол маш хурдан хугацаанд тархах чадвартай бөгөөд уг хувилбараар өвчилсөн тохиолдлын 95-аас дээш хувь нь эмнэлэгт хэвтэх эрсдэлтэй. Энэ нь эмнэл зүйн шинж тэмдэг нь богино хугацаанд илэрдэг гэсэн үг.
Бид сорьцод илэрсэн тандалтыг хийж байгаа.
Улсын хэмжээнд 14,000 орыг зөвхөн COVID-ийн өвчтөнүүдэд зориулж дэлгэсэн. Өнөөдрийн байдлаар 9,900 гаруй орыг ашиглаж байна" гэдгийг нэмж хэллээ.
Сэтгэгдэл